Шинэ жилээр эсвэл шинэ сар, шинэ долоо хоногийн эхэнд тавьсан зорилго биелэх магадлал өндөртэй байдаг аж. Үүнд шинжлэх ухаанч тайлбар байдаг бөгөөд тэр нь допамин юм.
Допамин буюу хүний аз жаргалын гормон нь өндөр донтуулах эрсдэлтэй химийн нэгдэл юм. Кокайн хэмээх хар тамхины хамгийн гол донтуулагч чанар нь допаминыг ихээр ялгаруулдагт байдаг. Тиймээс тус хар тамхинд донтогч этгээд түүнээс гарахад тэсвэрлэшгүй бэрх. Хүн байгалиасаа допамин ялгаруулах чадвартай бөгөөд ялалт байгуулах, зорилгодоо хүрэх, амжилт гаргах үед кокайн хэрэглэсэн дайны ихээр ялгардаг байна. Тиймээс элит тамирчид болон түүхэн дэх хамгийн мундаг амжилттай хүмүүс допаминд донтогсод байсан гэхэд хилсдэхгүй буюу олон жилийн хүнд хэцүү бэлтгэл сургуулилтын дараа Олимпын медаль авах мэдрэмж хар тамхи хэтрүүлэн хэрэглэхтэй төстэй мэдрэмж төрүүлдэг байх магадлалтай.
Шинэ зорилт таны допаминтай ямар холбоотой вэ?
Өмнөө зорилго тавиад түүндээ алхам алхамаар ойртож буйгаа мэдрэх нь допаминыг хүнийн биед ялгаруулсаар байдаг. Зорилготой болж, түүндээ хүрэхэд тусладаг хамгийн түгээмэл арга бол тэмдэглэл хөтлүүлэх юм. Жишээ нь тамхинаас гарч буй хүнд календарь дээр тамхи татаагүй өдөр бүрээ тэмдэглэх нь түүнийг тамхи үргэлжлүүлэн татахгүй байхад тусладаг. Мөн фитнессд явсан өдрөө тэмдэглэж байх нь таныг тууштай байхад ХҮЧЛЭХ болно. Өдрийнхөө ажлуудыг жагсааж бичээд дуусгасан ажлуудаа эхнээс нь дарах хүнд гоё мэдрэмж төрүүлдэг.
Шинэ зүйлийг эхлэх үед аль болох амархан байхаар тооцох нь түүндээ тууштай байхад тусалдаг тухай Атомик Хабитс (Atomic Habits) номд өгүүлжээ. Эсрэгээр, шинэ зорилтыг ажил болгоход ядаргаатай байх тусам тууштай байх магадлал буурдаг аж.
Ихэнх хүмүүс Шинэ жилээр буюу 1 дүгээр сарын 1-нээс эхлэн “жинхэнэ ална” хэмээн зорилго тавьдаг. Үүний учир нь бид ямар нэг тэмдэглэл хөтлөхгүйгээр өөрийнхөө хэр тууштай байгааг, баг багаар ямар амжилт гаргаж байгаагаа харж байдаг.
Ийм учраас шинэ оны эхний өдөр эхэлсэн зорилго 2 дугаар сарын дунд хүртэл үргэлжлэх магадлал өндөр байдаг байна. Харин түүнээс хойш ихэнх хүмүүс өдөр хоногийн баримжаагаа алдаж, допамин нь ялгарахаа больсноор зорилгын биелэлт саарч, улмаар зогсдог. Гэтэл аливаа шинэ зүйл дадал болтлоо ойролцоогоор 66 хоног тасралтгүй давтагдах шаардлагатай байдаг. Тиймээс, таны зорилгын биелэлт 3 дугаар сарын дунд хүртэл үргэлжилж чадвал хэрэгжих өндөр магадлалтай.
Хүн яагаад зорилт тавих ёстой вэ?
Хүн ер нь “За одоогоос эхлээд би амьдралаа арай муухай болгоё” гэж зорьдоггүй. Зорилт гэдэг бол бидний дээшээ тэмүүлэх тэмүүлэл юм. Байгалиасаа хүн одоо байгаа байдлаа үргэлж дээшлүүлэхийг хүсэх далд тохиргоотой байдаг. Ингэснээр бид хэрэгцээгүй зовлонгоор зовохгүй байх боломжтой. Хэрэгцээгүй зовлон гэдэг нь танд учирсан гай зовлон гэхээсээ илүү таны өөртөө учруулж буй гай зовлон юм. Хэрэв та арай илүү мундаг байсан бол… Хэрэв та тэр нэг зүйлийг хийж чаддаг байсан бол танд хэзээ ч тохиолдохгүй байх байсан зүйлс амьдралд тань зөндөө байгаа. Хүн дээшээ тэмүүлснээр, өөртөө зорилго тавьснаар ирээдүйд учирч болох “хэрэгцээгүй зовлон”-гуудыг багасгаж байдаг. Тэгэхээр хүн ЗААВАЛ зорилт тавьж амьдрах ёстой байх нь.
