fbpx

Эрт дээр үеэс л бид бүхэн зоосон болон цаасан мөнгийг хэрэглэсээр ирсэн. Харин өнөөдөр бид сүүлийн хагас зууны технологийн дэвшлийн ачаар дараагийн түвшинд гарч, дижитал мөнгө (криптовалют) хэрэглэх болжээ. Биткойны талаар сонсоогүй хүн үлдээгүй байх. Гэхдээ тэр нь яг юу билээ?

Үүсэл

2008 онд өөрийгөө Сатоши Накамото гэж нэрлэсэн програмист ямар нэгэн засгийн газраас хараат бус, шилжүүлэг хийхэд аливаа банк, гуравдагч этгээдээс хамааралгүй, хүн болгон ашиглаж болох мөнгөн тэмдэгт бүтээх зорилгоор хөгжүүлэлт хийж эхэлсэн нь Блокчэйн болон Биткойн юм. Биткойн 2009 онд зах зээлд гарсан бөгөөд тэр үеэс эхлэн Криптовалютын салбар эрчимтэй хөгжиж эхэлжээ.

Криптовалют

Крипто буюу мэдээллийн нууцлах, хамгаалах, Валют буюу мөнгөн тэмдэгтийн хувьд ямар ч хяналтгүй, зөвхөн шилжүүлэгч болон хүлээн авагчдын хоорондын арилжаа л болдог. Ингэхдээ ямар нэгэн шимтгэл, мөнгөний ханшийн зөрүү зэрэг алдагдалгүйгээр хурдан шилжүүлэг хийх боломжтой. Дээрээс нь инфляцаас сэргийлэх чухал хэрэгсэл болдог. Нөгөө талаас худалдан авалтанд гадны нөлөөгүй бүрэн бие даасан байдал нь нууц гүйлгээ хийх нөхцөл болдог сөрөг талтай.

Биткойн

Биткойн нь 2009 онд 2 сая орчим ширхэг гарж байсан ба тухайн үедээ 10000 биткойноор 1 пицца авдаг байсан бол түүнээс хойш 7 жилийн дараа 2016 он гэхэд 13 саяаар нэмэгдэж 15 сая ширхэг болсон бөгөөд 10000 биткойнтой хүн долларын саятан байх байсан.

2024 онд биткойны зах зээл дээрх тоо нь 20 сая орчим л буй. Систем нь 4 жил тутамд зах зээлд шинээр үүсэх биткойны хэмжээг 2 дахиж багасгаж байхаар загварчилсан тул нийтдээ 21 сая биткойн л байх боломжтой. Ширхэгийн хувьд хязгаарлагдмал байх нь мөн шинээр үүсгэхэд хэцүү байдал нь биткойны үнийг тэнгэрт гаргасан гэж үздэг. Мэдээж блокчэйнийг үүсгэсэн газрын гаргасан мөнгө гэдэг талаараа найдвартай байдлыг ч хангадаг.

Эзэнгүйдэл

Миний дансанд 10 ширхэг биткойн байна гэж бодъё. Гэтэл би нэвтрэх түлхүүрээ алдсан болохоор хаяг руугаа нэвтрэх боломжгүй болсон. Энэ тохиолдолд надад байсан 10 ширхэг биткойн блокчэйн дээр хадгалагдах боловч хэн ч авч ашиглах боломжгүй болж эзэнгүй болно. Өдөрт дунджаар 300 мянган биткойн гүйлгээнд ордог гэсэн тооцоо байдаг. Энэ олон гүйлгээн дунд цаг хугацааны уртад буруу гүйлгээ болж, эзэнгүй хаягт очих магадлал бий. Жижиг алдаанууд цугларсаар 21 саяар хязгаарлагдах биткойнд шинэчлэлт хийхийг тулгах өдөр ирнэ гэж бодож байна…

Leave a Reply