
Оюун ухааны хил хязгаарыг нээх нь(Neurotehnology)

Г.Отгонцэцэг
Багш


Г.Отгонцэцэг
Багш
Тархи болон компьютерын уялдаа холбоо
Тархи-компьютерын интерфейс (BCI) нь тархины мэдрэлийн эсийн үйл ажиллагааг шууд бүртгэж түүнийг компьютер эсвэл машины удирдлагад ашигладаг систем юм.Энэхүү технологийн үндсэн зарчим нь тархины нейронуудын цахилгаан идэвхийг дохио болгон уншиж, машин сургалтын алгоритмоор тайлбарлан, тухайн хүний бодол (жишээ нь: гараа хөдөлгөх)-ыг компьютерийн тушаал болгон хувиргах явдал юм. Энэ технологи нь ерөнхийдөө хоёр төрөлд хуваагддаг.
1. Invasive -тархинд шууд имплант суулгах
2.Non-Invasive толгойн гадна электрод байрлуулах
Invasive BCI-д Neuralink компанийн бүтээсэн, мэдрэлийн эд эсийн идэвхийг маш нарийвчлалтай уншдаг цахилгаан утаслаг чип орно. Энэ чипийг мэс заслын аргаар тархины гадаргуу дээр суулгаж, мянга гаруй электродоор нейроны дохиог бүртгэдэг. Харин EEG зэрэг non-invasive аргууд толгойн гаднах цахилгаан идэвхийг бүртгэдэг тул аюулгүй боловч нарийвчлал бага байдаг.

BCI технологийн хамгийн анхаарал татаж буй хэрэглээний нэг нь саажилт, нугасны гэмтэл болон мэдрэлийн эмгэгийн улмаас хөдөлгөөн, харилцааны чадвар нь хязгаарлагдсан хүмүүст туслах явдал юм. Энэ тохиолдолд тархи болон биеийн хоорондын мэдрэлийн холбоо алдагдсан байдаг тул энэ холбоосыг технологийн аргаар нөхөх боломжийг судалсан байна.
2024 онд анхны туршилт болох хүний тархинд чип суулгалт хийсэн. Тэрээр түүний тархины мэдрэлийн дохиог ашиглан компьютерын курсорыг удирдаж тоглоом тоглох, текст бичих зэрэг олон үйлдлийг амжилттай хийжээ.
Мөн судлаачид хүний тархины яриатай холбоотой мэдрэлийн дохиог тайлж, түүнийг текст эсвэл хиймэл дуу хоолой болгон хувиргах технологийг хөгжүүлж байна. Цаашид энэ төрлийн системүүд хөгжвөл ярих чадвараа алдсан хүмүүст өөрийн бодол, хэрэгцээгээ илэрхийлэх шинэ боломж бий болж болох юм.
Нейротехнологийн хэрэглээ нь зөхөн хөдөлгөөн, харилцаагаар хязгаарлагдахгүй. Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан нейропротез, мэдрэлийн имплант зэрэг технологиуд мөн хөгжиж байна. Тухайлбал, харааны мэдээллийг тархины тодорхой хэсэгт цахилгаан дохиогоор дамжуулах, сонсголын системийн гэмтсэн хэсгийг тойрон мэдрэлийн замд дохио хүргэх аргуудыг судалж байгаа юм. Эдгээр нь мэдрэхүйн мэдээллийг бүрэн хэвийн болгохоос илүүтэйгээр тархи болон гадаад орчны хооронд шинэ мэдээллийн суваг бий болгох зорилготой.

Нейротехнологийн ирээдүй
Зөвхөн өвчтэй хүмүүст туслах бус, цаашид эрүүл хүний ой санамж, суралцах чадвар, мэдээлэл боловсруулах боломжийг өргөжүүлэх чиглэлээр ч хөгжүүлэлт хийгдэж байна.
Жишээлбэл: Neuralink компани урт хугацаандаа хүний тархи болон хиймэл оюуныг холбох зорилгыг дэвшүүлсэн. Ирээдүйд мэдээлэлтэй илүү хурдан харилцах, зарим танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих зэрэг боломжууд яригдаж байна. Мөн гадаад хэлийг шууд “татаж авах”, бодлоо шууд дамжуулах зэрэг санаанууд ч судлагдаж байгаа гэнэ.
Эрсдэл ба аюулгүй байдал
Энэхүү технологи хөгжихийн хэрээр оюун санааны хувийн нууц, тархины өгөгдлийн хамгаалалт зэрэг олон ёс зүйн асуудал гарч байна.Тархитай холбогдсон төхөөрөмж нь бусад дижитал системийн нэгэн адил кибер халдлага, мэдээллийн алдагдал, ашиглалтын алдаа зэрэг эрсдэлтэй. Иймээс BCI төхөөрөмжийн аюулгүй байдал, тархины өгөгдлийн хамгаалалт нэн чухал.
Үүнээс гадна тархинд суулгасан төхөөрөмжийг удаан хугацаанд ашиглах үед үрэвсэл, эд эсийн гэмтэл, төхөөрөмжийн ажиллагааны доголдол зэрэг биологийн болон техникийн эрсдэл гарч болзошгүй. Мөн нейротехнологи өндөр өртөгтэй хэвээр байвал зөвхөн тодорхой бүлэг хүмүүс ашиглах боломжтой болж, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэл ч бий.
Иймээс нейротехнологийн ирээдүйг зөвхөн “ юуг хийж чадах вэ?” гэдгээр бус, “энэ боломжийг хэрхэн аюулгүй, хариуцлагатай, эрх тэгш хүртээж байна вэ?” гэдгээр нь дүгнэх шаардлагатай. Эцэст нь, нейротехнологийн хамгийн том боломж нь хүний чадварыг нэмэгдүүлэхэд, харин хамгийн том сорилт нь тухайн боломжийг нууцлал, аюулгүй байдалтай нь зөв тэнцвэржүүлэхэд оршиж байна.