

Li-Fi нь гэрлийн тусламжтайгаар мэдээлэл дамжуулдаг утасгүй оптик холбооны технологи юм. Бидний мэдэх Wi-Fi нь радио давтамж ашигладаг бол Li-Fi нь гэрлийн долгион ашиглан мэдээллийг дамжуулдгаараа ялгаатай бөгөөд энэхүү технологийн үндсэн зарчим нь гэрлийн анивчих хөдөлгөөнөөр тоон өгөгдлийг дамжуулах зарчмаар ажилладаг. Энэ анивчих хурд нь хүний нүдэнд үл анзаарагдам буюу секундэд сая сая удаа явагддаг тул бидэнд гэрэл зүгээр л тогтмол асаж байгаа мэт харагддаг.
Өөрөөр хэлбэл LED гэрэл асаалттай болон унтраалттай төлөвийн хооронд маш хурдан шилжих замаар хоёртын мэдээлэл буюу 0 ба 1-ийг илэрхийлнэ. Хүлээн авагч төхөөрөмж гэрлийн өөрчлөлтийг мэдэрч, түүнийг цахилгаан дохио болгон хувиргасны дараа компьютер мэдээллийг боловсруулдаг.

Батлан хамгаалах ба Төрийн байгууллага: АНУ-ын Батлан хамгаалах яам болон Европын зарим цэргийн баазууд нууц мэдээлэл алдагдахаас сэргийлж Li-Fi сүлжээг ашигладаг. Гэрэл хана нэвтэлдэггүй тул гаднаас дохиог замаас нь барих буюу хакердах боломжгүй байдаг.
Эмнэлгийн салбар: 2026 онд Германы Fraunhofer Heinrich Hertz Institute (HHI)-ийн судлаачид OWIMED төслийн хүрээнд Li-Fi технологид суурилсан утасгүй дурангийн туршилтын загвар бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь хэвлийн хөндийн дурангийн мэс заслын үед авсан дүрсийг LED гэрлийн тусламжтайгаар утасгүй дамжуулж, дэлгэц дээр 4K чанартайгаар харуулах боломжтой байжээ.
Үйлдвэрлэл ба автоматжуулалт: Орчин үеийн үйлдвэрүүдэд робот, мэдрэгч, удирдлагын системүүд хоорондоо тасралтгүй мэдээлэл солилцдог.Гэвч хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг кабелиар холбох нь хөдөлгөөнийг хязгаарладаг бол радио холбоо нь металл тоног төхөөрөмж ихтэй орчинд хөндлөнгийн нөлөөлөлд өртөх эрсдэлтэй.Ийм нөхцөлд Li-Fi ашиглан төхөөрөмжүүдийн хооронд өндөр хурдтай мэдээлэл дамжуулах боломжтой. 2026 оны дөрөвдүгээр сард Fraunhofer IPMS байгууллага Li-Fi Grathus нэртэй үйлдвэрлэлийн зориулалттай оптик холбооны шийдлээ танилцуулсан. Уг систем нь гигабит түвшний хурдтай мэдээллийг хоёр чиглэлд зэрэг дамжуулах боломжтой бөгөөд робот техник, үйлдвэрлэлийн автоматжуулалт зэрэг хэрэглээнд зориулагджээ.
Li-Fi ба Wi-Fi
Wi-Fi технологи олон жилийн турш утасгүй холбооны үндсэн шийдэл байсаар ирсэн. Гэсэн хэдий ч радио давтамжийн хязгаарлагдмал спектр, төхөөрөмжийн тоо нэмэгдэх, цахилгаан соронзон хөндлөнгийн нөлөөлөл зэрэг асуудал нь зарим орчинд холбооны шинэ шийдэл шаарддаг.
Li-Fi нь эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой хувилбаруудын нэг юм.
Гэрлээр мэдээлэл дамжуулдаг учраас радио долгионы нөлөөлөл ихтэй орчинд ашиглах боломжтой.
Гэрэл хананы цаана шууд нэвтэрдэггүй тул нэг өрөөнд дамжуулсан дохио нөгөө өрөөнд шууд хүрэхгүй. Энэ нь тодорхой нөхцөлд мэдээллийн хамгаалалтад давуу тал болдог.
IEEE 802.11bb-2023 стандартаар Li-Fi технологийн өгөгдөл дамжуулах хурдыг 10 Mb/s-ээс 9.6 Gb/s хүртэл байхаар тодорхойлсон. Энэ нь Wi-Fi 6 технологийн онолын дээд хурдтай ижил үзүүлэлт юм.
Одоогоор Li-Fi нь Wi-Fi-г бүхэлд нь орлох технологи биш. Гэрлийн шууд болон ойсон дохионы нөхцөл, төхөөрөмжийн байрлал, хүлээн авагчийн боломж зэрэг олон хүчин зүйлс нь ажиллагаанд нөлөөлнө. Харин хоёр технологийг хослуулан ашиглах нь илүү үр ашигтай сүлжээ бий болгох боломжтой гэж судлаачид үзэж байна.
Дүгнэлт
"Li-Fi технологи нь гэрлийг зөвхөн гэрэлтүүлгийн хэрэгсэл бус, мэдээлэл дамжуулах өөр нэгэн илүү аюулгүй арга байж болох бөгөөд цаашид эмнэлэг, үйлдвэрлэл, ухаалаг хот зэрэг олон салбарт хэрэглээ нь өргөжих боломжтой. Хэдийгээр Wi-Fi-г бүрэн орлох болоогүй ч утасгүй холбооны ирээдүйн чухал технологийн нэг болох боломжтой юм."