
3D хэвлэх технологи

Б.Солонгоо
Багш


Б.Солонгоо
Багш
Технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд бидний төсөөлж байсан олон зүйл бодит болж байна. Тэдгээрийн нэг нь 3D хэвлэлийн технологи юм. Энэ нь дижитал загварыг бодит биет болгон давхарга давхаргаар бүтээдэг бөгөөд үйлдвэрлэл, анагаах ухаан, боловсрол, барилга зэрэг олон салбарт өргөн хэрэглэгдэж байна.

3D хэвлэлт нь компьютер дээр боловсруулсан загварыг тусгай принтер ашиглан гурван хэмжээст объект болгон бүтээх үйлдвэрлэлийн арга юм. Уламжлалт үйлдвэрлэл материал хасах зарчмаар ажилладаг бол 3D хэвлэлт материал нэмэх (Additive Manufacturing) зарчмаар ажилладаг. Үүний давуу тал нь:
Загвар болон бүтээгдэхүүнийг хурдан бүтээх
Хувь хүний хэрэгцээнд тохируулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Материалын хаягдал бага гардаг
Нарийн төвөгтэй хэлбэр дүрсийг хялбар үүсгэх
Зардал болон хугацааг хэмнэх
Боловсрол- Сурагчид инженерчлэл, дизайн, шинжлэх ухааны ойлголтыг бодит загвараар дамжуулан суралцах
Анагаах ухаан- Хиймэл үе мөч, шүд болон мэс заслын төлөвлөлтийн загваруудыг хэвлэх.
Үйлдвэрлэл- Машины эд анги, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, туршилтын загваруудыг үйлдвэрлэх
Барилга- 3D принтерээр байшин хэвлэх технологи хөгжиж байгаа бөгөөд барилгын хугацаа болон зардлыг бууруулж байна.
Хүнс үйлдвэрлэл- Хүнсний салбарт тусгай хүнсний принтерүүд шоколад, бялууны чимэглэл, пицца зэрэг бүтээгдэхүүнийг урьдчилан боловсруулсан загварын дагуу хэвлэх боломжтой. Энэ нь хоолны загварыг илүү бүтээлч чамин болгохоос гадна хувь хүний хэрэгцээнд тохирсон хүнс үйлдвэрлэх шинэ боломжийг нээж байна.

Хэдийгээр том хэмжээтэй объект хэвлэхэд хугацаа их шаардагдах, зарим материал өндөр өртөгтэй байх, хэвлэлийн чанар төхөөрөмжөөс хамаарах зэрэг сорилтууд тулгардаг ч энэхүү технологи тасралтгүй хөгжсөөр байна.
Ирээдүйд эмнэлэг эрүүл мэндийн салбарт хүний биеийн эд эрхтэн хэвлэх, сансарт барилга байгууламж бүтээх, захиалгат бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэх зэрэг шинэ боломжууд үүсэх ба 3D хэвлэлийн технологи нь үйлдвэрлэлийн арга барилыг өөрчилж, хүний амьдралд улам бүр чухал нөлөө үзүүлэх болно.