Зорилготой хүн л хараатай
Бидний тархины хамгийн их энергийг хэрэглэдэг функц бол бидний хараа юм. Хүн харахын тулд тархиныхаа маш их энергийг зарцуулдаг ба тархинд өөр зүйлд зарцуулах хэрэгцээ гарч ирэх үед автоматаар бусад функцүүдээ унтрааж эхэлдэг байна. Жишээ нь, та ямар нэгэн зүйлийн тухай маш хүчтэй төсөөлөх үед нүдээ аньдаг. Энэ нь таны тархи хараанд зарцуулах энергийг таны төсөөлөлд шилжүүлж буйтай холбоотой. Мөн бидний харааны маш жижигхэн хэсэг л өндөр нягтаршилтай буюу таны харааны фокус тохирсон хэсэг л тод харагдаж бусад зүйлс сайн харагддаггүй.
Энэ нь хүмүүсийн тархины энергийн зөв зарцуулалтыг хангах зорилготой байгалийн тохиргоо юм.
Тиймээс хүмүүс зөвхөн хайж буй эсвэл харахыг хүссэн зүйлээ, бүр тодруулж хэлбэл, зорилгоо л харж чаддаг. Нарийн хэлбэл, хүний тархи ЗӨВХӨН зорилго болон түүнд хүрэхэд саад хийж болох зүйлсийг харахаар тохируулагдсан байдаг. Жишээ нь, таны зорилго хөргөгчнөөс сүү авах байлаа гэж бодъё. Энэ үед таны нүдэнд өрөөний хаалттай хаалганууд, хөргөгч хүрэх замд саад болж байгаа зүйлс, хөргөгчний хаалга онгойлгосны дараа зөвхөн сүү л тод, бусад нь бүдэг харагдах болно. Та сүүгээ авах хүртлээ замд таарсан бусад зүйлсийг нарийн харж чадахгүй. Үүнийг 1999 онд хийгдсэн selective attention гэх сонирхолтой судалгаа баталдаг.
Уг бичлэгээс хар болон цагаан багуудын хооронд бөмбөг хэдэн удаа дамжуулагдаж байгааг тоолох ёстой. Ихэнх хүмүүс бөмбөг хэдэн удаа дамжуулагдсаныг зөв тоолдог ч камерын голд гарч ирэх аварга гориллын хувцастай хүнийг огт хараагүй байдаг. Та бусад хүмүүс дээр туршаад үзээрэй.
Дээрх туршилтаас харахад хорвоо ертөнц танд ямар харагдаж байгаа нь таны юунд зорьж буйтай 100% холбоотой байдаг. Тамхинаас гарах гэж оролдож буй хүнд гудамжинд таарч буй бараг бүх хүмүүс тамхи татаж байгаа мэт, приус худалдан авах гэж буй хүнд зам дээр явж буй приусууд олширсон мэт санагдаж эхэлдэг. Харин хорвоо ертөнц тэр чигтээ муухай санагдаад байвал таны зорилгод бас учир байж болох юм.
Зорилт тавих зөвлөмж
Хамгийн гол нь зорилгод хүрэх боломжтой байх ёстой. Чадамжаасаа хэтэрсэн зорилго тавьснаар бид бууж өгнө, бидний урам хугарч, өөрсдийгөө голж, дахиж зорилт тавихгүй байх эрсдэлтэй. Эсрэгээр, зорилго хэт амархан байх нь “ийм амархан юмыг ч чадахгүй” гэж өөрийгөө бүр илүү голох шалтгаан болж мэднэ. Тиймээс зорилго хэр амархан эсвэл хэцүү байх тунг болгоомжтой тохируулах учиртай.
Би та бүхэнд нэг зөвлөгөө өгье. Миний уншиж, судалж, хүндэтгэн биширдэг нэгэн болох профессор Жордан Петерсоны зөвлөгөөгөөр та гэрээ цэвэрлэх зорилт тавилаа гэж бодъё. Та 30 минутын дотор энэ өрөөг одоо байгаагаас нь илүү цэвэрхэн болгоё гэвэл юу хийж чадах вэ? Магадгүй, өрөөний булан дах бөөгнөрсөн хувцас, шүүгээний ард хуримтлагдсан тоосыг соруулах гэх мэтээр таны тархинд олон бодол, төлөвлөгөө орж ирж байгаа байх. Энэ бол зорилго мөн.
Дахин нэг зөвлөгөө. Хүн амьдралдаа өдөр тутмын, энгийн ажлуудад хамгийн их цагаа буюу нийт амьдралынхаа 50-60 хувийг зарцуулдаг байна. Тэгэхээр, энэ ажлуудаа цэгцэлж, эмхэлж, хялбарчилж, автоматжуулах нь өндөр өгөөжтэй зорилго болж чадна. Эдгээр зүйлсийг хийхэд амар, таашаалтай болгосноор таны амьдрал үлэмж дээрдэх болно. Хэрэв та хоол хийхээс төвөгшөөдөг бол түүний шалтгааныг олох хэрэгтэй. Магадгүй, хоол хийхэд ашигладаг багаж, хэрэгслүүд танд таалагддаггүй, хуучирсан үзэмж муутай учраас та хоол хийх дургүй байж болно. Тийм бол хоол хийхэд таашаал өгөх хэрэгслүүдээр шинэчлэх хэрэгтэй.
