Өдөр тутмын амьдралдаа бид мэдэлгүйгээр олон төрлийн өгөгдөл үүсгэж, дамжуулж байдаг. Гар утсаа ашиглах, сошиал сүлжээнд нэвтрэх, ямар нэг зүйл хайх зэрэг үйлдэл бүр бидний тухай мэдээллийг цуглуулж, боловсруулж байдаг. Эдгээр өгөгдөл дээр тулгуурлан системүүд бидний сонирхол, зуршлыг тодорхойлох төдийгүй зарим тохиолдолд биднээс илүү сайн “таних” боломжтой болжээ. Тэгвэл өгөгдөл үнэхээр бидний тухай биднээс илүү мэддэг болсон уу?
Бид өдөр бүр ямар өгөгдөл үүсгэдэг вэ?
Бид өглөө сэрэнгүүтээ гар утсаа нээж, цаг харж, мэдээ шалгаж эхэлдэг. Энэ энгийн үйлдэл хүртэл цаг, байршил, апп ашиглалт зэргээр дамжин өгөгдөл болон бүртгэгддэг. Сошиал сүлжээнд юу лайк дарсан, юунд удаан саатсан, ямар түлхүүр үг хайсан зэрэг нь таны хандлага, сонирхол, амьдралын хэв маягийг илтгэх өгөгдөл болж хувирдаг.
Энгийнээр хэлбэл, бид өдөр тутамдаа нэг төрлийн “өгөгдлийн мөр” үлдээж байдаг бөгөөд тэр мөрөөр биднийг ойлгох боломж гарч ирдэг аж.

Алгоритмууд биднийг хэрхэн таньдаг вэ?
Алгоритмууд бол бидний өгөгдлийг боловсруулж, таны өмнөөс шийдвэр гаргах шахуу систем юм. Та Netflix-ээр нэг төрлийн кино үзэхэд дараагийн үзэх контентыг санал болгох нь үүний тод жишээ. YouTube, TikTok, Spotify ч мөн адил — таны сонирхож магадгүй бичлэгийг урьдчилан харуулж чаддаг.
Эдгээр нь маш олон хэрэглэгчийн өгөгдөл дээр сурсан, хэрэглэгчийн зан төлөвийг таамаглах чадвартай системүүд бөгөөд та анзаараагүй ч таныг ямар зүйл сонирхдог, ямар төрлийн хүн гэдгийг тодорхой хэмжээнд таниж чаддаг.

Өгөгдөл зөвхөн өнгөрснийг биш, ирээдүйг ч таамаглаж чадна
Amazon зэрэг томоохон цахим худалдааны платформууд хэрэглэгчийн өмнөх худалдан авалт, хайлтын түүх, бараа үзсэн байдал зэрэг мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийдэг. Үүний үндсэн дээр хэрэглэгчийн сонирхол, зан төлөвийг тодорхойлж, ямар бүтээгдэхүүнийг дараагийн удаа сонирхох магадлалтайг урьдчилан таамаглах боломжтой болдог.
Жишээлбэл, хэрвээ та сүүлийн үед гадаад аялалтай холбоотой ном, чемодан үзэж байсан бол танд аяллын дагалдах хэрэгсэл санал болгож эхэлнэ. Энэ нь зөвхөн хэрэглэгчийн өнгөрсөн үйлдлийг бүртгэх биш, цаашдын шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц түвшинд өгөгдөл ашиглагдаж байгааг илтгэнэ. Ингэснээр хэрэглэгчийн ирээдүйн худалдан авалтыг хялбарчилж байгаа ч нөгөө талаар сонголтыг далд байдлаар чиглүүлж байна гэсэн шүүмжлэл ч бий.

Давуу ба сул тал: Туслагч уу, хянагч уу?
Өгөгдөлд суурилсан системүүд хэрэглэгч бүрт тохирсон үйлчилгээ, мэдээллийг хурдан хүргэх боломж олгодог нь өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, үр ашигтай болгодог. Жишээлбэл, таны сонирхол, хэрэглээнд үндэслэн платформууд тохирсон санал, контент санал болгодог нь цаг хэмнэхэд тусалдаг. Гэсэн хэдий ч энэ нь хувийн нууцлалын зөрчил, өгөгдлийг буруугаар ашиглах эрсдэлийг дагуулдаг. Түүнчлэн, алгоритмууд зөвхөн хэрэглэгчийн өмнөх үйлдэлд тулгуурлан мэдээлэл санал болгодог тул сонголтын цар хүрээ хязгаарлагдаж болзошгүй. Иймээс өгөгдлийг хариуцлагатай, ёс зүйтэй ашиглах нь өнөө үед зайлшгүй чухал асуудал болоод байна.

Дүгнэлт: Өгөгдөл бидний тухай биднээс илүүг мэддэг үү?
Тодорхой хэмжээнд тийм. Өгөгдөл бидний зуршил, хандлага, цаашдын сонголтыг урьдчилан таамаглах чадвартай болжээ. Энэ нь технологийн дэвшлийн нэг хэсэг хэдий ч бидний хувийн мэдээлэлтэй ухаалгаар харьцах шаардлагыг нэмэгдүүлж байна. Хувийн мэдээллээ хамгаалах, тохиргоог хянах, мэдээлэлтэй байх нь хариуцлагатай хэрэглээний үндэс юм. Иймд өгөгдлийг бид удирдаж, өөрсдийн хэрэгцээнд ашиглах ухамсартай хэрэглэгч байх нь чухал.