
Сүлжээний аюулгүй байдал гэж юу вэ?

М.Хатанболд
Багш


М.Хатанболд
Багш
Өнөөдөр бидний амьдрал сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдээр дамжин явагддаг. Утас, компьютер, ухаалаг цаг, төлбөрийн карт гээд л бүгд интернэтэд холбогддог билээ. Гэвч энэ холболт нь өөрийн гэсэн аюулгүй байдлын эрсдэлүүдийг дагуулдаг. Сүлжээний халдлага гэдэг нь хэн нэгэн таны мэдээлэл, төхөөрөмж, эсвэл сүлжээнд зөвшөөрөлгүйгээр хандахыг оролдох үйлдэл юм.
Энэхүү цуврал нийтлэл нь хакерууд сүлжээнд хэрхэн халддаг, тэдний арга барил ямар байдаг, мөн бид өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар өргөн хүрээтэй ойлголт өгөх зорилготой юм.
Сүлжээний аюулгүй байдал (Network Security) гэдэг нь сүлжээний дэд бүтэц (инфраструктур), мэдээлэл болон үйлчилгээг зөвшөөрөлгүй этгээд болон хортой программаас хамгаалах цогц арга хэмжээ юм. Энэ нь техник хэрэгсэл (firewall, network intrusion system), үйл явц журам (хамгаалалтын бодлого, бүртгэл хяналт), мөн хүний хүчин зүйл (сургалт, мэдлэг) гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг.
Сүлжээний аюулгүй байдлын гол зорилго нь мэдээллийн аюулгүй байдлын гурван үндсэн зарчмыг хангах явдал юм:
Нууцлаг байдал (Confidentiality): Зөвхөн зөвшөөрөлтэй эрх бүхий хүмүүс л мэдээлэлд хандах эрхтэй байх.
Бүрэн бүтэн байдал (Integrity): Мэдээлэл зөвшөөрөлгүйгээр хуурамчаар өөрчлөгдөхгүй, устахгүй байх.
Бэлэн байдал (Availability): Мэдээлэл болон үйлчилгээ эрх бүхий хэрэглэгчдэд хэдийд ч саадгүй хүртээмжтэй байх.
Хакер гэдэг нэр томьёо нь нөхцөл байдлаасаа шалтгаалаад олон утга илэрхийлдэг. Ерөнхийдөө хакеруудыг дараах гурван гол бүлэгт ангилдаг:

Аюулгүй байдлын мэргэжилтнүүд юм. Компани, байгууллагын албан ёсны зөвшөөрөлтэйгээр системийн сул талыг хайж, хамгаалалтыг сайжруулахад тусалдаг. Тэд ихэвчлэн нэвтрэлт шалгах тестч (penetration tester), аюулгүй байдлын шинжээч (security analyst) зэрэг албан тушаалтай ажилладаг.
Хууль бусаар сүлжээ болон систем рүү халдаг этгээдүүд юм. Мэдээлэл хулгайлах, бусдыг хорлох, хууль бусаар санхүүгийн ашиг олох зорилготой байдаг бөгөөд хакеруудын хамгийн аюултай төрөл нь юм.


Заримдаа хууль бус аргаар зөвшөөрөлгүйгээр систем рүү халддаг ч гол зорилго нь хор хөнөөл учруулах биш байдаг хүмүүс. Жишээлбэл, системийн сул талыг олж тогтооод тухайн байгууллагад мэдэгддэг боловч зарим тохиолдолд шагнал эсвэл төлбөр хүлээж авах явдал ч бий.
Мөн дээр дурдсан ангиллаас гадна Script kiddie гэсэн бүлэг бий. Эдгээр нь өөрсдөө бие даан код бичиж чаддаггүй, харин бусдын бэлэн болгосон хэрэгсэл, программ хангамжийг ашиглан халдлага үйлддэг сонирхогчид юм.
Хакеруудын халдлага үйлдэх шалтгаан олон янз байдаг:
Санхүүгийн ашиг олох: Банкны данс, кредит картын мэдээлэл хулгайлах.
Хувийн мэдээлэл хулгайлах (Identity Theft): Хувийн зураг, захидал, чухал мэдээлэлд нь нэвтрэх.
Байгууллагын нууц алдагдуулах: Өрсөлдөгч байгууллагын нууц мэдээлэл, шинэ бүтээгдэхүүний төлөвлөгөө хулгайлах.
Улс төрийн шалтгаан: Улс төрийн байгууллага, төрийн цахим систем рүү халдаж эсэргүүцлээ илэрхийлэх.
Сонирхол ба мэдлэгээ сорих: Хувийн сонирхлоор эсвэл чадвараа сорих зорилгоор.
Кибер терроризм: Улс орны эсвэл томоохон дэд бүтцийн сүлжээг бүрмөсөн сүйтгэх.
Сүлжээний халдлагыг үндсэн шинж чанараар нь дараах байдлаар ангилдаг:
Хакер сүлжээ эсвэл системийг идэвхтэйгээр өөрчлөх, эвдэх оролдлого хийдэг. Жишээ нь: Үйлчилгээнээс гаргах халдлага (DoS/DDoS), мэдээлэл дамжуулах үед нь хөндлөнгөөс өөрчлөх, серверийн ажиллагааг зогсоох гэх мэт.
Хакер системд шууд өөрчлөлт оруулахгүйгээр зөвхөн мэдээллийг нууцаар тагнах, цуглуулах үйлдэл хийдэг. Жишээ нь: Сүлжээний трафик хянах, нууц үг болон мэдээллийг нууцаар хуулж авах.
Байгууллагын дотоод ажилтан, гэрээт ажилчин болон эрх бүхий хүмүүсээс үүдэлтэй аюул. Тэд эрхээ урвуулан ашиглаж мэдээлэл хулгайлах, эсвэл хайхрамжгүй байдлаасаа болж санамсаргүйгээр аюул учруулахыг хэлнэ.
Сүлжээний аюулгүй байдлыг хангахын тулд дараах үндсэн зарчмуудыг баримтлах хэрэгтэй:
Defense in Depth (Олон давхаргат хамгаалалт): Ганц хамгаалалтын арга хангалтгүй бөгөөд системийг олон давхаргаар хамгаалах хэрэгтэй.
Least Privilege (Хамгийн бага эрх олгох зарчим): