

Бид зөвхөн үлгэр, хүүхэлдэйн кинонд л эд зүйлс ярьж, хөдөлж, хүмүүст тусалж байхыг хардаг байсан. Жишээлбэл, сэрүүлэгтэй цаг эзнээ сэрээж, хөргөгч хүнс дууссаныг сануулж, гэрэл хүн орж ирэхэд өөрөө асдаг гэх мэт. Харин өнөө үед эдгээр зүйлс зөвхөн үлгэрт биш, бодит амьдралд хэрэгжиж эхэлсэн нь бидний анхаарлыг ихээхэн татаж байна.

Амьгүй эд зүйлсийг хооронд нь холбож, хүмүүстэй харилцан ажиллах боломжийг олгож буй энэхүү технологийг IoT буюу "Зүйлсийн интернет" гэж нэрлэдэг. Энэ нь интернетэд холбогдсон төхөөрөмжүүд хоорондоо мэдээлэл солилцож, тухайн нөхцөл байдалд тохирсон үйлдлийг автоматаар гүйцэтгэх боломжтой технологи юм. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутам хэрэглэдэг эд зүйлс мэдээлэл цуглуулж, боловсруулан, тодорхой шийдвэр гаргах чадвартай болж байгаа гэсэн үг.
IoT технологийн хамгийн ойрын жишээ бол ухаалаг цаг юм. Ухаалаг цаг нь алхсан алхам, зүрхний цохилт, унтсан хугацаа зэрэг мэдээллийг хэмжиж, хэрэглэгчид үзүүлдэг. Мөн гар утсанд ирсэн дуудлага, мессежийг шууд харах боломжийг олгодог. Энэ нь хүмүүсийн эрүүл мэнд болон өдөр тутмын үйл ажиллагаагаа хянахад ихээхэн тус болдог.
IoT технологи хэрхэн ажилладаг вэ?
1. Мэдээлэл цуглуулах
Эхний алхамд төхөөрөмж дээр байрлах мэдрэгч (sensor) орчноос мэдээлэл цуглуулна. Жишээлбэл, температур хэмжигч нь өрөөний дулааныг, чийг мэдрэгч нь хөрсний чийгийг, хөдөлгөөн мэдрэгч нь хүний хөдөлгөөнийг илрүүлдэг.
Цуглуулсан мэдээллийг интернет эсвэл утасгүй сүлжээгээр дамжуулан сервер, үүлэн систем (cloud) эсвэл өөр төхөөрөмж рүү илгээнэ. Энэ үед Wi-Fi, Bluetooth, 4G, 5G зэрэг холбооны технологи ашиглагддаг.
Хүлээн авсан мэдээллийг компьютер эсвэл үүлэн систем боловсруулна. Тухайн төхөөрөмжийн програм нь өгөгдөлд дүн шинжилгээ хийж, ямар үйлдэл хийхийг шийддэг.
Боловсруулсан мэдээллийн дагуу төхөөрөмж тодорхой үйлдэл гүйцэтгэнэ. Жишээлбэл, өрөөний температур хэт халуун байвал агааржуулагч автоматаар асах, хөрсний чийг багасвал усалгааны систем ажиллах зэрэг үйлдлүүд хийгдэнэ.
Төхөөрөмжөөс гарсан үр дүнг гар утас, компьютер эсвэл ухаалаг цаг дээр харуулах боломжтой. Ингэснээр хэрэглэгч хаанаас ч төхөөрөмжөө хянаж, шаардлагатай бол удирдах боломжтой болно.

Ирээдүйд IoT технологи улам бүр хөгжиж, бидний амьдралын салшгүй хэсэг болохыг хэн ч үгүйсгэхгүй. Автомашин өөрөө замын хөдөлгөөнийг мэдэрч аюулаас сэргийлэх, хотын гэрэлтүүлэг хүний хөдөлгөөнөөс хамааран ажиллах, гэр ахуйн бүх төхөөрөмж хоорондоо мэдээлэл солилцох зэрэг олон боломж бий болно. Энэ нь хүмүүсийн цаг хугацааг хэмнэж, аюулгүй байдал болон амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах болно.
