

Дэлхийн Эдийн Засгийн Форум (WEF) болон Frontiers байгууллагаас хамтран зарласан "2026 оны онцлох 10 технологи"-ийн жагсаалтыг Everything-to-Grid (E2G) буюу "Бүхнийг нэгдсэн шугамд" технологи тэргүүлсэн байна.
Өнөөдрийг хүртэл бид цахилгаан эрчим хүчийг зөвхөн нэг чиглэлд буюу том цахилгаан станцаас өөрийн гэр, автомашин руугаа авч ашигладаг байв. Харин 2026 онд энэхүү уламжлалт ойлголт бүрэн зогсож, эрчим хүчний сүлжээ нь хэрэглэгч бүр идэвхтэй оролцдог ухаалаг систем болон хувирч байна. Үүнийг Everything-to-Grid (E2G) буюу Хэрэглэгчээс Сүлжээ рүү чиглэсэн технологийн үсрэлт гэж нэрлэж байгаа юм.
"Everything-to-Grid" гэж юу вэ?
Энэ нь цахилгаан автомашин (EV), ахуйн батерей, ухаалаг барилга, үйлдвэрүүд болон дата төвүүдийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар удирдан, эрчим хүчийг хадгалах болон буцааж сүлжээ рүү илгээх хоёр талт (bidirectional) системийг хэлнэ.
Жишээ нь: Монгол улсын хувьд өвлийн үдэш эрчим хүчний ачаалал дээд цэгтээ (peak hours) хүрдэг. Энэ үед таны гражд байгаа цахилгаан автомашин өөртөө хадгалсан цэнэгийг төвийн шугам руу автоматаар шахаж, системийн ачааллыг тэнцвэржүүлнэ. Улмаар та өндөр үнэтэй ачааллын цагаар цахилгаан нийлүүлснийхээ төлөө улсаас мөнгө олох боломж бүрдэж байгаа юм.
Бодит амьдрал дээр:
Герман Улс: 2026 оны 4 сараас эхлэн хэрэгжиж буй Эрчим хүчний шинэ хуулиар (Energy Industry Act) цахилгаан автомашиныг бие даасан эрчим хүч хадгалах станц гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч, "давхар татвар"-ыг цуцалжээ. Хэрэв Германы нийт EV-үүдийн 20-30% нь энэ сүлжээнд холбогдвол 1.5 ГВт хүчин чадалтай томоохон цахилгаан станцыг орлох чадалтай байна.
Автомашины брэндүүд: Францын Renault 5 E-Tech, BMW (iX3), Mercedes (GLC) зэрэг автомашинууд хоёр талт цэнэглэлтийн CCS2 стандартыг үйлдвэрээсээ дэмжин гарч байна. BMW-ээс хэрэглэгчдэдээ сүлжээнд холбогдсоны урамшуулал болгож сард 60 евро хүртэлх бонус олгож эхэлсэн байна.
Эдийн засгийн үр ашиг: Ухаалаг ханын цэнэглэгчүүд (Wallbox) одоогоор зах зээлд бэлэн худалдаалагдаж байгаа бөгөөд хэрэглэгчид шөнө хямд үед нь машинаа цэнэглээд, өдөр нь ачааллын үеэр улсад өндөр үнээр буцааж зарах замаар зардлаа богино хугацаанд нөхөж байна.

Герман улс зөвхөн цахилгаан автомашинуудынхаа 20–30 хувийг сүлжээнд холбоход л 1.5 ГВт (1,500 МВт) цахилгаан станцыг орлоно гэсэн тоог бид дээр дурдсан. Тэгвэл энэ нь манай улсын хувьд ямар хэмжээний эрчим хүч болохыг харьцуулж үзье.
Манай улсын эрчим хүчний гол тулгуур багана болох "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК болон төвийн бүсийг тэжээж буй хамгийн том станц болох "Дулааны IV цахилгаан станц" (ДЦС-4) ТӨХК-ийн суурилагдсан нийт хүчин чадал нь өргөтгөлүүдээ хийгээд өнөөдөр 780 орчим МВт байна.
Өөрөөр хэлбэл, Е2G технологийн тусламжтайгаар Германы автомашинуудын гаргаж буй тэрхүү 1,500 МВт виртуал эрчим хүч нь манай "ДЦС-4"-ийг яг 2 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц асар том хүчин чадал юм.
Манай улсад хэрэгжих боломж бий юу?
Монгол Улсын хувьд өвлийн цагт эрчим хүчний оргил ачаалал (ялангуяа 17:00-22:00 цагийн хооронд) дээд цэгтээ тулж, хязгаарлалт хийх дээрээ тулдаг. Хэрэв ирээдүйд Улаанбаатар хотод явж буй цахилгаан автомашинууд болон гэр хорооллын айл өрхүүдийн дулаан хадгалах батерейнуудыг энэхүү хоёр талт E2G системд холбож чадвал, заавал шинээр том станц барих гэж олон жил хүлээлгүйгээр оргил ачааллын хүндрэлийг "виртуал" хэлбэрээр, ухаалгаар шийдэх бүрэн боломжтойг энэхүү дэлхийн чиг хандлага харуулж байна.