Энэ мэтчилэн, бага багаар зорилгодоо хүрэх нь танд илүү том зорилгод хүрэх эрч хүч, цаг завыг өгөх болно.
Том зорилт тавимаар байна
Танд хамгийн ашигтай зорилго юу байж болох вэ?
Хувь хүний хувьд, хамгийн өндөр ашигтай хөрөнгө оруулалтын жагсаалтыг “өөртөө хийсэн хөрөнгө оруулалт” үргэлж тэргүүлдэг. Жишээ нь бидний эрүүл мэнд ихэнх тохиолдолд бидний гарт байдаг. Хөдөлгөөн хийх, эрүүл хооллох, буруу зуршилгүй байх гэдэг нь үргэлж бидний сонголт байж ирсэн учир та дээрхээс аль нэгийг нь сонгоод сайжруулах зорилт тавьж болно. Мөн орчин үеийн хүн бүрд тулгардаг хорт зуршил бол цаг үрэх юм. Энэ магадгүй бусдаасаа хамгийн хортой нь ч байж мэднэ. Тоо бодъё.
Таны цагийн үнэлгээг 5000 төгрөг гэж тооцоод, өдөрт 6 цагийг дэмий үрдэг бол 30.000₮, 7 хоногт 210.000₮, жилд 11 сая орчим төгрөгийн үрдэг байх нь. Тэгэхээр, цагаа дэмий үрэхгүй байх зорилгыг өөртөө тавьж болно.
Тэгвэл дэлхийн хэмжээнд хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт юу вэ? Энэ талаар Нобелийн шагналт эдийн засагчид нийлж судалгаа явуулсан ба судалгааны дүгнэлтээ “Хэрхэн 75 тэрбум доллараар дэлхийг сайхан болгох вэ?” номонд буулгасан юм.
Судалгаагаар, “бага насны хүүхдүүдийг дөмөгхөн шиг хооллоход л дэлхий тэр чигтээ сайжирна” гэсэн дүгнэлтийг хийжээ. Учир нь хоол унд сайтай байсан хүүхдийн тархины хөгжил сайжирч хичээлдээ өндөр анхаарал хандуулах чадвартай байж илүү сайн суралцдаг. Тэр ч бүү хэл муу сургуульд сайн хоол ундтай байсан хүүхэд сайн сургуульд муу хоол ундтай байсан хүүхдээс илүү суралцдаг гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Сайн суралцсанаар, хүүхдүүд ирээдүйд илүү өндөр орлоготой, амьдралын чанар сайтай гэр бүлийг үүсгэдэг аж. Хамгийн хачирхалтай нь, өндөр орлоготой хүмүүс хэр олон байна тэр хэмжээгээр хүрээлэн буй орчны бохирдол багасдаг болохыг бас тогтоож. Энэ үр дүнг тэд олон жилийн туршилтаар баталсан юм.
Хэрэв та хүүхдээ хоол, тэжээлээр хангалуун байлгадаг бол хүүхдэдээ хийх таны дараагийн том хөрөнгө оруулалт бол түүний боловсролыг нэмэгдүүлэх юм. Энэ бол том зорилго. Сайн ч зорилго. Учир нь хүн төрөлхтний амьдрах хэв маяг сүүлийн хэдэн зуун жилийн турш асар ихээр өөрчлөгдөж, хүмүүсийн үнэлэмж биеийн хүч чадлаас илүү оюуны хүч чадал руу шилжиж, ур чадвартай хүмүүс хамгийн өндөр үнэлэмжтэй болсон.
Метафизикийн хувьд, амьдрал бол тасралтгүй үргэлжилдэг процесс юм. Амьдрал хэлбэрээ өөрчлөөд л үргэлжлээд байдаг нэг л зүйл гэж үзэж болно. Энэ логикоор, таны хүүхэд бол нэг ёсны та өөрөө юм. Таны “метаморфис хийсэн хувилбар” гэж хэлж болно. Тэгэхээр, та хүүхдэдээ хөрөнгө оруулах нь өөртөө хөрөнгө оруулж байгаагаас ялгаагүй.
Нөгөө талаас, хүүхдэд хөрөнгө оруулах хамгийн өндөр өгөөжтэй үе нь бага насны хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах байдаг ба дунджаар өгөөж нь 7 – 12 дахин үржигддэг тухай судалгаа бий.
Дээрх бүгдийг нийлүүлээд дүгнэхэд таны өөртөө тавьж болох хамгийн сайн зорилгуудыг жагсаавал:
- Өдөр тутамд хийдэг зүйлсээ сайжруулах
- Цаг хугацааг хий дэмий үрэхгүй байх
- Эрүүл мэнддээ анхаарах
- Хүүхдийнхээ хооллолтод анхаарах
- Өөрийн боловсролд хөрөнгө оруулалт хийх
- Хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийх