fbpx

Алгоритм гэж юу вэ?

Хүн өдөр бүр элдэв ажил үйлчилгээ эрхлэн явуулахдаа тогтсон дараалал, дүрэм зааврын дагуу хийж гүйцэтгэдэг. Бялуу хийх, өглөө босох, нүүрээ угаах, тоо бодоход тодорхой тооны үйлдлийг дэс дараатайгаар хийдэг. Жишээлбэл бялуу хийхийн тулд доорх үйлдлийг хийж болно.

  1. Зуухаа урьдчилан халаана.
  2. Орцуудаа цуглуулна.
  3. Орцоо хэмжинэ.
  4. Зуурмагийг хийхийн тулд орцуудаа хольж хутгана.
  5. Зуурмагны саван дээр тос түрхэнэ.
  6. Зуурсан гурилаа саванд хийнэ.
  7. Савыг зууханд хийнэ.
  8. Цагаа тохируулна.

Үүнтэй адилаар математикийн бодлогыг бодоход хийх үйлдлийг тодорхой дарааллаар жагсааж болно. Жишээ нь урт илэрхийллийг бодохын тулд эхлээд хаалтан доторх үйлдлүүдийг хийж дараа нь үржих, хуваах үйлдлийг хийнэ. Үүний дараа нэмэх хасах үйлдлийг хийнэ.

Үнэндээ бялуу хийх , илэрхийлэл бодох нь 2 эрс ялгаатай мэт боловч аль аль нь хийгдэх үйлдлүүдийг эрэмбэд оруулан жагсааж түүнийхээ дагуу хийж байна.

Тэгэхээр энгийнээр бидний эргэн тойронд өрнөж буй ажил хэрэг, асуудлыг шийдвэрлэх, бодлого бодох, барилга барих аргачлал, заавар бол алгоритм ажээ.

Алгоритм хэрхэн ажилладаг вэ?

Алгоримтыг хүн болон компьютер гүйцэтгэх боломжтой. Хүн компьютерт зориулж алгоритм зохиосноор механик ажлаас өөрийгөө чөлөөлөх замаар оюуны хөдөлмөрөө хөнгөвчилдөг. Программчлалын хэлнүүдийг ихэвчлэн компьютерийн гүйцэтгэдэг алгоримтуудыг илэрхийлэх зорилгоор ашигладаг. Алгоритм нь анхны оролттой байх бөгөөд зааврын дагуу үйлдлүүдийг гүйцэтгэснээр гаралт бий болно. Жишээ нь хайлтын алгоритмыг авч үзвэл бид хайх үгийг оруулна, оролтын дагуу хайлтыг хийж бидний хүссэн үр дүнг гаргаж өгнө. Алгоритм практик дээр суурилан гарч ирдэг тул хаа сайгүй алгоритм бий. Үүний улмаас алгоритмыг үнэн зөв эсэхийг шалгах, алгоритмын ямар чанартай байх зэрэг асуудлуудын шийдлүүд өргөн дэлгэржээ.

Алгоритм бичих ур чадвар

Алгоритм гарган авах ерөнхий арга гэж байдаггүй бөгөөд хүн бүр нэг зүйлийг өөр өөрөөр хийж гарах үр дүн нь ч өөр байдаг. Хүүхдүүдийн хувьд алгоритм бүтээх үйл явцыг ойлгох нь логик сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх хүчтэй суурийг тавьж өгдөг. Хүүхэд ч гэлтгүй бид бүгд алгоритм бичиж сурснаар цэгцтэй зөв сэтгэж сурах боломжтой байна.

Leave a Reply