Интернетийг ашиглах үед бидний хайлтын түүх, хэрэглээний өгөгдөл хадгалагдаж, зарим тохиолдолд гуравдагч этгээдэд ил болж болзошгүй. Үүнээс зайлсхийхийн тулд Incognito горимыг ашигладаг. Гэхдээ энэ үнэхээр бидний хувийн нууцыг бүрэн хамгаалж чаддаг болов уу?
Incognito горим гэж юу вэ?
Incognito (Chrome), Private Mode (Firefox, Safari), InPrivate Mode (Edge) гэх мэт нэршлүүдтэй энэ горим нь хэрэглэгчийн хайлтын түүх, күүки болон бусад түр зуурын өгөгдлийг хадгалахгүйгээр интернет ашиглах боломжийг олгодог. Үүнийг идэвхжүүлснээр таны орсон сайтууд болон хайлтын түүх тань тухайн төхөөрөмж дээр хадгалагдахгүй бөгөөд хөтчийг хаасны дараа бүх өгөгдөл устдаг.

Incognito горим юунаас хамгаалдаг вэ?
Incognito горимыг ашиглах нь таны хайлтын түүх, күүки болон автоматаар бөглөгдсөн нууц үгсийг хадгалахгүй байх давуу талыг олгодог. Энэ нь олон нийтийн компьютер эсвэл хуваалцсан төхөөрөмж ашиглах үед таны хувийн мэдээлэл бусдад ил гарахаас сэргийлэх нэг арга юм. Мөн нэгэн зэрэг олон аккаунтаар сайт руу нэвтрэх боломжийг олгодог тул хувийн болон ажлын аккаунтаа зэрэг ашиглахад тохиромжтой.

Incognito горим юунаас хамгаалж чадахгүй вэ?
Хэдийгээр Incognito горим таны хайлтын түүхийг хадгалахгүй ч таны интернет үйлчилгээ үзүүлэгч (ISP), ажил олгогч, сургуулийн сүлжээний администраторууд таны үйл ажиллагааг хянах боломжтой хэвээр үлдэнэ. Түүнчлэн, зарим вэбсайтууд таны IP хаяг болон төхөөрөмжийн мэдээллийг хадгалж, ашиглах боломжтой байдаг. Хэрэв таны компьютер хортой программд өртсөн бол Incognito горим таны мэдээллийг хамгаалж чадахгүй бөгөөд мөн та энэ горимыг ашиглаж байгаа ч гэсэн зарим вэбсайтууд таныг хянасаар байх магадлалтай.

Хувийн нууцыг хэрхэн илүү сайн хамгаалах вэ?
Хэрэв та илүү найдвартай нууцлал хүсэж байгаа бол Incognito горимоос гадна дараах нэмэлт хамгаалалтын аргуудыг хэрэглэх нь зүйтэй:
- VPN ашиглах: Энэ нь таны интернет холболтыг шифрлэж, IP хаягийг тань нуух бөгөөд таны интернэт хэрэглээг гуравдагч этгээдүүд хянахаас хамгаална.
- Аюулгүй хайлтын системүүд ашиглах: DuckDuckGo зэрэг хайлтын системүүд нь хэрэглэгчийн өгөгдлийг хадгалдаггүй тул хувийн нууцыг илүү хамгаалдаг.
- Хөтөчийн өргөтгөлүүд ашиглах: uBlock Origin, Privacy Badger зэрэг өргөтгөлүүдийг ашигласнаар вебсайтуудын танд чиглэсэн хяналт, зар сурталчилгааг хязгаарлаж болно.

Дүгнэлт
Incognito горим нь интернет хөтчийн дотоод өгөгдлийг хадгалахаас сэргийлдэг боловч энэ нь таны интернэт хэрэглээг бүрэн нууцлахгүй. Хэрэв та илүү өндөр түвшний хувийн нууцлал хүсэж байвал VPN ашиглах, өгөгдөл хадгалдаггүй хайлтын системүүд хэрэглэх, мөн нэмэлт хамгаалалтын програмууд суулгах хэрэгтэй. Тиймээс Incognito горимыг бүрэн хамгаалалт гэж бодох нь өрөөсгөл бөгөөд хувийн мэдээллээ хамгаалахын тулд илүү олон давхар хамгаалалтын аргуудыг ашиглах шаардлагатай.