fbpx

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх улсуудын нэгтэй хиллэж, визгүй зорчиж, аялах боломжтой байна гэдэг бидний нэг давуу тал билээ. Хятадын хүн ам, эдийн засаг өсөхийн хэрээр тэр олон хүнд зориулагдсан технологийн хөгжил ч даган нэмэгдсээр аль хэдийн дэлхийд толгой цохих их гүрэн болжээ. Тэгвэл тэрбум гаруй хүний тоолж баршгүй их гүйлгээг ямар платформ ашиглан шуурхай зохицуулдаг юм бол?

Цаасан мөнгө ба цаг алдалт

Хятад улсад аялж, зорчиж явсан хүн бүр цаасан мөнгөний хэрэглээ хэр их багассаныг анзаарсан байх. Тэнд та мөнгө тоолсон, цүнхнээсээ картаа хайсан хүнийг харахгүй л болов уу. Урд хөрш маань төлбөр төлөх, мөнгө шилжүүлэх зэрэг үйлдлийг цахим түрүүвчний тусламжтай хялбархан шийджээ.

Үүнд Alipay болон WeChat апп-уудыг өргөнөөр ашигладаг. WeChat нь холбоо барих, зурвас бичихээс эхлээд бүх үйлчилгээг багтаасан супер апп. Харин Alipay зөвхөн төлбөр тооцоонд зориулагдсан. Эдгээр апп-уудыг хэрэглэж технологийн хөгжлийг мэдрэхэд туслах цорын ганц төхөөрөмж бол таны гар утас.

Картаа холбоод цагаа хэмнэ.

Alipay болон WeChat Pay-ийн хөгжил

Alipay: Цахим худалдаанаас санхүүгийн экосистем хүртэл

2004 онд үүсгэн байгуулагдсан Alipay апп нь анх e-commerce буюу цахим худалдааны төлбөр тооцоонд зориулан үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 1.2 тэрбум бүртгэлтэй хэрэглэгчтэй, хөрөнгө оруулалт, зээл, даатгал санал болгодог бүрэн хэмжээний санхүүгийн экосистем болон өргөжсөн. Өнөөдөр Alipay-ийг томоохон үйлчилгээний газруудаас эхлээд жижиг хүнсний дэлгүүр, хувь хүмүүс хүртэл ашиглаж байна.

WeChat: Бүхнийг нэг дороос

WeChat бол зүгээр нэг мессеж бичдэг программ биш. Өөртөө олон функцуудыг агуулсан өргөн хүрээний цогц апп. Харин үүн доторхи төлбөрийн чухал функц бол 2013 онд WeChat програмд ​​нэгтгэгдсэн WeChat Pay юм. Үүний тусламжтайгаар хэрэглэгчид WeChat программаас гаралгүйгээр гүйлгээ хийх боломжтой болсон.

Сонирхолтой төлбөрийн системүүд:

Нүүр царай танидаг автомат машин (Vending Machine)

Та Хятадын үйлчилгээний газруудаар явахдаа карт уншуулах, төлбөр төлөх ямар нэгэн сонголтгүй цоожтой хөргөгчтэй таарч магадгүй. Alipay-ийн “Smile-to-Pay” систем нь хэрэглэгчдэд автомат машинаас бараа худалдаж авсны дараа камер луу харж царайгаа таниулснаар машин хэн болохыг баталгаажуулж, хэрэглэгчийн дижитал түрийвчнээс төлбөрийг хасдаг. Бэлэн мөнгө, карт, тэр байтугай ухаалаг утас ч шаардлагагүй гэсэн үг.

Palm Scan(Алганы хээ унших) төлбөрийн систем

WeChat Pay нь хэрэглэгчдээ баталгаажуулахын тулд алганы хээний хэвийг ашиглахаар судалж байна. Энэ арга нь уламжлалт төлбөрийн аргуудаас илүү аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан гэж хэлж болно. Дэлгүүрт орж, алгаа уншуулаад л худалдан авалт хийж байна гээд төсөөлөөд үз дээ.

Дуугаар идэвхждэг гүйлгээний систем

Гаргүй эсвэл хараагүй хүн төлбөр төлөх хэрэгтэй бол яах вэ?

Үүний нэг шийдэл бол дуун технологи. Хэрэглэгч ухаалаг төхөөрөмжид дуут команд өгөх замаар төлбөр төлөх болон үлдэгдлээ шалгах боломжтой. Энэ технологи нь тусгай хэрэгцээт иргэдэд тэгш боломж олгоход ихээхэн хувь нэмэр оруулна.

Дүгнэлт

Alipay болон WeChat Pay нь зөвхөн төлбөр төлөх хэлбэрийг өөрчлөхөөс гадна хэтэвч гэсэн ойлголтыг дахин тодорхойлсон. Бэлэн мөнгийг дижитал хэлбэрээр хадгалснаар зөвхөн утас л байхад бүх гүйлгээг удирдах боломжтой гэсэн үг. Хэрэглэхэд хялбар, аюулгүй, хүртээмжтэй системийг технологийн тусламжтай бий болгосноор дэлхийн дижитал төлбөрийн салбарт жишиг тогтоосоор байна.

Leave a Reply