
NPU: Таны ухаалаг төхөөрөмжийн “хиймэл оюуны тархи”

Э. Бумбаяр
Багш


Э. Бумбаяр
Багш
Технологийн ертөнцөд CPU (Central Processing Unit), GPU (Graphics Processing Unit) гэсэн нэр томьёог бид сайн мэддэг болсон. Харин сүүлийн үед NPU (Neural Processing Unit) буюу "Мэдрэлийн боловсруулалтын нэгж" гэх шинэ хүчирхэг чип бидний амьдралд чимээгүйхэн нэвтэрч, хиймэл оюун ухааныг (AI) бидэнд улам ойр болгож байна.
Энгийнээр хэлбэл, NPU нь хүний тархины мэдрэлийн эсийн сүлжээг дуурайлган бүтээсэн, зөвхөн хиймэл оюун ухааны тооцооллыг маш хурдтай, бага эрчим хүчээр гүйцэтгэх зориулалттай тусгай чип юм.
Таны утас эсвэл компьютер интернэтэд холбогдоогүй байсан ч зураг засварлах, дуу хоолой таних, видеоны арын фоныг бүдгэрүүлэх зэрэг үйлдлүүдийг хийж чаддагийн нууц нь энэ юм.

Эдгээр процессоруудын ялгааг энгийнээр тайлбарлая:
CPU (Central Processing Unit): Компьютерын ерөнхий "тархи". Олон төрлийн даалгаврыг ээлж дараалан гүйцэтгэдэг.
GPU (Graphics Processing Unit): Дүрс, график боловсруулахад зориулагдсан. Нэг дор маш олон тооцоолол хийх чадвартай тул хиймэл оюун ухааныг "сургахад" мөн ашиглагддаг.
NPU (Neural Processing Unit): Зөвхөн хиймэл оюун ухааныг "ажиллуулахад" зориулагдсан тусгай чип. Бага нарийвчлалтай тооцоолол хийдэг тул маш бага цахилгаан зарцуулдаг. Энэ нь утас, зөөврийн компьютер зэрэг төхөөрөмжийн батарейг хэмнэхэд чухал үүрэгтэй.
NPU нь бидний өдөр тутмын хэрэглээнд аль хэдийн нэвтэрчээ:
Ухаалаг утас: 2017 онд Huawei Mate 10 болон Apple iPhone X загваруудад анх суурилагдсан. Гэрэл зураг боловсруулах, хүний дүрс арилгах, дуут туслах, AR (Augmented Reality) функц зэрэгт өргөн ашиглагдаж байна.
Generative AI: ChatGPT шиг хиймэл оюуны загваруудыг төхөөрөмж дээрээ, интернэтгүйгээр ажиллуулах боломжийг олгодог.
Copilot+ PC: Microsoft-ын 2024 онд танилцуулсан шинэ ангиллын компьютерүүд нь дор хаяж 40 TOPS (нэг их наяд үйлдэл/секунд) хүчин чадалтай NPU-тэй байх шаардлагатай.
Edge болон IoT төхөөрөмжүүд: Ухаалаг камер, зүүдэг төхөөрөмж зэрэгт суурилан, мэдээллийг cloud систем рүү илгээлгүйгээр тухайн орчинд нь боловсруулж, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг.
NPU-ийн хүчин чадал жил бүр бараг хоёр дахин нэмэгдэж байна. Ирээдүйд GPU болон NPU-г нэгтгэсэн GPNPU гэх шинэ төрлийн чип гарч, 3D дүрслэл болон хиймэл оюуны үйлдлийг хамтад нь өндөр түвшинд гүйцэтгэх боломжтой болно.
NPU бол хиймэл оюун ухааныг бидний гарт авчирч буй дэвшилтэт технологи юм. NPU нь батарейны хэрэглээг багасгаж, төхөөрөмжийн гүйцэтгэлийг нэмэгдүүлж байна. Технологийн ирээдүйг бүтээх залуус та бүхэн NPU-ийн хөгжлийг анхааралтай ажиглаж, энэ салбарын талаарх мэдлэгээ тэлж байгаарай!