STEM гэж юу вэ?
STEM нь Science, Technology, Engineering, and Mathematics буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик үгсийн товчлол юм.
STEM гэдэг нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн нэгдмэл байдлыг агуулсан боловсролын арга барил юм. Бидний мэдэх уламжлалт сургалтаас ялгаатай нь практик туршилт, шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгддэг. Гэхдээ энэ нь зөвхөн техникийн чиглэлээр ажилладаг хүмүүст зориулагдсан гэсэн үг биш.
Технологийн асуудлуудыг шийдвэрлэхээс эхлээд STEM нь бүхий л салбарт хөгжил дэвшлийн манлай болох хандлагатай байна. Эрүүл мэнд, сансар судлал, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх гээд STEM-н инновацийн тусламжтай шийдэж чадахгүй зүйл гэж үгүй. Энэ удаагийн нийдлэлээр бид STEM гэж юу болох, яагаад чухал болох, тулгарч буй сорилтууд болон карьерын боломжуудын талаар ярилцах болно.
STEM нь бодит амьдрал дээр тулгамдаж буй асуудлуудад бүтээлчээр хандах, инноваци бий болгох чадвартай болгодог.
Яагаад STEM чухал вэ?

STEM нь бидний амьдралын эд эс бүхэнд шингэсэн байдаг. Шинжлэх ухаан гэдэг бидний эргэн тойронд, хаа сайгүй. Улсын эдийн засаг гэхэд л математикийг тойрон эргэж байдаг. Цаашлаад хот төлөвлөлт, архитектур ч математик дээр суурилдаг. Анагаах ухаан хими, биологийн судалгаан дээр тогтдог бол эрчим хүч, цөмийн эрчим хүч мөн л шинжлэх ухаанд суурилдаг билээ. Инженерчлэл нь зам гүүр, барилгын гол суурь. Харин мэдээллийн технологи бидний амьдралд хамгийн ойрхон, мэдэгдэхүйцээр нэмэгдэж байгааг та бүхэн бэлхнээ мэднэ.
21-р зуунд даяаршил, мэдлэгийн эдийн засгийн давуу болон сорилттой талуудтай тулгарч буй хүн төрөлхтөнд технологи, шинжлэх ухааны ололт дэвшлүүд улам бүр чухал болж ирж байна. Мэдээлэлд суурилсан, өндөр технологийн энэ нийгэмд амжилт олохын тулд хүүхэд залууст STEM-ийн чиглэлээр мэдлэг оюун, ур чадвараа хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
STEM-ийн сорилтууд

Мэдээж STEM-ийн хөгжилд тулгарч буй хэд хэдэн сорилтууд байгаа. Эхний асуудал бол боловсролын хүртээмж. Урьд нь дурдсанчлан “STEM”-ийн нэг үндэс нь практик тусламжтай мэдлэгийг бий болгох. Гэвч зарим хөгжиж буй орнуудадад нөөцийн хомсдолын улмаас боломж үнэхээр хязгаарлагдмал байсаар байна. Өдөр тутамдаа лаптоп хэрэглэх нь битгий хэл “Word” программийг самбар дээр шохойгоор зурж заадаг улс ч бий.
Түүнчлэн хүйсийн тэнцвэртэй байдалд анхаарах хэрэгтэй. Та ямар нэгэн технологи болон STEM мэргэжлүүдтэй холбогдсон уулзалтанд очиход ердөө 30% хувь нь л эмэгтэйчүүд байх болно. Энэ нь хүйсийн тэнцвэртэй байдал ямархуу байгааг харуулж байна. Тиймээс энэ салбарт эмэгтэйчүүдийн нөлөөг нэмэх шаардлагатай.
Санхүүжилт: Дэлхийд олон эрдэмтэн, инженерүүд шинэлэг, гайхалтай санаа гаргасан ч нөөцийн асуудлаас болж бүтэлгүйтдэг. Тэр тусмаа шинжлэх ухаан хөгжөөгүй орнуудын хувьд санхүүгийн дэмжлэг авна гэдэг бол өдрийн од л гэсэн үг. Энгийн жишээ хэлэхэд манай орны сансрын судлалын хөгжил 44 жилийн өмнө Монгол хүн сансарт ниссэнийхээ дараа уналтанд орсон, одоог хүртэл шинэ содон зүйлгүй, баталсан тодорхой төсөвгүй байсаар л.
STEM карьерууд болон цалин

STEM чиглэлээр ажиллах нь өндөр цалин, шинэлэг технологитой ажиллах боломжийг олгодог. Доор хамгийн өндөр цалинтай карьеруудыг жагсаав:
- Програм хангамжийн инженер: Жилд $100,000 – $150,000. Програм хангамж, вэб сайт, мэдээллийн систем хөгжүүлдэг.
- Өгөгдлийн шинжээч: Жилд $110,000 – $160,000. Том хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийж, бизнесийн стратеги, шийдвэр гаргалтыг сайжруулдаг.
- Биомедицин инженер: Жилд $80,000 – $120,000. Эрүүл мэндийн тоног төхөөрөмж, протез, эмнэлгийн инноваци хөгжүүлдэг.
- Сансрын инженер: Жилд $90,000 – $140,000. Нисэх онгоц, сансрын хөлөг, хиймэл дагуул, батлан хамгаалахын технологи дээр ажилладаг.
- AI мэргэжилтэн: Жилд $120,000 – $180,000. Машин сургалт, чатбот, AI-д суурилсан шийдлүүдийг хөгжүүлдэг.
- Байгаль орчны эрдэмтэн: Жилд $70,000 – $110,000. Байгаль орчны өөрчлөлт судалж, уур амьсгалын сорилтуудтай тэмцэх стратеги боловсруулдаг.
- Роботын инженер: Жилд $90,000 – $130,000. Автоматжуулалт, эрүүл мэнд, аж үйлдвэрийн зориулалттай робот зохион бүтээдэг.
STEM мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өссөөр байгаа тул энэ салбар хамгийн ирээдүйтэй карьерын нэг хэвээр байна.