
Компьютерын хулганын 60 жилийн хувьсал

О.Дэлгэрмаа
Багш


О.Дэлгэрмаа
Багш
Компьютерийн хэрэглээ өргөн дэлгэрэхийн хэрээр түүнийг удирдах төрөл бүрийн төхөөрөмжүүд бий болсон. Тэдгээрийн дотроос хамгийн түгээмэл бөгөөд хэрэглэхэд хялбар төхөөрөмж бол компьютерын хулгана юм. Өнөөдөр бид дэлгэц дээрх мэдээллийг ганц товшилтоор удирдаж чаддаг болсон ч энэхүү жижиг төхөөрөмж ямар түүхэн зам туулж өнөөгийн дүр төрхөө олсныг тэр бүр мэддэггүй. Тиймээс компьютерын хулганын үүсэл хөгжил, хувьслын тухай сонирхоцгооё.
1964 онд Америкийн зохион бүтээгч Дуглас Энгельбарт (Douglas Engelbart) Стэнфордын судалгааны хүрээлэнд ажиллаж байхдаа компьютерийг илүү хялбар удирдах шинэ арга хайж байв. Тухайн үед компьютер дээр ажиллахын тулд хэрэглэгчид keyboard буюу гар дээр олон төрлийн команд бичих шаардлагатай байсан бөгөөд энэ нь төвөгтэй, цаг их шаарддаг тул тэрээр дэлгэц дээрх мэдээллийг хурдан сонгон зааж, хөдөлгөх төхөөрөмж бүтээхийг зорьсон бөгөөд түүний хамтрагч Билл Энглиштэй (William Kirk English) хамтдаа бүтээсэн анхны загвар нь өнөөгийн хулганатай харьцуулахад тун өвөрмөц.
Энэ төхөөрөмж модоор хийгдсэн жижиг хайрцаг хэлбэртэй бөгөөд санааг нь бодит болгосон хамтрагч Билл Энглиш анхны хулганыг модоор сийлж доод хэсэгтээ хоорондоо перпендикуляр байрласан хоёр металл дугуйг суурилуулж, нэг дугуй нь X тэнхлэгийн дагуу баруун-зүүн, нөгөө нь Y тэнхлэгийн дагуу дээш-доош чиглэлийн хөдөлгөөнийг мэдэрдэг байсан бөгөөд дээд талдаа ганцхан улаан товчлууртай байв.


Дээрх модон хулганы маань албан ёсны патент нэр нь анх "Дэлгэцийн системийн X-Y байрлал заагч" (X-Y Position Indicator for a Display System) гэсэн урт бөгөөд техникийн нэр томъёо ашигласан нэртэй байсан.
Гэвч тухайн бүтээлийг харсан лабораторийн хүмүүс нь хэлбэр дүрс нь жижигхэн хайрцаг шиг, харин ардаас нь гарсан холболтын утас нь яг л хулганы сүүл шиг харагдсан тул хоорондоо хошигнож "Mouse" гэж нэрлэж эхэлжээ. Энэхүү хөгжилтэй нэр нь үүнээс хойш ашиглагдаж үүрд үлдсэн.
Дуглас Энгельбарт хожим нь өгсөн ярилцлагадаа: "Хэн анх хулгана гэж нэрлэснийг санадаггүй юм, ямар ч байсан сүүл шиг утаснаас нь болсон байх" гэж дурссан байдаг.

Анхны модон хулгана зөвхөн лабораторийн туршилт байсан бол 1970-аад онд Xerox Alto компьютер дээр анх удаа график интерфэйс (GUI) болон хулганыг хамтад нь арилжааны зорилгоор ашиглаж эхлэв. Энэ үед дугуйны оронд доороо бөөрөнхий бөмбөлөгтэй (Ball mouse) болж хувьсжээ.
Харин 1979 онд залуу бизнес эрхлэгч Стив Жобс Xerox-ийн лабораториор зочлохдоо энэхүү технологийг анх харжээ. Тэр даруйдаа хулгана бол компьютерын ирээдүй юм байна гэдгийг шууд ухаарч, өөрийн Apple Macintosh (1984) компьютерт зориулан хулганыг илүү хямд, хэрэглэхэд хялбар болгон үйлдвэрлэж дэлхий нийтэд түгээсэн юм. Үүгээр компьютерын дэлгэц дээрх "Цонх" (Windows) болон Icon-ыг товших шинэ эрин үе эхэлжээ.

Олон жилийн турш хулганууд доод хэсэгтээ резинэн бөмбөлөгтэй байсан бөгөөд ашиглах явцад тоос шороо хуримтлагдаж, хөдөлгөөн нь саатах асуудал их гардаг байсан.
Технологийн хөгжилтэй зэрэгцэн инженерүүд илүү үр ашигтай шийдэл хайж эхэлсэн ба ингээд 1990-ээд оны сүүлээр оптик хулгана бий болсон байна. LED гэрэл болон мэдрэгчийн тусламжтайгаар гадаргууг уншиж хөдөлгөөнийг илрүүлдэг болсон нь хулганыг илүү нарийвчлалтай, найдвартай болгосон юм.
Дараа нь лазер мэдрэгчтэй хулганууд гарч ирснээр төрөл бүрийн гадаргуу дээр өндөр нарийвчлалтай ажиллах боломж бүрдэв. Өнөөдөр утасгүй Bluetooth хулгана, тоглоомын зориулалттай өндөр хурдны хулгана, босоо (vertical) эргономик хулгана болон мэдрэгчтэй гадаргуутай төхөөрөмжүүд хүртэл бий болсон гэдгийг хүн бүх мэднэ.
Компьютерын хулгана бол технологийн түүхэн дэх хамгийн энгийн хэрнээ хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг юм. Ирээдүйд компьютерийг зөвхөн хулганаар бус дуу хоолой, гарын хөдөлгөөн, мэдрэгчтэй дэлгэц зэрэг шинэ технологиор удирдах боломж улам нэмэгдэх төлөвтэй байгаа ч хулгана нь компьютерын хамгийн түгээмэл, хэрэглэхэд хялбар төхөөрөмж хэвээр.