
Дэлхийгээс өөр газар амьдрал бий юу?

Г.Отгонцэцэг
Багш


Г.Отгонцэцэг
Багш
Хүн төрөлхтөн эртнээс л энэ асуултыг тавьсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд одон орон судлал, технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар бид зөвхөн манай нарны аймаг төдийгүй, алс холын оддыг судалснаар "Дэлхийтэй төстэй" хэдэн мянган харь гарагийг (Exoplanets) нээгээд байна. Тэгвэл тэдгээр гараг дээр амьдрал оршин тогтнох үнэхээр боломжтой юу?
Од бүрийн эргэн тойронд ус шингэн төлөвт оршин байх боломжтой бүс байдаг. Үүнийг Habitable Zone буюу "амьдрах боломжтой бүс" гэж нэрлэдэг. Хэрэв гариг одондоо хэт ойрхон бол ус нь ууршаад дуусна (Сугар гараг шиг), хэт хол бол бүх зүйл нь хөлдчихнө (Ангараг гараг шиг). Тиймээс зөв зайд байрлах нь чухал юм. Гэхдээ энэхүү бүсэд оршин байлаа гээд хүн амьдрах бүрэн боломжтой гэж ойлгох нь ташаа ойлголт бөгөөд зөвхөн бидний мэдэх ус нь шингэн төлөвтөө оршин байж чадах бүс юм.

Дэлхийтэй төстэй байна гэдэг нь зөвхөн зайнаас гадна тухайн гарагийн физик шинж чанараас хамаардаг.
Хатуу гадаргуу: Тэнд амьдрал үүсэхийн тулд Бархасбадь эсвэл Далай ван мэт хийн бус, Дэлхий шиг чулуулаг, хатуу гадаргуутай байх шаардлагатай.
Агаар мандал болон Соронзон орон: Хэрэв гараг соронзон оронгүй бол сансрын хортой цацраг туяа болон нарны шуурга агаар мандлыг нь үлээгээд устгах аюултай. Дэлхийн соронзон орон биднийг хамгаалж байдаг шиг, харь гарагт ч гэсэн ийм "бамбай" хэрэгтэй.
Хэмжээ болон татах хүч: Гараг хэт жижиг бол агаар мандлаа тогтоож чадахгүй, хэт том бол татах хүч нь хэтэрхий ихдэж, хийн гараг болох магадлалтай байдаг.
Одоогийн байдлаар Kepler, TESS зэрэг дурангуудын тусламжтайгаар Дэлхийтэй маш төстэй хэд хэдэн гарагийг олоод байна. Тухайлбал:

Түүхэн нээлт: 2014 онд NASA-гийн "Kepler" дурангийн тусламжтайгаар нээсэн. Энэ нь өөрийн одны Habitable Zone-д орших, Дэлхийтэй бараг ижил хэмжээтэй гэдгийг нь тогтоосон хамгийн анхны гараг бөгөөд дэлхийгээс ердөө 10% орчим л том. Тиймээс эрдэмтэд уг гарагийг Дэлхий шиг чулуулаг, хатуу гадаргуутай байх маш өндөр магадлалтай гэж үзэж байгаа юм.

Proxima Centauri b:
Түүхэн нээлт:2016 онд Европын өмнөд одон орны ажиглалтын төвийн (ESO) эрдэмтэд нээсэн. Биднээс ердөө 4.2(ойролцоогоор 40 их наяд км) гэрлийн жилийн зайд орших, хүн төрөлхтөнд хамгийн ойрхон гараг. Хэмжээгээрээ Дэлхийтэй бараг ижил бөгөөд амьдрал үүсэх бүсэд байрладаг. Гэвч түүний төв од нь байнга хүчтэй сансрын цацраг ялгаруулдаг тул тэнд амьдрал байгаа эсэх нь эрдэмтдийн дунд хамгийн том маргаан дагуулдаг. Мөн төв од нь маш жижиг улаан одой од учраас Proxima b түүнийг маш ойролцоо зайд, ердөө 11.2 өдөрт нэг бүтэн тойрдог. Өөрөөр хэлбэл тэндхийн 1 жил нь Дэлхийн 11 өдөр гаруйхан хугацаа юм.
Хэрэв бид хэзээ нэгэн цагт манай нарны аймгаас гарч, өөр гараг руу тандан судлах хөлөг илгээвэл Proxima b хамгийн эхний зогсоол байх болно

Түүхэн нээлт: 2016-2017 онуудад Чили дэх TRAPPIST дуран болон NASA-гийн Spitzer сансрын дурангийн тусламжтайгаар нээсэн.Дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайд орших энэ системд Дэлхийтэй ижил хэмжээний 7 чулуулаг гараг нэг дор олдсон нь одон орны түүхэн дэх хамгийн том шуугиан тарьсан юм. Үүнээс TRAPPIST-1e, f, g гэсэн 3 гараг нь Habitable Zone-д байдаг бөгөөд эрдэмтэд James Webb дурангийн тусламжтайгаар тэдгээрийн агаар мандалд идэвхтэй судалгаа хийж байна. Хэрэв тэнд амьдрал байвал, нэг гараг дээрээс нөгөө гарагийн далай, тивийг зүгээр л нүдээрээ харж болохуйц тийм ойрхон оршдог байна.
Ойролцоох гарагууд хүртэл гэрлийн жилийн асар хол зайд байрладаг. Өнөөгийн технологиор тэдгээр гараг дээр очиж шалгах боломжгүй байна. Тиймээс эрдэмтэд гарагуудийн агаар мандлыг судалж, хүчилтөрөгч, метан зэрэг амьдралын шинж тэмдэг байж болох хийг хайж байна.
Гэвч Дэлхийтэй төстэй байна гэдэг нь тэнд заавал амьдрал байгаа гэсэн үг биш юм. Амьдрал үүсэхийн тулд органик нэгдлүүд, химийн элементүүдийн зөв нэгдэл хэрэгтэй байж болно. Түүнчлэн бидний төсөөлдгөөс огт өөр нөхцөл буюу заавал хүчилтөрөгч, ус шаарддаггүй амьдардаг харь гарагийн бичил биетүүд байхыг ч үгүйсгэхгүй.
Өдгөө задгай сансарт ажиллаж буй James Webb сансрын дуран нь тэдгээр алсын гарагуудын агаар мандлын бүтцийг шинжилж, хүчилтөрөгч, метан, нүүрсхүчлийн хий зэрэг "био-мөр"-ийг хайж байна.
Орчлон ертөнцөд хэдэн зуун тэрбум галактик, тэдгээрт тоолж баршгүй олон од, гариг байдаг. Энэ их уудам орон зайд зөвхөн Дэлхий дээр л амьдрал үүссэн гэж үзвэл энэ нь дэндүү "орон зайн гарздалт" болох биз ээ. Гэвч өнөөдрийн байдлаар Дэлхийгээс өөр газар амьдрал оршин байгааг баталсан нотолгоо хараахан олдоогүй байна. Магадгүй ойрын хэдэн арван жилд бид энэ асуултынхаа баттай хариултыг олж, хүн төрөлхтний түүхэнд шинэ хуудас нээхийг үгүйсгэх аргагүй юм.