
Дижитал эрин үеийн "Үл үзэгдэх" итгэлцэл: Zero-Knowledge Proof-ийн гайхамшиг

О.Дэлгэрмаа
Багш


О.Дэлгэрмаа
Багш
Бидний амьдрал дижитал хэлбэрт шилжих тусам нэгэн том зөрчилтэй тулгарч байгаа. Жишээ нь, бид ямар нэгэн үйлчилгээ авахын тулд "итгэлцэл" үүсгэх хэрэгтэй ба харин итгэлцэл үүсгэхийн тулд "хувийн мэдээллээ" золиослох хэрэгтэй болдог.
Өнөөдөр дэлхийн хамгийн том компаниудын сервер дээр тэрбум тэрбумаар хэмжигдэх хувийн мэдээлэл хадгалагдаж байна. Тэдгээр мэдээлэл нь зөвхөн сурталчилгааны хэрэгсэл биш, кибер дайны түлш, санхүүгийн луйврын зэвсэг, геополитикийн эрсдэл болсон.
2024 онд л гэхэд олон улсын кибер халдлагуудын улмаас хэдэн зуун сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан талаар аюулгүй байдлын байгууллагууд анхааруулж байв. Асуудлын гол нь “хакер хүчтэй болсон”-доо биш. Харин бидний системүүд хэтэрхий их мэдээлэл цуглуулдагт оршино. Гэтэл энэ эмзэг байдлыг үндсээр нь өөрчлөх математикийн нэгэн гайхамшиг нь хөшигний ардаас хүчээ авч байгаа нь Zero-Knowledge Proof (ZKP) юм.
1980-аад онд эрдэмтдийн анх боловсруулсан энэ ойлголтыг "Алибабагийн агуй"-н жишээгээр дэлхий нийт ойлгодог.
Учир нь Zero-Knowledge Proof (ZKP) дараах боломжийг олгодог:
“Нууцаа задруулахгүйгээр өөрийгөө зөв гэдгийг батлах.”
Энэ бол криптографийн хамгийн этгээд мөртлөө хамгийн хүчирхэг ойлголтуудын нэг.

