Жил бүрийн 3-р сарын 8-ны олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол зөвхөн баяр тэмдэглэх өдөр биш, дэлхий даяар нийгмийн бүх салбарт эмэгтэйчүүдийн эрх, тэгш байдлын талаар ярилцаж, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлэх, тулгарч буй саад бэрхшээлийг хэлэлцэх чухал мөч юм.
Өнөөдөр технологи асар хурдтай хөгжиж, бидний амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж байна. Энэхүү дижитал шилжилтийн үед технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, тэдэнд нээгдэж буй шинэ боломжуудын талаар ярилцах нь чухал. Учир нь технологи бол зөвхөн шинэ төхөөрөмж, программ хангамж бүтээх тухай асуудал биш харин нийгмийн тэгш байдлыг бодитоор бий болгох, хүн бүрт ижил боломж олгох хүчирхэг хэрэгсэл юм.

Түүхийг бүтээгчид
Бид технологийн ертөнцийг ихэвчлэн эрэгтэйчүүд давамгайлсан салбар мэтээр төсөөлдөг. Гэвч бодит байдал дээр өнөөдрийн бидний ашиглаж буй суурь алгоритм, программчлалын хэлүүдийг эмэгтэйчүүд анхлан сэтгэж, бүтээсэн байдаг.
- Ada Lovelace (1815–1852): Тэрээр 1840-өөд онд Чарльз Бэббижийн “Аналитик машин”-д зориулж дэлхийн хамгийн анхны алгоритмыг боловсруулсан. Түүнийг дэлхийн анхны программист гэж үздэг. Ada Lovelace компьютерийг зөвхөн тоо бодогч биш, харин хөгжим зохиох, зураг зурах зэрэг бүтээлч үйл ажиллагаанд ашиглаж болно гэдгийг 200 жилийн өмнө таамагласан алсын хараатай нэгэн байв.
- Grace Hopper (1906–1992): Компьютерийн хэлийг 0 ба 1-ийн хослолоос гаргаж, хүнд ойлгомжтой англи үгсээр бичих (COBOL хэлний үндэс) боломжийг Grace Hopper нээсэн. Тэрээр анхны “compiler”-ийг бүтээснээр өнөөгийн программчлалын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан.
- Margaret Hamilton (1936–): Аполло 11 хөлгийг саран дээр буулгахад түүний багийн боловсруулсан “алдаанаас хамгаалах” программ (fault-tolerant software) шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр “Software Engineering” (Программ хангамжийн инженерчлэл) гэдэг нэр томьёог анх гаргаж ирсэн бөгөөд түүний бичсэн кодын гар бичмэлийг өөрийнх нь биеийн өндөртэй харьцуулсан зураг нь түүхэнд мөнхрөн үлджээ.
Технологи — Эмэгтэйчүүдийн “Эрх чөлөөний талбар”
Сүүлийн жилүүдэд интернет, дижитал технологи хөгжсөнөөр эмэгтэйчүүдэд боловсрол, ажил эрхлэлтийн шинэ боломж нээгдсэн. Онлайн сургалт болон олон төрлийн платформуудын тусламжтайгаар хаанаас ч шинэ ур чадвар эзэмших боломжтой болсон нь эмэгтэйчүүдийг технологийн салбарт ажиллахад хүч болж байна.
Мөн сошиал медиа, онлайн платформууд эмэгтэйчүүдэд өөрсдийн дуу хоолойг илэрхийлж байна. Жишээ нь MeToo movement хөдөлгөөн нь сошиал медиагаар дамжин дэлхий даяар тархаж, олон эмэгтэйчүүд хүчирхийлэл болон ялгаварлалын эсрэг нээлттэй ярих боломжтой болсон.

Технологийн салбар дахь сорилтууд
Гэсэн хэдий ч технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо тэгш бус хэвээр байна. Программ хангамжийн инженер, дата шинжээч зэрэг мэргэжлүүдэд эмэгтэйчүүдийн хувь харьцангуй бага байдаг. Мөн технологийн компаниудын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дутмаг байгаа нь ажиглагддаг.
Үүний нэг шалтгаан нь “технологи бол эрчүүдийн салбар” гэх хуучинсаг үзэл юм. Гэвч бодит байдал дээр технологи зөвхөн код бичихээс гадна, бүтээлч сэтгэлгээ, логик гаргалгаа, багийн ажиллагаа зэрэг ур чадвар шаарддаг. Эдгээр нь хүйсээс үл хамааран хүн бүрт байх ёстой чадвар бөгөөд олон талт оролцоо байснаар технологи илүү хүнлэг, хүртээмжтэй, бүтээлч шийдлүүдийг гаргаж чадна.

Дижитал эрин үе нь эмэгтэйчүүдэд шинэ боломжуудыг нээж, нийгэм дэх тэдний оролцоог шинэ шатанд гаргаж байна. Гэхдээ ирээдүйд технологийн салбарыг илүү хүртээмжтэй, тэгш болгохын тулд зөвхөн боломж нээх төдий бус, чанартай боловсрол, эмэгтэйчүүдийн манлайлал болон хүн бүрт шударгаар үйлчлэх технологийг цогцлоох шаардлагатай.