
Second Brain: AI таны хоёр дахь тархи болж чадах уу?

З.Номин-Эрдэнэ
Багш


З.Номин-Эрдэнэ
Багш
Өнөөдөр бид ChatGPT, Claude, Gemini зэрэг хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг өдөр бүр ашиглаж байна. Тайлан бичүүлнэ. Судалгаа хийлгэнэ. Баримт бичиг боловсруулна. Шинэ санаа гаргуулна. Заримдаа хэдэн цаг хийх ажлаа хэдхэн минутын дотор амжуулна.
Гэхдээ нэг сонирхолтой асуулт бий.
Бид AI-г өдөр бүр ашиглах тусам илүү их мэдлэг хуримтлуулж байна уу? Эсвэл зүгээр л илүү олон хариулт авч байна уу?
Өнөөдөр нэг сэдвийг AI-тай хамт хоёр цаг судаллаа гэж бодъё. Маш сайн дүгнэлт гаргалаа. Маргааш өөр сэдэв судална. Дараа долоо хоногт эхний сэдэвтэй холбоотой асуулт гарч ирэхэд өмнөх чатаа хайна. Олдохгүй бол дахин эхнээс нь асууна.
AI олон зүйлийг санах боломжтой болсон ч бидний судалгааны үр дүн, гаргасан шийдвэр, олж мэдсэн зүйлс нэг бүтэцтэй мэдлэг болж хуримтлагдахгүй байх нь элбэг.
Энэ асуудлыг OpenAI-ийн үүсгэн байгуулагчдын нэг, AI судлаач Andrej Karpathy өөр өнцгөөс харжээ. Тэрээр AI-г зөвхөн код бичүүлэхэд ашиглахын оронд өөрийн мэдлэгийн санг бүтээхэд ашиглаж эхэлсэн байна. 2026 онд Karpathy өөрийн хөгжүүлж буй LLM Wiki хэмээх арга барилыг олон нийтэд танилцуулсан.

Тэрээр нэг судалгааны сэдвийн хүрээнд ойролцоогоор 100 нийтлэл, 400,000 үгтэй мэдлэгийн сан байгуулсан тухайгаа хуваалцжээ. Хамгийн сонирхолтой нь тэр эдгээр нийтлэлийг нэг бүрчлэн өөрөө бичээгүй. AI эх сурвалжуудыг уншиж, гол ойлголтуудыг ялгаж, сэдэвчилсэн хуудсууд үүсгэн, тэдгээрийг хооронд нь холбож, мэдлэгийн санг аажмаар баяжуулсан байна.
Karpathy-ийн анзаарсан асуудал энгийн.
AI-аас шинэ асуулт асуух бүрд модель өмнө нь боловсруулсан мэдлэгээ тогтмол ашиглахын оронд эх сурвалжуудаас дахин дүгнэлт гаргах шаардлага үүсдэг.Тэгвэл нэгэнт судалсан, нэгтгэсэн, шалгасан мэдлэгээ дараагийн асуултад дахин ашигладаг бол яах вэ?
Эндээс Second Brain буюу “Хоёр дахь тархи” гэсэн санаа гарч ирнэ.
Second Brain бол хүний уншсан, судалсан, тэмдэглэсэн мэдээллийг эмх цэгцтэй хадгалж, хэрэгтэй үед нь буцаан ашиглах боломжтой мэдлэгийн систем юм.

