Египетийн пирамидын доорх “газар доорх хот”-ын нууц улам гүнзгийрч, эрдэмтэд 4,000 гаруй футын гүнд юу нуугдаж болох тухай шинэ мэдээлэл хуваалцлаа.
Италийн судлаачдын баг аварга том босоо хонгилуудыг илрүүлсэн бөгөөд тэдгээр нь “эргүүлэг шат”-аар хүрээлэгдсэн байжээ. Мөн хоёр асар том танхим бүхий шохойн чулуун асар том тавцан, уруудах сувагтай байгууламжуудыг илрүүлсэн нь ус дамжуулах хоолой шиг харагдаж байсан байна.
Бямба гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр судлаачид Хафре пирамидын 2,100 гаруй футын гүнд байрлах тавцангийн доор усны систем байгааг илрүүлсэн гэж мэдэгдсэн бөгөөд газар доорх замууд нь бүр ч гүн рүү хөтөлж байгааг онцолжээ.
Судлаачдын баг радарын долгион ашиглан газар доорх бүтцийн өндөр нарийвчлалтай дүрсийг бий болгосон бөгөөд энэ нь далайн гүнийг зураглахад хэрэглэдэг сонараар зураг авах аргачлалтай ижил аж.
Хэдийгээр зарим мэргэжилтнүүд эдгээр гайхмаар нээлтийг “худал” болон “хэтрүүлэг” хэмээн үгүйсгэж байгаа ч, судлаачид 2,000 гаруй футын гүнд “олон байгууламж бүхий бүхэл бүтэн нууцлаг ертөнц” оршин байж магадгүй гэж үзэж байна.
“Бид ирээдүйд эдгээр дүрсийг томруулах үед, доор нь жинхэнэ газар доорх хот оршиж байгааг ил болгоно,” хэмээн Италийн Пиза их сургуулийн профессор Коррадо Маланга англи хэл рүү орчуулагдсан мэдэгдэлдээ дурдсан байна.
Эдгээр судалгааны ажлыг хараахан бие даасан судлаачдын зүгээс хянаж баталгаажаагүй ч, багийнхан “Хафре пирамидад нууцлаг зүйлс, ялангуяа домогт ‘Бичиг баримтын танхим’ оршиж байж магадгүй” гэж үзэж байна.
Бичиг баримтын танхим нь эртний Египетийн домогт олонтоо дурдагддаг алдартай ойлголт юм. Энэ нь Их пирамидаас эсвэл Сфинксийн доороос олдох магадлалтай нууцлаг өрөө бөгөөд эртний соёл иргэншлийн алдагдсан их мэдлэг, мэргэн ухааныг агуулсан байх боломжтой гэж үздэг.
Хафре пирамидын доор

Денверийн их сургуулийн радарын шинжээч, археологийн чиглэлээр мэргэшсэн профессор Лоуренс Коньерс DailyMail.com-д өгсөн ярилцлагадаа уг технологи ийм гүн рүү нэвтэрч чадахгүй гэж мэдэгдэж, газар доорх хотын тухай санааг “асар их хэтрүүлэг” гэж үзэж байна.
Гэсэн хэдий ч тэрээр пирамидын доор жижиг байгууламжууд, жишээлбэл, хонгил, танхимууд оршин байх боломжтой гэж үзжээ. Учир нь уг газар нь эртний хүмүүсийн хувьд “онцгой ач холбогдолтой” байсан тул пирамид барихаас өмнө ч ийм байгууламжууд байсан байх магадлалтай гэж тайлбарласан байна.
Тэрээр “Маяачууд болон эртний Месоамерикийн бусад ард түмнүүд ёслолын ач холбогдолтой агуй, агуйн орцны дээр пирамидуудаа барих тохиолдол олон байжээ” хэмээн онцолжээ.
Маланга, Шотландын Стратклайдын их сургуулийн Филиппо Бионди, Египет судлаач Армандо Мей нарын ажлыг өнгөрсөн долоо хоногт зөвхөн Италид болсон хаалттай уулзалтаар танилцуулсан байна.
Төслийн төлөөлөгч Николь Чикколо Бямба гарагт судалгааны талаар ярилцсан шинэ бичлэг хуваалцсан бөгөөд уг ажил хараахан шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдээгүй, хараат бус шинжээчдийн хяналт шалгалтад ороогүй байгаа юм.
Судлаачид Гиза цогцолборын гурван пирамидын нэг болох Хафре пирамидыг төвлөрч судалжээ. Бусад хоёр нь Хуфу болон Менкаурын пирамид юм.
Эдгээр гурван пирамид нь ойролцоогоор 4,500 жилийн өмнө баригдсан гэж үздэг. Тэдгээр нь Египетийн хойд хэсэгт, Нил мөрний баруун эрэгт орших хадархаг өндөрлөг дээр байрладаг бөгөөд эртний фараонуудын нэрийн өмнөөс баригдсан гэж үздэг.
Хафре пирамидаас доош илэрсэн босоо хонгилууд нь 33-39 футын (10-12 метрийн) диаметртэй бөгөөд хамгийн багадаа 2,130 фут (650 метрийн) гүнд байрлаж байгаа аж. Судлаачид эдгээр байгууламжууд нь пирамидыг тогтвортой байлгах үүрэгтэй байж магадгүй гэж таамаглаж байна.
“Бид тооцоо хийж үзэхэд Хафре пирамид туйлын хүнд жинтэй болох нь тогтоогдсон. Энэ хэмжээний байгууламжийг тогтвортой байлгахын тулд хатуу суурь хэрэгтэй. Үгүй бол живж, суулт өгөх аюултай,” гэж Маланга тайлбарлажээ.
Чикколо мөн цилиндр хэлбэрийн байгууламжууд нь газар доорх систем рүү нэвтрэх гарцын үүрэг гүйцэтгэж байж болзошгүй гэж онцолсон байна.

