Бид интернэтэд зураг оруулж, и-мэйл бичиж, онлайн дэлгүүрээр хэсэх бүрт дата буюу өгөгдөл үүсэж байдаг. Гэвч тэдгээр мэдээллийн асар их хэсэг нь яг л далайн ёроолд хаягдсан авдартай алт шиг хэнд ч ашиглагдалгүй харанхуйд үлддэгийг та мэдэх үү?
Dark Data гэж юу вэ?
Байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагааны явцад асар их мэдээлэл цуглуулдаг ч түүнийхээ 80% орчмыг огт ашиглалгүй зүгээр л хадгалдаг. Үүнд хуучирсан лог файлууд, ашиглагдаагүй хэрэглэгчийн мэдээлэл, боловсруулагдаагүй аудио болон видео бичлэгүүд багтана. Эдгээр нь серверийн санах ойг дүүргэж, зардлыг нэмэгдүүлсээр байдаг.

Өгөгдөл олборлолт: Харанхуйг гэрэлтүүлэх нь
Их хэмжээний ашиглагдаагүй өгөгдөл дундаас хэрэгтэй зүй тогтол, давтагддаг хэв маягийг олж илрүүлэхийг Data Mining буюу өгөгдөл олборлолт гэдэг.
Өөрөөр хэлбэл, асар их мэдээллийн овоо дундаас үнэхээр үнэ цэнтэй хэсгийг нь ялгаж авах үйл явц юм.
Орчин үеийн IT мэргэжилтнүүд тусгай алгоритм ашиглан энэ харанхуй мэдээллийг боловсруулж, байгууллагад ашигтай шийдвэр гаргах, шинэ санаа, дүгнэлтийг гаргаж авдаг.

Урьдчилан таамаглах
Харанхуй өгөгдөл гэдэг нь зүгээр хадгалаад орхисон файл биш юм. Хэрэв бид түүнийг зөв анализ хийж чадвал ирээдүйг ойлгоход туслах цонх болж чадна.
Predictive Analytics буюу урьдчилан таамаглах шинжилгээ нь өмнөх жилүүдийн өгөгдлийг судалж, дараа нь юу болох магадлалтайг тооцоолдог арга юм.
Жишээлбэл: Өмнөх борлуулалтын мэдээлэл дээр анализ хийснээр ирэх улиралд ямар бүтээгдэхүүн илүү эрэлттэй байхыг таамаглаж болно. Ингэснээр байгууллага таамгаар биш, бодит өгөгдөл дээр тулгуурлан стратегиа төлөвлөх боломжтой болдог.

Green IT
Харанхуй өгөгдөл гэдэг нь зүгээр л хадгалагдаж байгаа хэрэггүй файл биш байгаль орчинд ч нөлөөлдөг.
Хэрэггүй мэдээллийг хадгалж байгаа дата хадгалдаг төвүүд өдөр шөнөгүй ажилладаг тул маш их цахилгаан зарцуулдаг. Илүү их сервер, илүү их эрчим хүч, илүү их CO₂ ялгаруулалт. Тиймээс хэрэггүй өгөгдлийг цэгцлэх, устгах, зөв удирдах нь зөвхөн зардал хэмнэх биш, байгальд ээлтэй алхам юм. Үүнийг Green IT буюу байгальд ээлтэй технологийн бодлого гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, датагаа зөв удирдах нь дэлхийдээ ээлтэй байх нэг хэлбэр юм.

Мэдээллийн аюулгүй байдал ба ёс зүй
Ашиглагдахгүй хадгалагдаж байгаа өгөгдөл нь зөвхөн боломж биш, бас эрсдэл байж болно.
Харанхуй өгөгдөл дунд мартагдсан хувийн мэдээлэл (Жишээлбэл: Регистрийн дугаар, утасны дугаар, дүнгийн мэдээлэл) хадгалагдсан хэвээр байж болдог. Хэрэв энэ мэдээлэл хамгаалалтгүй бол кибер халдлагад өртөх эрсдэлтэй. Тиймээс байгууллага мэдээллээ зөв ангилж, шаардлагагүй болсон өгөгдлийг устгаж, хамгаалалтыг сайжруулах ёстой. Үүнийг Data Governance буюу өгөгдлийн зөв удирдлага гэж нэрлэдэг.

Дүгнэлт
Dark Data гэдэг нь дижитал ертөнцөд ашиглагдаагүй үлдсэн хамгийн том нөөц юм. Хэрэв бид үүндээр зөв анализ хийж чадвал энэ нь мэдээлэл шинжлэх ухаан, технологи, бизнесийн салбарт шинэ санаа, шинэ боломжуудыг нээх хүчирхэг хэрэгсэл болж чадна.