
AI төхөөрөмжүүд ухаалаг утасны хэрэглээг хэрхэн өөрчилж байна вэ?

О.Дэлгэрмаа
Багш


О.Дэлгэрмаа
Багш
Ухаалаг утасны цэнхэр дэлгэц рүү өдөрт хэдэн цагаар ширтэх хэв маяг нэг л өдөр замхран арилж, дижитал дэлхий бидний орчин тойронтой уусан нэгдэх технологийн томоохон шилжилт хөдөлгөөн хэдийн эхэлжээ. Сошиал сүлжээний мэдээлэл дунд хуруугаа чилээн скроллдох, эсвэл ирсэн мэдэгдэл, notification бүрт утсаа шүүрэн авдаг дадал нь хүнийг дижитал орон зайн хараат болгож байгааг Силикон хөндийн инженерүүд онцлон анхаарах болов. Энэхүү хараат байдлыг халж, хүнийг бодит амьдралд нь эргүүлэн авчрах гол шийдлээр "Дэлгэцгүй хиймэл интеллектийн төхөөрөмжүүд" тодорч байна.

Дэлгэцгүй төхөөрөмжүүд нь хэрэглэгчээс заавал аппликейшн нээж, товчлуур дарахыг шаарддаггүйгээрээ одоогийн ухаалаг утаснаас бүрэн өөр. Тэдний механизм нь хүний дуу хоолой, орчны харагдах байдал болон тухайн нөхцөл байдлыг мэдрэх орчин үеийн мэдрэгчүүдэд суурилж байна. Төхөөрөмжид байрлуулсан бичил микрофон болон камерууд нь эргэн тойрон дахь мэдээллийг тасралтгүй цуглуулах бөгөөд уг өгөгдлийг хиймэл интеллектийн үйлдлийн загварууд шууд боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч зочид буудал захиалахын тулд дэлгэц дээр олон апп нээх шаардлагагүй бөгөөд ердөө амаар хэлэхэд л хиймэл интеллект цаад системд нь бүх үйлдлийг өөрөө гүйцэтгэж, үр дүнг нь чихэвчээр дуулгах эсвэл лазер гэрлээр гар дээр тусган харуулдаг.
2023–2024 оны сүүлээр зах зээлд гарсан Humane AI Pin болон Rabbit R1 зэрэг анхны төхөөрөмжүүд хэрэглэгчдийн шүүмжлэлд өртөж, технологийн салбарын хамгийн том амжилтгүй туршилтын нэг болсон юм. Технологийн шүүмжлэгчид болон хэрэглэгчид тэднийг ердөө түүхий бүтээгдэхүүн хэмээн тодорхойлсон бол хэвлэлүүдээр "Хамгийн муу бүтээгдэхүүн" гэх цолыг зүүсэн. Энэхүү бүтэлгүйтэл нь дараах тодорхой шалтгаануудаас үүдэлтэй.
Энэ төхөөрөмж нь ухаалаг утасны дэлгэцийг халах зорилгоор Apple-ийн захирал асан мэргэжилтнүүдийн бүтээсэн, хувцасны энгэрт зүүдэг, дэлгэцгүй хиймэл интеллектийн бичил төхөөрөмж юм. Энэ нь мэдээллийг хүний гар дээр лазер гэрлээр тусган харуулах эсвэл дуу хоолойг хүлээн авах зэргээр камер болон лазер тусгалын хослол дээр суурилдаг. Хэрэглэгч төхөөрөмжид хүрэх эсвэл шууд ярихад микрофон дууг сонсож, хиймэл интеллектийн систем рүү агаарын сүлжээгээр илгээж, урд талын бичил камер нь орчноо тасралтгүй харж, урд байгаа зүйлсийг таньж мэдэх бөгөөд шаардлагатай мэдээллийг хэрэглэгчийн алган дээр монохром ногоон лазераар тусган харуулдаг. Хэрэглэгч гараа хазайлгах эсвэл хуруугаа хавчих дохио зангаагаар цэс хооронд шилжиж удирдана

