fbpx

ЛОС АНЖЕЛЕС (AP) — “Spirited Away” болон бусад алдартай кинонуудаараа алдартай Японы Studio Ghibli анимейшн студийн шүтэн бишрэгчид энэ долоо хоногт баяртай байв. Учир нь ChatGPT-ийн шинэ хувилбар тэдэнд интернетийн алдартай миймүүд эсвэл хувийн зургуудыг Ghibli-г үндэслэгч Хаяао Мияазакигийн өвөрмөц хэв маягт хөрвүүлэх боломжийг олгосон юм.

Гэвч энэ чиг хандлага нь хиймэл оюуныг зохиогчийн эрхтэй бүтээлүүд дээр сургаж байгаа нь ёс зүйн хувьд ямар асуудал дагуулах талаар, мөн ирээдүйд хүний уран бүтээлчдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөхийг анхааралд оруулав. Гараар зурдаг, зөгнөлт өгүүлэмжээрээ алдартай 84 настай Мияазаки AI-г анимейшнд ашиглах талаар эргэлзээтэй ханддаг.

Ghibli-ийн хэв маягийг олон алдартай зургууд дээр хэрэглэжээ. Жишээлбэл, 2024 оны Олимпын мөнгөн медаль хүртэх замдаа футболк өмсөөд, нэг гараа халаасандаа хийсэн байдлаар харагдах Туркийн гар бууны тамирчин Юсуф Дикечийн энгийн төрх, эсвэл шатаж буй байшингийн ард зогсох охин гэх мэт олон алтартай “Мийм” зургууд Ghibli маягтай болгон хөрвүүлэгдэж олны “Hype” байна.

ChatGPT-г бүтээсэн OpenAI компани нь өөрийн гол бүтээгдэхүүн болох чатботтой холбоотой зохиогчийн эрхийн шүүхийн хэргүүдтэй тулгарч байгаа ч “Ghibli-чилсэн” туршилтуудыг голчлон дэмжсэн. Тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман хүртэл өөрийн X (хуучнаар Twitter) профайлын зургаа Ghibli хэв маягаар сольжээ.

OPENAI нь компани шинэ хэрэгсэл нь уран бүтээлчдийн гоо зүйн онцлогийг дуурайхдаа “болгоомжтой хандлага” баримтлах болно гэжээ.

“Амьд уран бүтээлчдийн хэв маягаар зураг үүсгэх оролдлого хийх үед идэвхжих татгалзах механизм нэмж оруулсан,” гэж тус компанийн тайланд дурджээ. Гэхдээ мөн компанийн мэдэгдэлд “өргөн хүрээний студийн хэв маягийг зөвшөөрдөг — хүмүүс үнэхээр урам өгсөн, сэтгэл хөдөлгөм фен бүтээлүүдийг үүсгэж, хуваалцаж байна” гэж нэмэгдсэн байна.

Японы Studio Ghibli энэ баасан гарагт тайлбар өгөхөөс татгалзжээ.

Хэрэглэгчид Ghibli хэв маягийн зургаа сошиал медиа дээр хуваалцаж эхлэхийн хэрээр Мияазакигийн өмнө нь хиймэл оюуны анимейшнтэй холбоотой хэлсэн үгс дахин гарч ирэв. 2016 онд Мияазакид хиймэл оюуны демо үзүүлсэн үед тэрээр “үнэхээр жигшмээр санагдлаа” хэмээн хэлсэн байдаг. Энэхүү харилцааны бичлэгийг баримтат кинонд буулгасан байна. Уг демог үзүүлсэн хүн нэгэн биеийг толгойгоороо чирж буй, татганасан хөдөлгөөнтэй дүрслэл харуулсан бөгөөд AI нь “хүмүүсийн төсөөлөхийн аргагүй зэрлэг хөдөлгөөнийг бий болгож чадна” гэж тайлбарласан. Үүнийг зомби дүрслэлд ашиглаж болно гэж тэр нэмж хэлжээ.

Энэ нь Мияазакиг нэгэн түүх өгүүлэхэд хүргэжээ.

“Өглөө бүр, сүүлийн үед биш ч, би хөгжлийн бэрхшээлтэй найзтайгаа уулздаг байсан,” гэж Мияазаки ярьжээ. “Түүнд ердөө high five хийх ч хэцүү; булчин нь хөшсөн гараа өргөөд миний гар хүрэх ч боломжгүй. Түүнийг бодоод энэ зүйлийг харж суухад огт сонирхолтой санагдахгүй байна. Ийм зүйл хийж байгаа хүмүүс өвдөлт гэж юу байдгийг мэддэггүй бололтой.”

“‘Howl’s Moving Castle’ эсвэл ‘Spirited Away’ кинонуудаас дурын нэг хэсгийг зогсоож харахад тодорхой зүйлсийг зааж хэлж болно. Дараа нь хиймэл оюунаар үүсгэсэн зургуудыг харахад яг ижил эсвэл маш төстэй элементүүд орсон байхыг харж болно,” гэж тэр хэлжээ. “Зүгээр л ‘Хэв маяг нь зохиогчийн эрхээр хамгаалагддаггүй’ гэдгээр зогсох нь энэ асуудлыг бүрэн ойлгож байгаа хэрэг биш.”

Мияазакигийн кинонуудыг үзэж өссөн, өдгөө хиймэл оюуны дүрс үүсгэгч загваруудыг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн бөгөөд түүний хэрэг одоогоор шийдэгдээгүй яваа зураач Карла Ортиз үүнийг “OpenAI зэрэг компаниуд уран бүтээлчдийн хөдөлмөр, амьжиргааг үнэлдэггүйг харуулсан нэг тод жишээ” хэмээн нэрлэжээ.

“Энэ бол Ghibli-гийн брэнд, нэр хүнд, уран бүтээл, алдрыг ашиглан (OpenAI-ийн) бүтээгдэхүүнийг сурталчилж байна гэсэн үг,” хэмээн Ортиз хэлжээ.

Ортизийн уур хилэнг улам бүр бадраасан явдал нь Пүрэв гарагт Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа уг мийм чиг хандлагад нэгдэж, Цагаан ордны албан ёсны X (хуучнаар Twitter) хуудаснаа АНУ-ын цагаачлалын албаныханд саяхан баривчлагдсан Доминикан улсын нэгэн уйлж буй эмэгтэйн Ghibli хэв маягаар зурсан зургийг нийтэлсэн явдал байв. Тус зургийг хэрхэн бүтээснийг тодруулах хүсэлтэд Цагаан ордон болон OpenAI шууд хариу өгөөгүй байна.

“Мияазакигийн гайхамшигтай, гэрэл гэгээтэй бүтээлийг ийм бузар зүйл бий болгоход ашиглаж байна гэдгийг харахад үнэхээр сэтгэл эмзэглэмээр,” хэмээн Ортиз сошиал хаягтаа бичиж, Studio Ghibli энэ асуудлаар OpenAI-ийг “үнэхээр сайн шүүхэд өгөөсэй” хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

нийтлэл бичсэн: Б.Сайнбаяр

Leave a Reply