Karpathy-ийн санаа үүнийг нэг шат ахиулсан.
Өмнө нь бид мэдлэгээ өөрсдөө тэмдэглэж, ангилж, холбоход ихээхэн цаг зарцуулдаг байсан бол одоо AI энэ ажлын томоохон хэсгийг гүйцэтгэж чадна.
Ердийн AI хэрэглээ:
Асуулт → AI-ийн хариулт → Чатын түүхэнд үлдэнэ.
AI Second Brain:
Эх сурвалж → AI боловсруулна → Мэдлэгийн санд хадгална → Дараагийн асуултад ашиглана → Мэдлэгийн сан баяжина.
Жишээ нь та өнөөдөр санхүүгийн салбарт AI хэрхэн ашиглаж байгааг судаллаа гэж бодъё. AI судалгааны материалуудыг уншиж, гол ойлголтуудыг нэгтгэн, банкны салбарын AI хэрэглээ, эрсдэлийн удирдлага, автоматжуулалт гэсэн тусдаа мэдлэгийн хуудсууд үүсгэнэ.
Маргааш та AI ашигласан зээлийн шийдвэрийн талаар судалбал AI өмнөх хуудсуудтай холбож, шинэ мэдээллээр баяжуулна.
Сарын дараа AI банкны стратегийн талаар асуухад таны өмнө судалсан сэдвүүд хоорондоо холбогдсон мэдлэгийн сан бэлэн байна.
Өөрөөр хэлбэл, та асуулт асуух бүрдээ зөвхөн хариулт аваад зогсохгүй дараагийн асуултынхаа суурийг бүтээж байна.
Karpathy-ийн санал болгосон арга нь харьцангуй энгийн гурван бүрэлдэхүүнтэй.
1. Obsidian — Мэдлэгээ харах орчин : Мэдээлэл, тэмдэглэл, судалгаануудыг хадгалж, хоорондын холбоог нь харах боломжтой программ.
2. AI Agent — Мэдлэгийг боловсруулагч : Claude Code, Codex зэрэг agent нь материалуудыг уншиж, нэгтгэн, шинэ хуудас бичиж, өмнөх мэдлэгтэй холбож чадна.
3. Wiki — Хуримтлагдах мэдлэг : Энгийн Markdown файлуудаас бүрдэх, цаг хугацааны явцад өргөжиж, шинэчлэгддэг мэдлэгийн сан.

Энэ системд гурван үндсэн үйлдэл бий.
Ingest: Шинэ эх сурвалжийг уншиж, мэдлэгийн санд оруулах.
Query: Хуримтлагдсан мэдлэгээс асуултад хариулах.
Lint: Давхардал, зөрчил, хуучирсан мэдээлэл болон холбоосын асуудлыг шалгах.
Тиймээс Second Brain нь зүгээр л файл хадгалдаг хавтас биш. Мэдлэгийг боловсруулж, хооронд нь холбож, шинэчилдэг ажлын урсгал юм.
Хоёр хүн өнөөдрөөс AI-г өдөр бүр ашиглаж эхэллээ гэж төсөөлье.
Эхний хүн өдөр бүр асуулт асууж, сайн хариулт авч, ажлаа хийсээр байна.
Хоёр дахь хүн мөн адил AI ашиглана. Гэхдээ үнэ цэнтэй хариулт, судалгаа, дүгнэлт бүрээ өөрийн мэдлэгийн санд нэмж, хооронд нь холбож, шинэчилнэ.
Нэг жилийн дараа эхний хүн олон зуун чатын түүхтэй болсон байж магадгүй. Харин хоёр дахь хүн хэдэн зуун хоорондоо холбогдсон мэдлэгийн хуудас, судалгааны эх сурвалж, дүгнэлт, шийдвэрийн үндэслэл бүхий системтэй болсон байна.

Аль аль нь AI ашигласан. Гэхдээ зөвхөн нэг нь AI-ийн тусламжтайгаар урт хугацаанд үнэ цэн нь нэмэгдэх мэдлэгийн хөрөнгө бүтээжээ.
Karpathy-ийн санааг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл:
AI-тай хийсэн яриа бүр дуусдаг байж болно. Харин тэр ярианаас бий болсон мэдлэг заавал дуусах албагүй.
Ирээдүйд AI-г хэн илүү олон удаа ашигласан нь бус, AI-ийн тусламжтайгаар хэн илүү үнэ цэнтэй мэдлэг хуримтлуулж, түүнийгээ ажил хэрэг болгож чадсан нь чухал ялгаа болж мэднэ.