Metaverse нь 3D орон зайд бодит амьдрал дээрх бүх зүйлсийг хийх боломжтой биет байдлаар байхгүй ч программ хангамжаар бүтээгдсэн орчин буюу виртуал ертөнц юм. Энэ тодорхойлолтонд Mine Craft, Fortnite зэрэг Multiplayer, Open World тоглоомнууд нийцэх ч Metaverse-н гол ялгаа нь виртуалаар эдийн засаг, харилцаа буюу дижитал нийгэм бүрдүүлж буй зэргэлдээ ертөнц юм.

Энэхүү виртуал ертөнц рүү нэвтрэхэд чухал 2 технологи нь одоогоор Augmented reality (AR) болон Virtual Reality (VR) юм. AR нь ямар нэгэн камерны тусламжтайгаар бодит байдал дээр дижитал давхрагыг нэмж өгдөг. Харин VR нь хүн бодит амьдрал дээрээс хүлээн авдаг мэдэрхүйнүүдийг дуурайлган ойролцоо байдлаар хийсэн 3D орчин юм. Одоогоор ихэнх VR нь нүдний шил мэт загвартай байгаа ч бээлий, хантааз, бүтэн биеийн өмсгөл зэрэг зүйлс нь виртуал ертөнцтэй илүү бодитой харилцах боломжыг олгодог.

Iron Man-ны өмсгөлөн доторх энэ дүрслэлийг харж байгаагүй хүн тун цөөхөн л байх. Тэрхүү Tony Stark-н нүдний өмнө үзэгдэх цэнхэр зүйлс гадна орчноо харахад саад болдоггүй бас зөвхөн өөрт нь л харагддаг. Энэ нь Mixed Realit (MR)-н төгс жишээ болно. Тусгай төхөөрөмжөөр дамжуулж бодит орчин болон виртуал орчинг зэрэг харах.
Хэдийгээр 2011 онд Ready Player One гэх зохиолоор олон нийтэд танигдаж, 2021 онд Facebook Meta болсноор анхаарлын төвд орсон ч шинэ ойлголт бол биш юм. Metaverse гэдэг утга анх 1992 онд Neal Stephenson - Snow Crash гэх зохиолдоо дурдсан байдаг. Тэр ч байтугай 1962 онд Sensorama гэх анхны VR-н санаа гарч байсан.

62 оноос хойш яригдсан санаа саяхнаас л хөгжүүлэлт хийгдэж эхлэсэн нь түүнийг бодитой болгох боломжтой технологи байгаагүйн улмаас юм. Metaverse нь дан ганц 3D орчин болон нэвтрэх төхөөрөмж VR байлаа гээд хангалтгүй. Өндөр хурдны сүлжээний дамжуулалт буюу 5G интернет , маш олон өгөгдөл дээр боловсруулалт хийх хиймэл оюун, виртуал алслалт тооцоолох, өгөгдлүүдийг аюулгүй хадгалах, блокчайн, зүйлсийн интернет зэрэг маш олон технологиудыг нэгтгэн одоо л биеллээ олж эхлээд байна.