fbpx
Терри А. Дэвис аав, ээжийн хамт

Энэхүү нийтлэлээрээ дэлхий даяарх олон сая программистуудад хүндлэгдсэн нэгэн болох Терри А. Дэвис-н бартаатай ч гайхалтай амьдралын түүхийг хүргэхийг зорилоо. Тэрээр программчлалын ойлголтуудыг бие даан судалж, цор ганцаараа TempleOS гэх үйлдлийн системийг бүтээсэн суут программист юм. Түүний хувийн үзэл бодол, авьяас чадвар нь үнэхээр өвөрмөц нэгэн байсан гэдэг. Хэдий шизофрени өвчиндөө шаналж, түүнтэйгээ тэмцэж байсан ч өөрийн программчлалын хэлийг зохион, 121,000 давсан мөр код бичин TempleOS системээ бүтээсэн түүхтэй.

1969 онд төрсөн Терри А. Дэвис багаасаа л математик, компьютерийн шинжлэх ухаанд өндөр амжилт гаргадаг онцгой ухаантай нэгэн байж. Системийн инженер мэргэжлээр бакалаврын зэрэг, электроникийн инженер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж, боловсролтой, амжилттай карьертай, сайхан амьдарч байсан ч гэнэтийн зүйл түүнд тохиолджээ.

Davis in 1990s

Учир нь 1990-ээд оны сүүлчээр түүний шизофрени өвчин нь сэдэрч, хий зүйл харах, параноид байдалд орох зэрэг шалтгаанаар олон удаа эмнэлэгт хэвтэх болсон ба сэтгэцийн байдал нь улам дордсоор эцэстээ ажлаа алдсан байна. Үүний улмаас тэр чигтээ нийгмээс хөндийржээ. Ийнхүү ямар ч нийгмийн харилцаагүй, эрүүл мэндийн асуудалтай, ажилгүй болсон залууд цор ганц хань болох зүйл үлдсэн нь компьютер байв. Энэ мөчөөс эхлэн Дэвис TempleOS-ийг бүтээхээр шийдэж, бүх амьдралаа түүнд зориулан энэхүү системтэй холбоотой бүхнийг өөрөө гүйцэтгэсэн байдаг.

TempleOS

TempleOS лого

Уг системийн ерөнхий санаа нь Библиэс санаагаа авсан харагдацтай, 640×480 нягтралтай, 16 өнгөт дэлгэцтэй, “single-voice audio”-той байхаар бүтээгдсэн 64-битийн үйлдлийн систем юм. Дэвис орчин үеийн хөгжүүлэлтийн хэрэгслүүд болон гадны сангуудыг ашиглалгүйгээр бүх зүйлийг өөрөө хийсэн байдаг. Үүнд:

Сонирхуулхад, TempleOS нь нэг ч сүлжээний протокол дэмждэггүй.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл :

  • HTTP(S)
  • IMAP (Internet Message Access Protocol)
  • Network Time Protocol (NTP)
  • IPv4 & IPv6
  • Ethernet, FTP (File Transfer Protocol)
  • Data Link Control (DLC)

зэрэг маш олон сүлжээний протоколуудыг дэмждэггүй буюу интернет, график карт, принтер, API зэрэгтэй холбогдох боломжгүй, ямар ч харилцаа байхгүй гэсэн үг.

Олонд танигдаж эхэлсэн нь:

Дэвис-н олонд танигдсан онцлох нэг платформ бол YouTube. Тэрээр live дамжуулалт хийж, өөрийн хөгжүүлж буй зүйлээ, үзэл бодлоо илэрхийлдэг байсан. Түүний бичлэгүүдээс программын ур чадвар нь нилээд сайн гэдэг нь харагддаг ч ойлгомжгүй үг хэллэг, шизофрени өвчний шинж тэмдгүүд мөн ажиглагддаг байв.

Youtube дэх бичлэгийн хэсгээс

Зарим нь Дэвис-н ажлыг хүндэлж, зарим нь сэтгэцийн өвчнөөр нь доог тохуу хийж, бүдүүлэг үг хэллэг хэлдэг, хий зүйл хардаг гэх зэргээр интернэт платформуудаас байнга хөөдөг, нэвтрэх эрхийг нь устгуулдаг байжээ. Гэсэн хэдий ч тэрээр шинэ хаяг нээж, эргээд ирдэг байв.

Түүний сэтгэцийн эрүүл мэнд улам муудсаар, эцэстээ гэр оронгүй, гудамжаар тэнүүчилдэг болсон төдийгүй хамгийн чухал зүйл болох компьютергүй болсон нь өөрийн системээ цаашид хөгжүүлэхэд хүндрэлтэй болгожээ.

Oрон гэргүй Дэвис 2018 оны зургадугаар сард (нас барахаас хоёр сарын өмнө)

TempleOS системийн хамгийн сүүлийн шинэчлэлт нь 2017 оны 11 сард байдаг ба 2018 оны 8-р сарын 11-нд тэрээр галт тэргэнд мөргүүлж нас барсан. Зарим нь үүнийг золгүй осол гэж үздэг бол зарим нь амиа хорлолт байх гэж таамагладаг. Аль нь ч байсан тэрээр цор ганцаараа үйлдлийн систем бүтээж чадсан гайхалтай программист мөн билээ.

TempleOS өнөөдөр ч интернетэд хадгалагдан, олон хөгжүүлэгчдийн сонирхлыг татсаар л байна. Ер нь технологийн ертөнц томоохон баг, компаниуд л багаараа ажиллан амжилтанд хүрч буй өнөө үед Дэвисийн бие даан хийсэн бүтээл яалтчгүй биширмээр зүйл юм.

Дүгнэлт

Хэрэв танд амжилтад хүрэхэд алхам зай дутуу хэдий ч, араас чинь татах хамгийн том дайсан та өөрөө, тэр тусмаа таны дотор байвал яах вэ? Сэтгэцийн өвчин яг л ийм хэцүү зүйл.

Бүтээлч санаа заримдаа хамгийн гэнэтийн, заримдаа хамгийн хүнд хэцүү нөхцөл байдлаас гарч ирдэг.

Терри А. Дэвисийн түүх, замнал сонирхолтой атлаа цаанаа л нэг гунигтай. Тэрээр нэг талаараа хүний бүтээлч сэтгэлгээ хязгааргүй болохыг баталсан ч нөгөө талдаа сэтгэцийн эмгэг ямар аюултай зүйл болохийг ойлгуулахийг оролдсон мэт. Түүний амьдрал яг л оюун ухаан, бүтээлч байдал, сэтгэцийн өвчин гэх гурван үгийн заагт оршжээ.

Leave a Reply