Хүн төрөлхтөн мэдээллийг хамгаалах, нууцлах шаардлагатай нүүр тулгарсаар ирсэн бөгөөд энэ зорилгоор олон арга барил, технологийг боловсруулан ашиглаж ирсэн байдаг. Түүхэн хэрэглэгдэж байсан мэдээлэл нууцлах буюу криптографын аргуудаас зарим алдартайг нь танилцуулж байна.
Эртний арга
Цезарийн шифр
Ромын эзэн хаан Юлий Цезарь өөрийн армийн тушаал, мэдээллийг хамгаалахын тулд шифрлэлтийн аргыг ашиглаж байсан. Үүнд, тухайн бичвэрийн үсгүүдийг тодорхой тооны алхмаар шилжүүлэх замаар нууцалдаг байв.
Скитал (Scytale)
Эртний Грекчүүд урт туузан арьс эсвэл цаасан дээр үсгүүд бичин тохирох диаметртэй цилиндрийг ороох үед л унших боломжтойгоор ашигладаг байсан.
Дайны тулаанд цэрэг зэвсгээс гадна дайсны хүчинд мэдээллээ алдалгүй дамжуулах, хадгалах зэрэг нь бас нэгэн давуу тал болдог. Дээрх 2 баримтаас хүчирхэг эзэнт гүрнүүд өөрсдийн шифрлэлтийн аргатай байсан нь харагдаж байгаа байх.
Уламжлалт арга
Бидний мэдэх өөрийн гэрэлдээ л харагддаг тусгай бэхтэй үзгүүд МЭӨ 4-р зууны үеэс эхтэй. Бэхийг жүрж, алим зэргийн шүүстэй нэгтгэх үед бичихэд харагдахгүй, халаах үед харагддаг болдог. Мөн бэхээ зарим химийн элементүүдтэй холин, тохирох урвалаар л уншихаар хийдэг байжээ.
Акростик
Нэг бичвэрт хоёр санаа шингээн
Утга юуг нь далдлах гэдэг
Ухаан санаа хурц
Цэцэн хүний л ажил гэлтэй
Энэхүү бичвэрийг ажиглавал мөрийн эхний үсгүүд НУУЦ гэх үгийг үүсгэж байна. Иймэрхүү үгийн дундах үсгүүд, өгүүлбэрийн дундах үгнүүдээр нууц мэдээлэл дамжуулах арга ашигладаг байсан ч шүлэглэсэн хэлбэр, хялбар мэдэгдэх зэрэг их сул талтай.
Хоёрдмол утга
...Би дээрээ хөх торгон дээвэртэй, доороо ногоон торгон олбогтой, ардаа 10 хүн түшлэгтэй байна. Үргэлжийн 2 хөхүүр сүүтэй өдрийн 1000 түмэн хонин хүнстэй байна. Их жаргалыг эдэлж байна...
~Цэцэн бэрийн үлгэрийн хэсгээс~
Код нэр
Ямар нэгэн үйл хэрэг, утга илэрхийлэх үгсийг цөөн тооны хүмүүс дундаа тохирон ашиглах. Монголчуудын хэлц үгнүүдээр зүйрлүүлж болох юм. 2 яс салах нярайлахыг илтгэдэг шиг тухайн үгний шууд утгыг зөвхөн хэрэглэж заншсан хүмүүс л ойлгохоор ашиглах юм.
Шинжлэх ухааны (Математик) аргачлалууд
Полибий (Polybius) квадрат
МЭӨ 4-р зуун буюу эртний Грекийн философич Полибий үсгийг тоон матрицын тусламжтайгаар кодлох системийг боловсруулсан нь аюулгүй шифрлэх болон шифрийг тайлахад хялбар байжээ.
Виженерийн (Vigenère) шифр
16-р зууны үед боловсруулсан Виженерийн шифр нь олон түлхүүртэй шифрлэлтийн систем бөгөөд тухайн үсгийг олон янзаар шифрлэх боломжийг олгодог байв.
Дэлхийн II-р дайнд Германы ашиглаж байсан Энжигма машин бусад орныхон огтхон ч тайлж чадахгүй, тухайн цаг үеийнхээ хамгийн нарийн шифрлэлт байсан ч захидал болгоны төгсгөлд ижилхэн тэмдэгтүүд байгааг анзаарч түүнийг нь Германчуудын хэрэглэдэг “Хаи Гитлер” гэх үг гэж таамаглан амжилттай тайлж байсан гэх яриа байдаг.