
Хэдэн жил бид үүлэнд итгэж ирсэн. Чимээтэй серверүүд, гялалзсан гэрэлтэй өгөгдлийн төвүүд, хэзээ ч унаж мэдэх халуун хайрцгууд. Гэхдээ эдгээр нь интернетийн тархи болж, Netflix-ийн асар их урсгал, ChatGPT-ийн олон тэрбум хариултуудийг зохицуулсаар ирсэн билээ.
Гэвч тогтсон энэ загвар хятадуудад таалагдсангүй. Мэргэжилтнүүд хөргөлтийн шинэ систем бүтээхэд анхаарлаа төвлөрүүлж байх үед хэдхэн сарын өмнө тэсрэлт хийн гарч ирсэн “DeepSeek” өөрсдийн дата төвийг хэний ч төсөөлөөгүй газарт байрлуулахаар шийджээ.
Үүл хүчтэй гэхдээ Хүнд
Үүлэн технологи хүчтэй боловч дараах сул талтай:
- Эрчим хүч их ашигладаг: Серверүүдийг хөргөх нь маш их эрчим хүч зарцуулдаг. Дулааны өндөр хэрэглээтэй.
- Өндөр зардалтай: Газрын үнэ, засвар үйлчилгээ, цахилгаан эрчим хүчний зардал асар өндөр.
- Байршил: Эрчим хүчтэй ойр байршил олох нь зардал өндөр.

GPT-4, Gemini, DeepSeek зэрэг Ai загварууд нь тогтмол тэрбум параметрүүдтэй болж өргөжих тусам тэдэнд их хэмжээний хүчин чадал шаардлагатай болдог. Энэ их хүчний нөөцийг хаана байрлуулах вэ?
Тэгвэл далай дорхи өгөгдлийн төв
Хятад улс саяхан Хайнан мужийн эргийн дагуу далай дорхи өгөгдлийн төв байгуулсан байна.

Хөргөх ёстой бол хүйтэн усанд хийчихье
Shenzhen HiCloud-ын бүтээсэн энэ төв нь 7,000 DeepSeek чатыг нэгэн зэрэг ажиллуулах чадвартай бөгөөд далайн усны байгалийн хөргөлтөөр халууны асуудлыг шийднэ.
Далайн ёроолд байрласан өгөгдлийн төвүүд нь газар дээрх уламжлалт дата төвүүдтэй харьцуулахад хэд хэдэн томоохон давуу талтай. Юуны өмнө, байгалийн хөргөлтийн систем нь далайн хүйтэн усыг ашиглан серверүүдийг тогтвортой температурт хадгалдаг. Энэ нь цахилгаан зарцуулалтыг эрс бууруулж, эрчим хүчний хэрэглээг хэмнэх маш үр дүнтэй арга юм.
Мөн далайд суурилсан төвүүд нь газрын шаардлагагүй тул өндөр өртөгтэй газар худалдан авах, барилга барих хэрэгцээг арилгаж, зардлыг багасгана. Хөдөлгөөнт хэсэг цөөнтэй учир засвар үйлчилгээ багатай, ашиглалтын хугацаа урт байдаг.


Нэмж дурдахад, энэ төрлийн төвүүд нь аюулгүй байдал болон хамгаалалт талаасаа онцгой давуу талтай. Байгалийн гамшиг, дотоод халдлага зэрэгт өртөх магадлал бага. Түүнчлэн тэдгээрийг ойрхон далайн кабель сүлжээнд холбож, өндөр хурдны интернет холболт бүхий оновчтой байрлал үүсгэх боломжтой.
Ингэснээр, далайн ёроолд байрласан дата төвүүд нь ногоон, үр ашигтай, найдвартай, ирээдүйн тогтвортой технологийн шийдэл болон хөгжиж байна.
Онцлох:
- Далайн ус бол байгалийн хөргүүр (сэнс, агааржуулагч шаардлагагүй).
- Урсгал зардал бага: засвар үйлчилгээ багасч, ажиллах хугацаа нэмэгдэнэ.
- Газар шаардлагагүй: ус, кабель, цахилгаан байхад хангалттай.
Энэ зөвхөн серверээр дүүрсэн ферм биш. Энэ бол далайн гүн дэх бодит, цахилгаанжсан экосистем.
Тэгвэл ирээдүйд тэсрэлт хийх Ai загвар Силикон Хөндийд биш, харин далайн дор төрөх үү?