fbpx

Мэдээллийн Технологи Бидний Амьдралд

Ойрын хэдэн жилдээ Мэдээллийн технологи (МТ)-ийн зах зээлийн төлөвийг тодорхойлох хамгийн гол хүчин зүйл Digital Transformation буюу Цахим хувьсгал юм.

Цахим хувьсгал дэлхий дахинаа 2020 он хүртэл эрчимтэй үргэлжлэх нь нэгэнт тодорхой болов. Магадгүй 2020 он гэхэд нийт бизнесийн байгууллагын 70%, 2025 он гэхэд 90% нь цахим хувьсгалд нэгдэж, шинэ эринд хөл нийлүүлэн ажиллаж эхлэхийг экспертүүд мэдээлж байна. Товчхондоо Цахим хувьсгал гэдэг нь бизнесийн стратеги, бодлого төлөвлөлт, үйл ажиллагааг технологийн 4 гол чиг хандлагатай (Клауд, Ухаалаг утас, Нийгмийн сүлжээ системүүд, Их өгөгдөл) нягт уялдуулан хийхийг хэлнэ.

Жишээ нь байгууллагуудын тухайд Сloud технологийн бүтээгдэхүүн үйлчилгээнд маш бага хамрагдсан байдалтай байна. Нийт бизнесийн байгууллагын 5 хүрэхгүй хувь нь Клауд технологийн хамгийн энгийн бүтээгдэхүүн үйлчилгээг, тухайлбал Microsoft-ийн Office 365 зэргийг хэрэглэж эхлэх төдий байгаа ба бусад гол шийдэл үйлчилгээнд хамрагдаж эхлээгүй байна. Өнөөдөр Клауд технологийн үйлчилгээг бүрэн утгаар нь үзүүлэх дотоодын компаниуд алга гэж хэлж болно. Клауд үйлчилгээ үзүүлэгч Amazon, Google, Microsoft, Oracle, Alibaba зэрэг гадны томоохон компаниудын хувьд Монголын харьцангуй жижиг зах зээлийг зорин сонирхох нь ач холбогдол бага байгаатай холбоотой бизээ. Эдгээрээс дутахгүй бас нэг гол шалтгаан нь хэрэглэгч байгууллагуудын зүгээс энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний үр ашгийг төдийлөн мэдэрч эхлээгүй байгаатай холбоотой.

Харин Клауд технологитой харьцуулбал манай оронд ухаалаг утасны хэрэглээ болон нийгмийн сүлжээ системд холбогдсон байдал илүү сайн байна. Энэ нь хэрэглээ талдаа сайн хөгжиж буй ч дотоодын нийгмийн сүлжээний систем байхгүй, гадны томоохон системийн албан ёсны төлөөлөл мөн байхгүй байгаа нь бизнес үр шимийг нь бүрэн хүртэх боломжийг хязгаарлаж байна.

Их өгөгдлийн хувьд манай оронд тоон мэдээллийн бааз суурь эхлэлийн шатандаа байна. Банк санхүү, зарим нэг томоохон уул уурхайн компаниуд, төрийн байгууллагуудыг эс тооцвол ихэнх байгууллагууд дөнгөж санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн систем төдийхнөөр зөөлөн дэд бүтэц болох програм хангамжийг нэвтрүүлэн хэрэглэж байгаа нь тоон мэдээллийн бааз суурь тааруухан байхад нөлөөлж байна. Нөгөө талаас дээр дурдсан дотоодын нийгмийн сүлжээ байхгүй байгаа нь хувь хүмүүсийн нэгдсэн идэвхтэй мэдээллийн суурь сан үүсгэх боломжийг алга болгож буй гол хүчин зүйл юм.

Leave a Reply