
Телефоны түүх

Ж.Солонго
Багш


Ж.Солонго
Багш
1876 оны 3-р сарын 10-ны өдөр Бостон хотод Александр Грэхэм Белл (Alexander Graham Bell) туршилтын өрөөндөө "Mr. Watson, come here, I want to see you" гэсэн үгсийг хэлж, зэрэгцээ өрөөнд байсан туслах Томас Уотсон (Thomas A. Watson) тэдгээр үгсийг тод сонсжээ. Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх анхны утсаар дамжсан ойлгомжтой ярианы бичлэг байлаа.
Сонирхолтой нь, Белл ганцаараа энэ технологийг зохион бүтээгээгүй. Тэр өдөр Элиша Грэй (Elisha Gray) гэдэг өөр нэг инженер бараг ижил төстэй төхөөрөмжийн патентын өргөдлийг мөн л АНУ-ын патентын товчоонд ирүүлсэн байсан бөгөөд зөрүү нь ердөө хэдэн цаг байсан гэдэг. Энэ явдал хожим олон жилийн турш хууль зүйн маргаан, шүүх хурлын сэдэв болж, "телефоныг үнэхээр хэн зохион бүтээсэн бэ" гэдэг асуулт өнөөг хүртэл түүхчдийн дунд үлдсэн юм.
1876 онд Белл Томас Уотсонтой анхны телефон холбооны туршилт хийж буй нь.
Анхны телефоны бүтэц нь маш энгийн, механик зарчимд суурилж байсан: Хүний дуу хоолойн долгион нимгэн мембраныг чичиргээнд оруулж, тэр чичиргээ соронзон утсаар дамжин цахилгаан дохио болж хувирдаг байв. Энэ бол дуу авиаг цахилгаан энергид хөрвүүлж, дараа нь буцаан дуу авиа болгож буулгах анхны амжилттай туршилт байлаа.
Анхны телефоны ажиллах зарчим: дууны чичиргээ → мембран → цахилгаан дохио → дуу авиа
Телефон нэвтэрч эхэлмэгц дараагийн том сорилт бол "хэн хэнтэйгээ хэрхэн холбогдох вэ" гэдэг асуудал байв. Эхэн үед телефон ашиглагчид шууд утсаар холбогдох боломжгүй байсан тул telephone exchange (телефоны төв) гэдэг систем бий болсон. Энэ төвд оператор эмэгтэйчүүд ажилладаг байсан бөгөөд тэд дуудлага ирэх бүрд физикээр утасны залгуурыг зохих нүхэнд гараар зөөж холбодог байв. Нэг эмэгтэй өдөрт хэдэн зуун дуудлагыг ингэж гараар холбож байсан гэдэг.
20-р зууны эхэн үеийн telephone exchange
1900-аад оны эхээр rotary dial (дугуй хэлбэрийн дугаарлагч) гарч ирснээр хэрэглэгчид анх удаа операторгүйгээр өөрсдөө дугаар бүрдүүлэн шууд холбогдох боломжтой болсон. Энэ нь харилцаа холбооны автоматжуулалтын эхлэл байв.
Энэ үед мөн "party line" гэдэг сонирхолтой систем нэвтэрсэн нь нэг ижил утасны шугамыг хэд хэдэн өрх хуваалцдаг байсан бөгөөд хөрш нэг нь ярьж байхад нөгөө нь чимээгүй сонсох, эсвэл дуудлага ирэхэд шугам дээрх бүх өрхөд хонх дуугаргаж мэдэгдэх зэрэг өнөөгийн хувийн нууцын ойлголттой огт нийцэхгүй боловч тухайн үедээ хямд, бодит шийдэл байлаа.
Rotary dial - Хэрэглэгч өөрөө дугаарлан операторгүйгээр холбогдох боломжийг бий болгосон.
Party line - нэг телефон шугамыг хэд хэдэн өрх хамтран ашигладаг байсан систем.
Хэдэн арван жилийн турш телефон нь аналог дохионд суурилж ажилласан. Гэвч 1970-аад оноос эхлэн инженерүүд дуу хоолойг тоон (0 ба 1) цахилгаан дохио болгон хувиргаж дамжуулах аргыг хөгжүүлж эхэлсэн. Дижитал буюу цахилгаан дохио нь чимээ шуугиан бага, алдаа засах боломжтой, олон дохиог нэг шугамаар зэрэг дамжуулах боломжийг олгодог байв. Энэ нь өнөөгийн бүх орчин үеийн харилцаа холбооны сүлжээний үндэс суурь болсон.
Аналог дууны дохиог 0 ба 1-ээс бүрдэх дижитал дохио мэдээлэлд хувиргах зарчим
Гэвч энэ үеийн хамгийн том хувьсгал бол утас (утаснуудыг холбосон шугам) байхгүй, утасгүй гар утас гарч ирсэн явдал байлаа. 1973 оны 4-р сарын 3-нд Моторола компанийн инженер Мартин Купер (Martin Cooper (inventor)) Нью-Йоркийн гудамжинд зогсоод, гартаа барьсан том, хүнд төхөөрөмжөөрөө өрсөлдөгч компанийнхаа инженерт залгаж "Би одоо жинхэнэ гар утасаар чам руу ярьж байна" гэж хэлсэн нь түүхэн мөч болжээ. Энэ бол Motorola DynaTAC - дэлхийн анхны гар утасны прототип байв.

