
TETRIS - 1988 оны алдартай тоглоом

Б.Баярхүү
Багш


Б.Баярхүү
Багш
Tetris нь анх 1984 онд Алексей Пажитновын бүтээсэн тоглоом юм. Энэ тоглоомын нэр нь “тетра” буюу 4 гэсэн үг болон түүний дуртай спорт болох теннисний нэрийн нийлбэр ажээ. Тэрээр Электроника 60 компьютер дээр Паскал хэл ашиглан 3 долоо хоногийн хугацаанд тоглоомоо хийсэн бөгөөд тэр үеийн Тетрис нь бидний одоо мэддэг хувилбараас нэлээд өөр байсан.
Бүтээгч нь pentomino puzzle төрлийн тоглоомуудаас санаа авч анхны хувилбараа ердөө 3 долоо хоногийн дотор хийсэн гэж сурвалжууд дурддаг. Эхний хувилбаруудад оноо, хөгжим болон түвшин байгаагүй ч тоглоомын үндсэн суурь нь бүрэн тавигдсан байв. Алексейтай хамт ажилладаг байсан Дмитрий Павловский болон Вадим Герасимов нарын тусламжтайгаар уг тоглоомыг IBM PC рүү 3 сарын хугацаанд хөрвүүлжээ.

Тетрисийн анхны арилжааны хувилбар болох Tetris 1988 нь алдарт Гэгээн Василийн сүмийн дүрслэл болон бидний сайн мэдэх хөгжмийн эхлэл болсон хувилбар юм. Энэ хувилбарыг хүмүүс өнөөдөр ч тоглосоор байгаа бөгөөд олон хүний төсөөлдөг “жинхэнэ Тетрис” нь энэ билээ.
Алдарт 7 тетрамино дүрс тус бүр өөрийн гэсэн нэртэй байдгийг та мэдэх үү? L-г Ricky, J-г мөн Ricky, S-г Rhode, Z-г Cleveland, O-г Smashboy, T-г Teewee, харин I-г Hero гэж нэрлэдэг.

Одоогоор Тетрис нь голчлон Classic болон Versus гэсэн хоёр төрөлтэй. Classic төрөл нь ихэвчлэн NES-ийн Тетрис хувилбар дээр тоглогддог бөгөөд тоглогчид өндөр оноогоороо өрсөлддөг. Оноо өсөх тусам түвшин нэмэгдэж, дүрсүүдийн унах хурд ч мөн ихэсдэг.
Харин Versus төрөлд 2-99 хүн зэрэг тоглох боломжтой байдаг. Энэ төрөлд тоглогчид эсрэг тал руугаа “хог” мөр явуулж, өрсөлдөгчийнхөө тоглоомыг улам хэцүү болгодог. Дэлхийн шилдэг 100 тоглогчийн тоглолтуудыг харвал үнэхээр гайхшрах байх.

Та Tetris тоглож байсан уу? Би бараг 300 гаруй цаг тоглосон байх. Тоглохоо больсон ч заримдаа нүдээ анихад тетраминонууд унаж байгаа мэт харагддаг байсан. Хэрэв танд ч бас ийм зүйл тохиолдож байсан бол үүнийг “Тетрис эффект” гэдэг.
Энэ үзэгдэл яагаад болдог вэ гэвэл тоглох үед тархи маш өндөр төвшинд анхаарч, мэдээллийг хурдан боловсруулж байдагтай холбоотой. Хүн төрөлхтөн ер нь зүй тогтол, давтамжийг анзаарахдаа маш сайн учраас удаан хугацаанд тоглосны дараа тархи тоглоомын дүрс, хөдөлгөөнийг дотроо үргэлжлүүлэн “давтаж” эхэлдэг.
Мөн Tetris нь “7-Bag” систем ашиглан дараагийн дүрсүүдийг сонгодог. Өөрөөр хэлбэл, 7 төрлийн дүрс тус бүр нэг удаа орсон “bag” үүсгээд, тэрийг санамсаргүй дарааллаар гаргадаг. Эхний 7 дүрсний дараалал бүр өөр байдаг бөгөөд дараагийн 7 дүрс дахин шинэ дарааллаар сонгогдоно. Тиймээс нэг дүрс гарсны дараа хамгийн багадаа дараагийн 7 дүрсний дотор дахин нэг удаа заавал гарч ирдэг.

Дүгнэж хэлэхэд, Tetris нь олон арван жилийн дараа ч хүмүүсийн сонирхлыг татсаар байгаа, хугацаанд үл захирагдах классик тоглоом юм. Энгийн мэт харагдавч хурдан сэтгэх, зүй тогтол таних, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг хөгжүүлдэг онцлогтой.