Видео тоглоом бүтээх нь өөрийн төсөөллийн ертөнцөө бодит болгох боломж юм! Тоглоом бүтээх ид шидийн үйл явцыг өсвөр насныхан хүртэл ойлгох энгийн алхмууд болгон задалцгаая.
Санаагаа буулгах <~> Тоглоом бүтээх сэдэл
Гайхалтай бүтээл болгон маш жижигхэн санаанаас эхэлдэг. Толгойдоо орж ирсэн энэ жижигхэн санаагаа буулгаж, боломжтой зүйлсээр чимэглэснээр зохиол бүрэлдэх болно. Тоглоомын түүх, орчин, дүр, босс гээд юу ч орж ирсэн бай энэ санаа нь дэлгэрсээр Minecraft-н хэмжээнд хүртэл хөгжих боломжтой. Тийм учраас юун түрүүнд санаагаа буулга.
Ерөнхий дизайн <~> Тоглоомоо төлөвлөх
Олсон санааныхаа дагуу төсөөлөлдөө тоглоомын ертөнцөө бий болгоно. Болж өгвөл бүх нарийн зүйлсийг нэгт нэгэнгүй төсөөлөх хэрэгтэй. Хүн алхаж байна гэж төсөөлбөл түүний хувцас, гадаа цаг агаар, алхаж буй зам нь, түүн дээр гишгэхэд гарах чимээ гэх мэт бүх зүйлийг төсөөлөх хэрэгтэй. Энэ нь тоглоомын ерөнхий дизайныг тодорхойлно. Үүгээр бид тухайн тоглоомыг RPG, FPS, эсвэл Open World гэх мэт ямар төрөлд хамаарахыг нь шийдэх болно. Нэмж хэлэхэд энэ нь ихэвчлэн зохиолтой тоглоомуудад хамаарах бөгөөд энгийн .io өргөтгөлтэй тоглоомуудад бараг хамаарахгүй гэдгийг санаарай.
Дээрх 2 нь уран төсөөл сайтай хэний ч хийж чадах зүйлс. Энэнээс цааш бага зэрэг мэргэжлийн ур чадвар мэдлэг шаардах болно. Зохиол, ерөнхий загвар болсон бол дараах үе шатуудыг 2 хувааж үзнэ. Хөгжүүлэлт болон Загвар.
Designer:
Тоглоомын дүр, орчин, хэрэгслээс эхлээд pause, menu зэрэг тоглоомоос гадуурх хэсэг гээд нүдэнд харагдах бүхний хэлбэр, хэмжээ, өнгө, дүрсний шийдлийг бэлтгэнэ.
Developer:
Тоглоомын ертөнцийн хуулийг бичих болно. Физикийн хуулиудыг, хүн амьтны хөдөлгөөний механик, ямар үед ядарч, хэрхэн сэргэж, хожигдож мөн хожих талаар.
Эдгээр хүмүүсийг шинэ ертөнц бий болгож буй бүтээгчид(бурхад) гэж хэлж болно. Бүтээх явцад зохиолд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэ дүрүүд гарч ирэх гэх мэт олон зүйлс тохиолдож болно. Энэ нь хөгжүүлэлтийн явцыг удаашруулдаг тул эхнээсээ бүх зүйлсийг нарийн хийх хэрэгтэй. Бүтээгчид болчихлоо гэсэн ч тоглоом маань бүрэн болоход хэдэн алхам дутуу бий.
Тестлэх <~> Тоглодог ажил
Тоглоом зах зээлд гарахаас өмнө ямар нэгэн логик болон дүрслэлийн алдаа байгаа эсэхийг шалгах зорилгоор тоглож үздэг. Ингэхдээ цаг алдахгүйн тулд тоглоомын бүх зүйлсийг агуулсан demo загвар гаргадаг. Тестлэх нь зүгээр нэг тоглох биш маш анхааралтайгаар олон дахин туршиж үзэхийг хэлнэ. Нөгөө талаас тоглоомын demo хувилбарыг тоглодог ажил гээд бод доо???
Худалдаанд гаргах <~> Олонд хүргэх
Маш гоё тоглоом бүтээсэн ч олонд хүргэж чадахгүй бол хүмүүс мэдэхгүй үлдэнэ. Маркетингийн үе шат нь бүтээхээсээ ялгаагүй чухал шат юм. Туршилтын шатанд ашиглаж байсан demo хувилбарыг үнэгүй тоглуулах, алдартай streamer-р тоглуулах, ad гүйлгэх зэрэг нь хамгийн түгээмэл ашиглагддаг аргууд байдаг. Зарим Assassin’s Creed, World Of Warcraft зэрэг тоглоомууд нь бүтэн кино шиг сурталчилгаа хийж байсан ч тохиолдол бий.
Төгсгөлд нь хэлэхэд тоглоом бүтээх нь маш олон үе шатыг дамждаг ч өнөөдрийн нийтлэл дээр сонирхож буй хүмүүст зориулан зөвхөн гол зүйлсийг нь бичлээ. Мөн бүх тоглоом дээрх мэдээллийн дагуу бүтдэггүйг санаарай.