Судлаачдын баг Хафре пирамидаас доош 2,100 гаруй футын (640 метр) гүнд хүрэх найман цилиндр хэлбэртэй байгууламж илрүүлсэн гэж мэдэгджээ. Тэд эдгээр хонгилын хажуу талд эргүүлэг бүтэцтэй байгууламжууд оршин байгааг тодорхойлсон байна.

Энд пирамидын доорх хонгилуудын скан зураг харагдаж байна. Босоо хонгилууд нь 33-39 фут (10-12 метр) диаметртэй бөгөөд хамгийн багадаа 2,130 фут (650 метр) гүнд байрлаж байна. Судлаачдын баг эдгээр байгууламж нь пирамидыг тогтвортой байлгах үүрэг гүйцэтгэж байж магадгүй гэж таамаглажээ.п

Хэвлэлийн бага хурлын үеэр судлаачдын баг Дэлхийгээс 420 миль (676 км) зайд байрлах хоёр хиймэл дагуулын тусламжтайгаар Хафре пирамид руу радарын долгион илгээж, тэдгээр хэрхэн ойж буцаж ирснийг шинжилсэн гэж тайлбарласан байна. Зураг дээр пирамид дотор илэрсэн нууцлаг байгууламжууд харагдаж байна.
Босоо хонгилуудын доор тус бүр 260 фут (80 метр) талтай хоёр аварга том тэгш өнцөгт байгууламж илэрчээ. Судлаачдын хэлснээр, эдгээр байгууламж тус бүр дээрээсээ доош чиглэсэн дөрвөн хонгилтой аж.
Танилцуулгын үеэр багийнхан радарын долгионоор бүрдүүлсэн зургийг үзүүлсэн бөгөөд энэ нь Хафре пирамидаас гадна түүний доорх хонгилуудыг дүрсэлсэн байв.
Түүнчлэн уг зургаас “нарийн төвөгтэй, гэрэлтсэн бүтэцтэй, тодорхой чичирхийлэл бүхий байгууламж” илэрсэн нь “жинхэнэ газар доорх хот” байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.
“Газар доорх аварга том танхимууд нь пирамидтай дүйцэхүйц хэмжээтэй бөгөөд энэ нь домогт ‘Аментийн танхимууд’-тай маш хүчтэй холбоотой байж магадгүй,” гэж Чикколо мэдэгджээ.
Маланга, Бионди нар 2022 оны 10-р сард Remote Sensing шинжлэх ухааны сэтгүүлд хараат бус эрдэмтдийн хяналттай судалгаагаа нийтэлж, Хафре пирамидын дотор нууцлаг өрөө, замууд, мөн пирамидын суурийн ойролцоо дулааны онцгой аномали илэрсэн тухай баримт дурдсан байна.

Судлаачдын баг энэ скан зураг пирамидын доор нуусан “асар том хот” оршиж байгааг илэрхийлж байна гэж мэдэгдсэн бөгөөд уг байгууламж нь гэрэлтсэн өнгөөр дүрслэгдсэн байна.

Зураг дээр тус судалгаанд оролцсон судлаачид харагдаж байна: Армандо Мей (зүүн гар талд), Николь Чикколо (хоёр дахь зүүн талд), Филиппо Бионди (хоёр дахь баруун талд), Коррадо Маланга (баруун гар талд).
Б. Сайнбаяр