fbpx

Та программ хангамжийн инженерүүдийг өндөр цалинтай байдгийг сонсож л байсан байх. Харин яагаад өндөр цалинтай байдгийг нь мэдэх үү?

АНУ-гийн Хөдөлмөрийн Статистикийн Товчооноос гаргасан үзүүлэлтээр 2022 онд дундаж Америк иргэний цалин 53’490 доллар гэсэн бол Builtin сайтад мэдээлснээр программ хангамжийн инженерийн дундаж цалин 120’042 ам.доллар байна. Тэгэхээр яагаад программ хангамжийн инженерүүд, IT-гийнхэн ийм өндөр цалинтай байдаг вэ? Өндөр цалин авах үнэ цэн, шалгуур нь яг юу вэ?
Салбарын мэргэжилтнүүд, инженерүүд болон оюутнуудаас авсан судалгааны үр дүн болох дараах 3 шалтгааныг сонирхуулъя.

Эрэлт ба нийлүүлэлт

Мэдээж хөдөлмөрийн зах зээлд, ажлын байрны эрэлт, ажиллах хүчний нийлүүлэлт цалинг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Сүүлийн хэдхэн жилд технологийн дэвшил асар хурдацтай гайхмаар түвшинд хүрч байна. Түүнийгээ дагаад технологийн магнатуудын зах зээл ч өргөжиж хэдэн их наяд ам.долларт хүрлээ. Маш олон жижиг стартап, гарааны компаниуд шинэ санаагаараа энэхүү салбарт нэмэгдсээр байна. Стартап-уудаас гадна томоохон уламжлалт бизнесүүд ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн цахим хэлбэрт шилжиж байгаа юм.

Тиймээс тэдгээр бизнесүүд компаниудад хамгийн эрэлттэй хэрэгтэй байгаа хүмүүс бол яах аргагүй программ хангамжийн инженерүүд, ер нь IT буюу мэдээллийн технологийн бүхий л төрлийн мэргэжилтнүүд байна. Хамгийн дөт жишээ авбал хэвлэл мэдээлэл, банк санхүү, төрийн байгууллагууд, энтертайнментын салбар гээд л бараг тоотой бүх байгууллагууд утасны апплекэйшн, веб сайттай болжээ. Харин энэ эрэлтийг бүрэн дүүрэн хангах хэмжээний их инженерүүд одоохондоо байхгүй байгаа билээ.

Цахим шилжилт хөдөлгөөнөөс гадна алдартай технологийн компаниуд, өөрсдийн багтаа элсүүлэх чадварлаг, авьяаслаг мэргэжилтнүүдийн байнгын эрэлд байдаг. Иймэрхүү эрэл ч гэх үү сонгон шалгаруулалт ч гэх үү үзэгдэл “Цахиурын Хөндий” -н аваргуудыг улсын нөгөө захаас, бүр цаашлаад, өөр улс орнуудаас инженерүүд ажилд авах тренд үүсгээд байгаа юм. Тэгэхээр энэ эрэлт ба нийлүүлэлт нь программ хангамжийн инженерүүд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг илүү өндрөөр үнэлэх бас нэг шалтгаан юм.

Өндөр хариуцлагатай ажил

Инженерүүд өндөр цалин авдаг ч үүнийгээ дагаад тэдний гүйцэтгэх үүрэг хариуцлага ч бас их. Технологийн компанийн хувьд байгууллагынх нь гол цөм нь технологи. Харин тэр технологиудыг бий болгож бүрэн ажиллагаатай байлгахад “IT-гийнхэн” гол үүрэгтэй. Ийм учраас инженерүүд өөрсдийн ажилладаг компаниудад шууд нөлөө үзүүлдэг гэсэн үг.
Ердөө нэгхэн цаг компанийн сервер доголдоход хэдэн сая долларын алдагдалд орох боломжтой. Тухайлбал, нэг секунд сервер доголдоход Амазон 1.6 тэрбум борлуулалт алддаг байна. Компанийн орлогыг тогтвортой байлгахын тулд инженерүүд системийн аюулгүй байдлыг ханган, найдвартай хянаж асуудал гарсан тохиолдолд хэзээд бэлэн байх ёстой. Компанийн систем доголдсон үед цаг алдах тусам компанийн алдагдал ихэссээр байх юм.

Дасан зохицох, хөрвөх чадвар. шаарддаг.

Технологийн ертөнц ямар ч барьцгүй асар хурдацтай өөрчлөгдөж байна. Хэдэн жилийн өмнө бидний сурсан зүйл өнөөдөр дэндүү хоцрогдсон байж магадгүй юм. Одоогоос 10 жилийн өмнө гар утасны аппликейшн гэж байдаггүй байсан. Чадварлаг инженерүүд шинэ технологитой хөл нийлүүлэн алхаж, мэдлэгээ байнга шинэчилж байх ёстой. Өөрөөр хэлбэл, технологийн өнөөгийн байдалд дасан зохицох хэрэгтэй болоод байна.

Бусад ажил мэргэжлийн хувьд хэдэн арван жилийн турш ижил зарчим эсвэл аргачлалтай байсаар байж болно. Харин өдөр ирэх бүрд хувьсан хөгжиж буй технологийн ертөнцөд ийм байдал хэрэгжих боломжгүй юм.Орчин үеийн дэлхий, хамгийн сүүлийн үеийн технологитой үргэлж хөл нийлүүлэн алхах хэрэгцээ нь программ хангамжийн инженерүүдийг хоёр дахин шаргуу ажиллахад хүргэдэг.  Инженерүүд зөвхөн хийсэн ажлынхаа хөлсийг авдаг төдийгүй “өөрсдийгөө шинэчилж байх” замаар, хийх шаардлагатай “ирээдүйн ажил”-ын цалинг ч мөн авдаг байх нь.

Leave a Reply