Уг төхөөрөмжөөр дараах үйлдлүүдийг хийх боломжтой:
Алгаа дэлгэц болгох: Алгаа төхөөрөмжийн урд барихад цаг агаар, ирсэн мессеж, цаг болон дууны удирдлага лазер тусгалаар гар дээр харагдана.
Бодит цагийн шууд орчуулга: Гадаад хүний яриаг шууд сонсоод орчуулах бөгөөд хэрэглэгчийн яриаг тухайн хүний дууны өнгөөр гадаад хэлээр чанга яригчаараа ярьж өгнө.
Хоол хүнсний тэжээллэг чанарыг харах: Камераа хоол руу чиглүүлэн калори болон харшилтай бүтээгдэхүүн орсон эсэхийг асуухад хоолыг таниад шууд хариулна.
Имэйл болон мессежийг хураангуйлах: Ирсэн олон тооны имэйл, мессежүүдээс хамгийн чухал мэдээллийг товчилж, чихэнд ярьж өгнө.
Зураг ба бичлэг хийх: Төхөөрөмж дээр хоёр удаа товшиж энгэр дээрээсээ шууд видео бичих эсвэл зураг авна.
Лазер тусгалын доголдол: Гараа тосож, дээр нь ногоон лазераар зураг тусгадаг технологи нь өдрийн наранд огт харагддаггүй, ашиглахад маш тохиромжгүй байв. Гараа удаан өргөж зогсох нь хүний биед тухгүй байснаас гадна лазерын тусгал нь доргилтод маш мэдрэмтгий байжээ.
Дулаан ба Батарейн саатал: Төхөөрөмж нь камер, чип, микрофоноо нэгэн дээвэр дор байрлуулснаас болоод 15-20 минутын дараа хэт халж, энгэр дээр халуун болж, автоматаар унтардаг байв. Батарей нь өдрийн хагаст ч хүрэхгүй дуусч байв.
Зах зээлийн хариу үйлдэл: Хэрэглэгчид $699 дээр нэмж сар бүр $24 төлж байгаа атлаа одоогийн ухаалаг утасны 10 хувьд ч хүрэхгүй боломжийг авч байгаадаа сэтгэл дундуур үлдсэн. Ингэснээр компани борлуулалтаасаа илүүтэйгээр бараа буцаалтад идэгдэж, санхүүгийн гүн хямралд орсон юм.

Анхны өдрөө л 10,000 ширхэг зарагдаж, тод улаан өнгө, хөгжилтэй дизайнаараа шуугиулж байсан Rabbit R1 нь бодит амьдрал дээр тэс өөр дүр зурагтай тулгарсан. Rabbit R1 нь ухаалаг утасны аппликейшнуудыг заавал нээх шаардлагагүйгээр, хиймэл интеллектээр дамжуулан хүний өмнөөс шууд үйлдэл хийлгэх зориулалттай бичил төхөөрөмж юм.
Large Action Model (LAM): Энгийн AI зөвхөн текстээр хариулдаг бол LAM загвар нь аппликейшн дээр товчлуур дарах, даалгавар гүйцэтгэх зэрэг бодит үйлдлүүдийг хийдэг.
Физик бүтэц: 2.8 инчийн бичил дэлгэц, хажуу талын дарах товчлуур (Push-to-talk), болон хуйлруулдаг дугуйтай.
360 градус эргэдэг камер (Eye): Орчныг харахдаа камерыг өөр рүүгээ болон урагш нь эргүүлэх боломжтой.

Уг төхөөрөмжөөр дараах үйлдлүүдийг хийх боломжтой:
Захиалга ба үйлчилгээ авах: "Гэр рүү такси дуудчих" гэж хэлэхэд цаад арын горимдоо Uber апп дээр орж захиалга хийнэ.
Камераар орчныг таних: Хөргөгч доторх хүнсийг хараад хоолны жор санал болгох, эсвэл гадаад бичвэрийг харангуут орчуулна.
Хөгжим ба медиа удирдлага: Spotify зэрэг апп-тай холбогдож, дуу хайх ба тоглуулах үйлдлийг ганц тушаалаар гүйцэтгэнэ.
Сүлжээний саатал (Latency): Тушаал өгсний дараа хариу үйлдэл үзүүлэхэд 3-5 секунд зарцуулдаг байв.
Large Action Model (LAM)-ийн хуурмаг байдал: Компанийн зүгээс хүний өмнөөс Uber дуудах, хоол захиалах зэрэг бүх үйлдлийг хийдэг "Шинэ төрлийн AI загвар" ашиглаж байна гэж сурталчилсан. Гэвч бодит байдал дээр энэ нь цаанаа веб скрапинг буюу автоматжуулсан кодоор апп руу нэвтрэх туршилт байсан тул Uber, DoorDash зэрэг системүүд аюулгүй байдлын үүднээс тэдний холболтыг шууд блоклож эхэлжээ.
Утасны апп-аас ялгарах зүйлгүй: Заавал 199$ төлж тусдаа төхөөрөмж авахын оронд энгийн Android апп байх боломжтой байсан нь илэрч шүүмжлэлд өртсөн.

Энэхүү алдаа сургамжийн дараа технологийн аваргууд хөгжүүлэлтийн стратегиа бүрэн өөрчилж, илүү бодитой шийдлүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр Apple-ийн домогт дизайнер асан Жони Айв болон OpenAI-ийн Сэм Олтман нар нэгдэн "io Products" компанийн хүрээнд асар том санхүүжилттэйгээр дэлгэцгүй төхөөрөмжийн төсөл дээр ажиллаж байна. Тэд хүний анхаарлыг сарниулдаггүй, бодит амьдралаас тусгаарладаггүй, чимээгүй тусалдаг металл болон шилэн бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа юм.
Үүний хажуугаар Meta компани Ray-Ban-тай хамтран дэлгэцгүй, зөвхөн камер болон чанга яригчтай ухаалаг нүдний шил үйлдвэрлэсэн нь олон сая хэрэглэгчийн ташаалыг хүртэж, технологийн салбарт бодит амжилт олоод байна. Ухаалаг нүдний шилний талаар илүү ихийг мэдмээр байвал энэхүү нийтлэлийг уншаарай!