fbpx

Та өмнө нь хүнд микрочип суулгах талаар сонсож эсвэл бодож байсан уу? Та гадуур явах үедээ төлбөрийн карт, мөнгө, мобайл банк зэрэг мөнгөн дэвсгэрт, төлбөрийн хэрэгслүүд биедээ авч явалгүй дэлгүүр хэсээд хоолонд ороод явна гээд төсөөлөөд үздээ. Мэдээж тийм зүйл боломжгүй мэт санагдаж байгаа биз? Гэвч үгүй дээ, энэхүү сэдэв нь 1900 оны сүүлээс судлагдаж, микрочип гэх зүйлийн талаар одоог хүртэл туршилт хийн хөгжиж байгаа юм. Энэхүү сэдвийн талаар танд товчхон мэдээлэл өгье.

Аливаа электрон төхөөрөмжийг хүний биед (арьсан доор) тарилгын аргаар суулгахыг хүний микрочип суулгац гэнэ. Жишээ нь силикатан шилээр хийгдсэн микрочипийг хүн биедээ суулгаж радио долгионоор /давтамжаар/ таних системтэй бүх төхөөрөмжид уншуулан ашиглах боломжтой байдаг. Ийм төрлийн микрочип суулгац нь ихэвчлэн тухайн хүний өвчний түүх, иргэний үнэмлэх, гэмт хэргийн бүртгэл зэрэг мэдээллийг агуулсан ID-тай байдаг байна. Радио долгионоор таних системтэй бүх төхөөрөмжид уншуулан ашиглах боломжтой гэдэг нь та гартаа микрочип суулгаад л чип уншдаг бүх төрлийн төлбөрийн хэрэгсэл болон мэдээллийн санд ашиглах боломжтой гэсэн үг юм.

Нэгэн тод жишээ нь, Patrick Paumen гэх Нидерланд эр ресторан болон дэлгүүр хэсэх үед төлбөр хийх болгондоо шуугиан дагуулдаг байна. Учир нь энэхүү 37 настай эрэгтэйд банкны карт эсвэл мобайл банк зэрэг төлбөрийн хэрэгсэл хэрэггүй. Харин оронд нь микрочип суулгасан гараа чип уншдаг төлбөрийн машинд ойртуулах төдийд төлбөрөө төлдөг байна.

Paumen хэлэхдээ “Худалдагчдын гаргаж буй хариу үйлдэл маш сонирхолтой бас хөгжилтэй байдаг” гэж байжээ. Тэрээр 2019 онд гартаа төлбөрийн микрочип суулгаснаас хойш төлбөрөө гараараа төлдөг болсон байна. Мөн “чип суулгах үед гарыг чинь чимхэж байгаа мэт л өвддөг” хэмээн хэлж байжээ.

Анхны радио долгионоор таних зориулалттай микрочипийн туршилтыг 1998 онд Британын эрдэмтэн Кэвин Варвик хийсэн байна. Энэхүү туршилт нь хаалга онгойлгох, гэрэл асааж унтраах зэрэг зүйлсийг хийж байжээ. 9 хоногийн дараа суулгасан чипээ авсан ба одоог хүртэл Лондонгийн шинжлэх ухааны музейд хадгалагдаж байгаа аж. Харин сүүлд 2020 оны 8 сарын 28-нд ‘Neuralink’-ийн захирал Elon Musk нь зоосны хэмжээтэй жижиг компьютерийн чипийг гахайнд суулган тархийг нь машинтай холбох компанийхаа төлөвлөгөөг харуулсан нэвтрүүлэг зохиож байсан байна.

Электрон дээр төвлөрсөн суулгац нь зэвэрдэг материал бага зэрэг орсон байдаг. Металл элементийн хэмжээ болон төмөрлөгийн хэмжээнээс шалтгаалан хүний биед суулгах суулгац нь ус болон устөрөгчийн энгийн элементүүдэд зэвэрдэг. Мөн микрочип суулгасан нохой болон зарим туршилтын амьтадад хорт хавдар илэрсэн байна. Тиймээс хэсэг хүмүүс хүнд чип суулгахад хорт хавдар үүсгэх эрсдэлтэй хэмээн эргэлзэж байв. Гэсэн хэдий ч туршилт хийсэн амьтадад микрочипээс бус гадны биетийн халдвараар хорт хавдар туссан хэмээн няцааж байжээ. Дээр дурдсан Patrick Paumen гэх хүн энэхүү эрсдэлийг үл тоон одоог хүртэл микрочип ашиглаж байгаа билээ.

Ингээд бодохоор хүмүүс робот хийх тал дээр ажиллан хөгжиж байна уу, эсвэл хүнийг роботжуулах тал дээр ажиллаж байна уу? Хүний эд эрхтэнг ч мөн чипэнд суулган эрүүл мэндийн салбарт шинэ ололт, нээлт хийх боломжтой юу?

Leave a Reply