Мартин Купер 1973 онд Motorola DynaTAC-аар анхны гар утасны дуудлага хийж буй нь.
1983 онд худалдаанд гарсан DynaTAC 8000X загвар 1 кг орчим жинтэй, үнэ нь өнөөгийн мөнгөөр тооцвол сая гаруй төгрөгтэй тэнцэх бөгөөд ярианы цэнэг ердөө 30 минут байв. Хэт том, хүнд, өнгө үзэмжийн улмаас хожим хүмүүс энэ төрлийн анхны загваруудыг "тоосго утас" (brick phone) гэж дуудах болсон.
Motorola DynaTAC 8000X (1983) - том хэмжээ, хүнд жингээрээ “brick phone” хэмээн нэрлэгдсэн анхны үеийн гар утас.
1990-ээд оноос эхлэн гар утас жижгэрч, хямдарч, олон нийтэд хүрч эхэлсэн. Энэ үед Nokia компани дэлхийн зах зээлийг тэргүүлж, тэдний 3310 зэрэг загварууд бат бөх, урт цэнэгтэй, "Snake" тоглоомоороо алдартай болсон нь өнөөг хүртэл олны дурсамжинд үлдсэн.
Мөн энэ үед SMS (текст мессеж) гэдэг ойлголт үүсэж, дуут дуудлагаас гадна богино текст мессежээр харилцах боломж нээгдсэн. 1992 онд илгээгдсэн анхны SMS мессеж нь "Merry Christmas" гэсэн энгийн үг байсан гэдэг.
1992 онд илгээсэн анхны SMS: “Merry Christmas”.
2G сүлжээний технологи нэвтэрснээр дохионы чанар, дуу хоолойн тодролт эрс сайжирч, гар утас зөвхөн баячуудын хэрэглээнээс аажмаар олон нийтийн хэрэгсэл болж хувирсан. Мөн энэ үеэс эхлэн анхны камертай, өнгөт дэлгэцтэй загварууд гарч ирж, гар утас зөвхөн ярих бус зурагт бичих, тоглоом тоглох хэрэгсэл болж эхэлсэн нь дараагийн үеийн ухаалаг утасны эрин рүү шилжих гүүр болжээ.
2007 оны 1-р сард Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) анхны iPhone-ыг олон нийтэд танилцуулав. Энэ нь зөвхөн шинэ загварын утас биш, харин гар утасны ойлголтыг бүхэлд нь өөрчилсөн үйл явдал байв: физик товчлуурын оронд бүхэлдээ мэдрэгч дэлгэц (touch screen), дараа нь App Store-ийн нээлттэй платформ нь хөгжүүлэгчид хэн бүхэнд өөрийн апп бүтээж байршуулах боломжийг олгосон.
Удалгүй Google-ийн Android үйлдлийн систем өрсөлдөгч платформ болж гарч ирснээр гар утасны зах зээлд эрчимтэй өрсөлдөөн эхэлсэн. Энэ өрсөлдөөн нь технологийн хурдацтай хөгжлийг өдөөж, жил бүр илүү хүчирхэг процессор, илүү сайн камер, илүү урт ажиллагаатай батерейтай загварууд гарч эхэлсэн.
Энэ үеэс эхлэн гар утас нь зөвхөн харилцах хэрэгслээс "гар дахь компьютер" болж хувирсан гэдэг нь илүү оновчтой тодорхойлолт болж банкны үйлчилгээ, газрын зураг, зурган бичлэг, ажлын хэрэгсэл, нийгмийн сүлжээ бүгд нэг жижиг төхөөрөмжид багтах болов.