Төсөөлөөд үзээрэй: Дугуй хэлбэртэй, нэг орцтой боловч дотроо хоёр салаа замтай (А зам ба Б зам) агуй байв. Хоёр замын уулзвар дээр зөвхөн шидэт үгээр нээгддэг нууц хаалга бий. Та найздаа тэр шидэт үгийг мэддэг гэдгээ батлах хэрэгтэй, гэхдээ үгийг өөрийг нь хэлж өгч болохгүй.
Та агуй руу орж, найзыгаа гадаа хүлээхийг хүснэ. Дараа нь найз чинь агуйн үүдэнд ирээд:
“А замаар гар!”
эсвэл
“Б замаар гар!” гэж хашхирна. Хэрэв та үнэхээр шидэт үгийг мэддэг бол аль ч замаар орсон бай хаалгыг нээгээд найзынхаа хэлсэн замаар гарч ирж чадна. Энэ туршилтыг 20, 30 удаа давтахад та дандаа зөв замаар гарч ирвэл, таныг "аз таарч" таасан гэж үзэх боломжгүй болж, найз чинь таныг шидэт үгийг үнэхээр мэддэгт 100% итгэх болно.
Хамгийн сонирхолтой нь:
Нууц үг нэг ч удаа ил болоогүй.
Энэ бол Zero-Knowledge Proof-ийн философи.
Өнөөдөр бидний хувийн мэдээлэл байгууллагуудын сервер дээр "хог" мэт хуримтлагдаж байна. Энэ нь зөвхөн нууцлалын асуудал биш, харин кибер халдлагын бай болдог асар том эрсдэл юм. ZKP-ийн үндсэн логик нь "Мэдээллийг бус, түүний үр дүнг л дамжуулах"-д оршино.
Санхүүгийн нууцлал: Таны дансанд 10 сая төгрөг байгааг банк харах албагүй. Зөвхөн "Энэ хүн 5 сая төгрөгийн гүйлгээ хийх чадвартай юу?" гэсэн асуултад "Тийм" гэсэн математик баталгааг системд өгөхөд л хангалттай.
Эрүүл мэнд: Таны өвчний түүхийг бүхлээр нь уншихгүйгээр, зөвхөн "Энэ хүн тухайн вакцинд хамрагдсан уу?" эсвэл "Энэ эм танд харшил өгөх үү?" гэдгийг ZKP-ээр баталгаажуулж болно.
Анх ZKP нь академик судалгааны сэдэв байсан бөгөөд нэмэлтээр блокчейн гарч ирснээр бодит хэрэглээ нь тэсрэлт хийсэн. Үүнээс хэдэн жишээ авъя гэвэл:
Zcash: Хэрэглэгчийн гүйлгээг нууцалж, мөнгөний хэмжээ болон илгээгчийг ил гаргахгүйгээр баталгаажуулдаг.
Ethereum: Секундэд илүү олон гүйлгээ боловсруулахын тулд zk-rollup технологийг ашиглаж эхэлсэн.
Polygon: Zero-knowledge scaling технологид тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Гэхдээ хамгийн сонирхолтой нь:
ZKP одоо зөвхөн крипто ертөнцийн технологи биш болсон ба AI системүүд өсөн томрох тусам “нотолгоо” хамгийн үнэтэй зүйл болж эхэлж байна.
Жишээ нь:
AI үнэхээр хүний дата ашиглаагүй юу?
AI model өөрчлөгдөөгүй юу?
AI хариулт засварлагдаагүй юу?
Ирээдүйд ZKP нь хиймэл оюуны шалгагч, шүүгч болж магадгүй гэж зарим судлаачид үзэж байгаа.
Энэхүү технологийн салбарт хоёр гол чиглэл өрсөлдөж байна.

zk-SNARKs: Өнөөдөр блокчейн (жишээ нь Zcash, Ethereum) дээр хамгийн их ашиглагдаж байгаа. Баталгаа нь маш жижиг тул интернетээр дамжуулахад хялбар. Гэвч үүнд "Trusted Setup" буюу систем эхлэхэд хэсэг бүлэг хүмүүст итгэх хэрэгцээ гардаг нь зарим талаараа төвлөрсөн бус байдлын эсрэг гэж үзэгддэг.
zk-STARKs: Илүү шинэлэг, илүү хүчирхэг. Ямар ч анхны тохиргоо шаардахгүй бөгөөд ирээдүйд квант компьютерууд гарч ирсэн ч хакердаж чадахгүй гэдгээрээ давуу талтай. Баталгааны хэмжээ нь арай том боловч өгөгдөл боловсруулах чадвар нь асар өндөр.
Бид "Хувийн нууц бол гэмт хэрэгтнүүдэд л хэрэгтэй" гэж эндүүрдэг байсан үе ард хоцорчээ. Дижитал ертөнцөд хувийн нууц гэдэг нь өөрийнхөө мэдээллийг хэнд, хэзээ, ямар хэмжээгээр харуулахаа шийдэх эрх чөлөө юм.
ZKP бол энэ эрх чөлөөг хамгаалах техник технологийн хувьсгал юм. Төрийн үйлчилгээ, сонгуулийн санал хураалт, онлайн худалдаа гээд бүх салбарт энэ технологи нэвтэрснээр бид мэдээллээ "тарааж" хаядаг биш, харин "батлан харуулдаг" шинэ соёл руу шилжих болно.
Магадгүй ирээдүйд бид "Нууц үг алдагдлаа" гэх мэдээг түүхийн номноос л уншдаг болох биз ээ. Учир нь ZKP-тэй ертөнцөд таны нууц хэзээ ч таны төхөөрөмжөөс гадагш гарахгүй.