Гунигтай ч юм шиг санагдаад байшөө багшид нь
2017 оны 7 сарын 20-нд хамгийн анхныхаа хичээлийг орох гээд Milton School дээр ирээд хүүхдүүд болон багш нараас ичээд орж чадахгүй үүдэнд нь жаал зогсож билээ. Хамгийн анхныхаа хичээлийг хэрэндээ л бэлдэж очсон хирнээ хичээлээ эхлүүлээд шал өөр юм яриад явчихсанаа санадаг юм. Сандарсных л байх л даа. Тэрнээс хойш Австралид 2 жил гаруй хугацаанд Eagle Junction State School, Ascot State School, Hilder Road State School гэх зэрэг 20 орчим сургуулиудад багшилсан. Монголд ирээд, үүсгэн байгуулсан сургалтын төвдөө 2019 оноос хойш тасралтгүй багшилсан.
10 дугаар сарын 29-нөөс миний багшлах хамгийн сүүлийн The Essential Engineering анги эхлэнэ. Энэ ангиа 12 сарын 18нд төгсгөөд дахиж хүүхдүүдэд хичээл заахгүй. Багшлах миний хамгийн дуртай ажлуудын нэг. Гэхдээ, өнөөдөр манай улсын технологийн боловсролын түвшин маш доогуур байгаатай холбоотойгоор би хичнээн хичээгээд, 24 цагаар багшиллаа ч энэ их хоцрогдолыг нөхөх боломжгүй. Гэхдээ, хоцрогдолыг арилгах, технологийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд би яг өөр шигээ олон зуун багш нарыг бэлдэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна.
Багшилсан хугацаандаа ойлгосон хамгийн том сургамж
Багш бол зөвхөн мэдлэг түгээгч биш урам зориг түгээгч гэдэгт итгэдэг. Өнгөрсөн 5 жил багшлах хугацаанд инээдтэй, уур хүрмээр, ичмээр олон дурсамжийн гэрч боллоо. Сэтгэлд хамгийн гоё санагддаг нь Австралид багшилж байхад аутизмтай, хөдөлгөөн нь хоригдсон, бага зэрэг л ярьж чаддаг хүү миний танилцуулах хичээлд суусан юм. Хоёр багш тэр хүүхдэд туслаж, компьютер дээр бичих гэснийг өмнөөс нь бичиж, миний тайлбарласан зүйлсийг дахин тайлбарлаж өгдөг байв. Тухайн үед би бодлоор удирддаг дрон хийх гээд цүнхэндээ дрон болон тархины бичлэг хийдэг EEG төхөөрөмж авч явдаг байсан юм. Багшилж байхдаа хүүхдүүдэд үргэлж та нарын сурч буй зүйл амьдрал дээр ийм зүйл болдог гэдгийг жишээгээр харуулахыг хичээдэг зангаараа өөрийнхөө ажиллаж буй төслийг хүүхдүүдэд танилцуулсан юм. Тэгэхэд тэр аутизмтай хүүгийн нүдэнд гал асаад л ирсэн. Хичээлийн дараа хоёр багш нь надтай уулзан тэр хүүд бодлоороо яаж юм удирдаж болдог юм бэ? Энэнийхээ тухай яриад өгөөч гэж гуйв. Би ч дуртайяа зөвшөөрч, тэр хүүд мэддэг зүйлсээ тайлбарлан ярилцсан юмдаг. Ярианы төгсгөлд, хүү надад том болоод инженер болоод, өөртөө зориулаадбодлоороо удирддаг өмсгөл бүтээнэ гэж хэлж билээ. Эндээс л би багш хүн хүүхдүүдийн итгэл найдвар, урам зоригыг асаагч, бадраагч юм байна гэдгийг ухаарсан хэрэг.
Манай ТЕE Education сургалтын төвийн зорилго бол Монгол хүүхдүүдийн технологийн боловсрол, мэдлэгийн түвшинг Австралийн хүүхдүүдийнхтэй адилхан болгож, улмаар, дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх, өрсөлдөх ур чадвартай, эрэлттэй, доллараар цалинждаг мэргэжилтнүүдийн тоог олон болгох. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд би ганцаараа биш багаараа, бүр олуулаа ажиллахаар шийдлээ. Тиймээс, баяртай, багшийн ажил минь! Сайн байна уу, багш нарын багшийн ажил минь!