
Паретогийн зарчим ба чимээгүй технологийн философи

О.Дэлгэрмаа
Багш


О.Дэлгэрмаа
Багш
Нэгэн сонирхолтой туршилт байдаг. Та утсаа гартаа бариад ердөө арван минут чимээгүй суу. Ямар нэг notification ирэхгүй, дэлгэцээ шалгахгүй, сошиал сүлжээ рүү орохгүй байхыг хичээгээд үзээрэй. Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь төсөөлснөөс хамаагүй хэцүү байдаг. Учир нь бид зөвхөн технологийг ашигладаг хүмүүс биш болсон. Харин технологийн тасралтгүй урсгалд амьдардаг хүмүүс болжээ.
Өглөө сэрэхэд гар утас биднийг сэрээнэ. Ажил дээр очиход algorithm бидэнд юу үзэх, юуг унших, юунд анхаарал хандуулахыг шийднэ. Орой унтахын өмнө ч дэлгэцийн гэрэл бидний нүдэнд туссаар байдаг. Орчин үеийн хүн технологигүйгээр амьдрах бараг боломжгүй болсон мэт.
Сүүлийн арван жилд технологийн компаниудын хамгийн том зорилго нь хэрэглэгчийг аль болох удаан дэлгэцийн өмнө байлгах байсан гэж хэлж болно. Infinite scroll, autoplay, тасралтгүй notification зэрэг нь зүгээр нэг feature биш. Эдгээр нь хүний анхаарлыг барьж үлдэхээр бүтээгдсэн системүүд юм.
Гэвч одоо технологийн ертөнцөд шинэ асуулт гарч ирж байна.
“Сайн систем гэдэг хүнийг өөртөө донтуулдаг систем үү, эсвэл хүний амьдралыг хөнгөвчилдөг систем үү?”
Энэ асуултаас Human-Centric Systems Thinking буюу “Хүн төвтэй системчлэх сэтгэлгээ” эхэлдэг.
Инженерчлэл болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хамгийн түгээмэл ашиглагддаг ойлголтуудын нэг бол Паретогийн зарчим буюу “80/20 дүрэм” юм. Энэ зарчмыг Италийн эдийн засагч Vilfredo Pareto анх ажигласан бөгөөд аливаа үр дүнгийн ихэнх хэсгийг цөөн хүчин зүйл бий болгодог гэсэн санаанд тулгуурладаг.
Энгийнээр хэлбэл үр дүнгийн 80%-ийг хүчин зүйлийн 20% нь бий болгодог ба ерөнхийдөө хэрэглэгчийн сэтгэл ханамжийн ихэнхийг системийн хамгийн чухал цөөн feature бүрдүүлдэг гэсэн үг.

Технологийн ертөнцөд энэ нь маш тод харагддаг. Хүмүүс олон аппликейшнийг татаж ашигладаг ч үнэндээ цөөн хэдэн үндсэн үйлдлийг л хамгийн их хэрэглэдэг. Жишээлбэл, мессежний аппликейшнд хүмүүсийн хамгийн их ашигладаг зүйл нь чат бичих, дуудлага хийх, зураг илгээх зэрэг үндсэн функцууд байдаг. Харин үлдсэн олон feature-ууд заримдаа хэрэглэгчид бодит үнэ цэнэ өгөхөөсөө илүү интерфэйсийг төвөгтэй болгож, анхаарал сарниулсан зүйл болдог.
Хүн төвтэй системчлэх сэтгэлгээний хувьд Паретогийн зарчим маш чухал байр суурь эзэлдэг. Учир нь сайн систем хэрэглэгчийг feature-ээр “булдаггүй”. Харин хамгийн үнэ цэнтэй, хамгийн хэрэгтэй зүйлсийг энгийн, ойлгомжтой, тайван байдлаар хүргэхийг зорьдог.
Хүн төвтэй систем бол:
алдаа гаргасан ч буцаах боломж олгодог,
хэрэглэгчийг ядраадаггүй,
амарч байх үед нь саад болдоггүй,
“яагаад ийм шийдвэр гаргаснаа” тайлбарлаж чаддаг байх ёстой.
Учир нь хүн бол компьютер биш. Хүн ядардаг, төвлөрөл нь сарнидаг, амрах шаардлагатай амьд биет.
Өнөөдөр нэг algorithm хүний үзэл бодолд нөлөөлж чадна. Нэг social media feed хүний сэтгэлзүйд хүртэл нөлөөлж чадна. Тиймээс ирээдүйн инженерүүд зөвхөн код бичихээс гадна хүний зан төлөв, сэтгэлзүй, ёс зүйг ойлгодог болох шаардлагатай болж байна.
Технологи бол зөвхөн техник биш. Энэ бол хүмүүс хэрхэн амьдрахыг тодорхойлдог орчин юм.

Хэрэв таны бүтээсэн систем хүнийг байнга стрессдүүлж, анхаарлыг нь хулгайлж, цаг хугацааг нь үр ашиггүй зарцуулж байвал тэр нь хэчнээн өндөр технологитой байсан ч сайн систем биш. Жинхэнэ сайн технологи бол хүнийг дэлгэцэнд илүү удаан уях биш, харин түүнд илүү их “амьдрах цаг” буцааж өгөх технологи юм. Магадгүй ирээдүйн хамгийн үнэ цэнтэй innovation бол илүү чанга, илүү донтуулагч систем биш. Харин хүний анхаарлыг хүндэтгэж чаддаг “чимээгүй” технологи байх болно.