fbpx

Орчин үеийн харилцаа холбооны салбарыг алсын зайны аудио дуудлагагүйгээр төсөөлөхийн аргагүй. Messenger, Instagram, Viber зэргээс эхлээд бүхий л системүүдээр дуудлага хийх боломжтой байдаг. Бидний яриаг дундаас нь зөвшөөрөлгүй этгээд сонсохгүй байгаа гэсэн итгэлгүйгээр энэ бүхэн дэлгэрэх боломжгүй байсан. Тэгэхээр хэрхэн дуудлага буюу аудио мэдээллийн нууцлалтайгаар дамжуулдаг талаар үзэцгээе.

Гэж юу вэ?

Аудио мэдээллийн нууцлалт гэдэг нь аудио өгөгдлийг зөвхөн зөвшөөрөгдсөн хүлээн авагчид хандах боломжтой байдлаар өөрчлөх үйл явц юм. Энэ нь мэдээллийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор криптографийн технологиудыг ашиглан хийгддэг. Аудио мэдээлэлд гэдэгт нь

  • Утасны яриа
  • Аудио шуудан (voice message)
  • Дуу болон бичлэг дамжуулах
  • Хадгалсан мэдээлэл зэрэг орно.

Яаж?

Мэдээж криптографийн технологиудыг ашиглана. Ингээд хэлэхээр ойлгомжгүй байж магадгүй тул хамгийн түгээмэл аргыг хэрхэн ажилладгийг тайлбарлая. Энэхүү арга нь “End-to-End Encryption” (E2EE) буюу “Төгсгөлөөс төгсгөл хүртэл шифрлэлт” бөгөөд WhatsApp зэрэг системүүд ашигладаг. Нэмж хэлэхэд ганцхан дуудлага гэлтгүй маш олон зүйлсийн аюулгүй байдлыг хангах боломжтой.

Шифрлэх үйл явц

Яриа, текст, зураг, видео, аудио бичлэгүүдийн өгөгдлийг шифрлэх бөгөөд зөвхөн илгээгч болон хүлээн авагчид л өгөгдлийг унших боломжтой байдаг.

  1. Шифрлэлт үүсгэх ба хүлээн авч тайлах түлхүүрүүд:

    Ямар ч хэрэглэгчийн төхөөрөмж дээр байгаа WhatsApp нь хувийн түлхүүр (private key) болон нээлттэй түлхүүр(public key)-ийг үүсгэдэг.

    Нээлттэй түлхүүр нь ил тод бөгөөд өгөгдлийг шифрлэхэд ашиглагдана. Нээлттэй түлхүүрийг хүлээн авагчийн төхөөрөмжөөр үүсгэж, серверээр дамжуулан илгээгч рүү илгээдэг.

    Хувийн түлхүүр нь зөвхөн тухайн хэрэглэгчийн төхөөрөмжид хадгалагдах ба шифрлэгдсэн өгөгдлийг тайлахад ашиглагддаг.
  1. Аудиог шифрлэх:
    Дуудлагыг дамжуулахад тохиромжтой болгон багцална(packets). Эдгээр багцууд тус бүрд тусдаа шифрлэлт хийгддэг.

    Дуудлага эхлэх үед илгээгч ба хүлээн авагч хоёрын хооронд түр хугацааны шифрлэлтийн түлхүүрийг (Session Key) үүсгэнэ. Энэ түлхүүр нь тухайн дуудлагын хугацаанд ашиглагдах ба дуудлага дуусмагц устгагдана.

    Эдгээр түлхүүрүүд нь криптографийн Diffie-Hellman болон Elliptic Curve Cryptography (ECC) алгоритмуудын тусламжтайгаар үүсгэгддэг.

    Хэрэглэгчийн дуудлага эхлэх үед залгасан хүн нь эхлээд шифрлэгддэг бөгөөд дуудлага хүлээн авсан хүний төхөөрөмж дээр шифрлэлт тайлагдана.
  2. Өгөгдөл дамжуулах:
    WhatsApp-ын сервер дээр ямар ч мэдээлэл хадгалагдахгүй бөгөөд зөвхөн шифрлэгдсэн өгөгдлийг дамжуулдаг. Мэдээллийг тайлж унших түлхүүрүүд нь зөвхөн хэрэглэгчийн төхөөрөмж дээр хадгалагддаг тул дамжуулах явцад уншиж чадахгүй.
  1. Өгөгдлийг тайлж унших:
    Хүлээн авагч шифрлэгдсэн өгөгдлийг серверээс хүлээн авна. Төхөөрөмж дээр хадгалагдаж буй хувийн түлхүүрийн тусламжтайгаар шифрлэгдсэн өгөгдлийг тайлж, эх хувилбарыг гаргаж ирнэ.

    Тайлагдсан жижиг багцуудыг нэгтгэж, анхны аудио хэлбэрт оруулна. Ингэснээр хүлээн авагч дуу хоолойг сонсох боломжтой болдог.

Эцэст нь аудио мэдээллийг нууцлахад тусгай аргачлал, алгоритмуудыг ашиглан зөвхөн дуудлага хийж буй хоёр хүнийг холбодог. Гэвч энэ нь нэг талаас хяналтгүй байдлыг ихэсгэдэг сөрөг талтай.

Leave a Reply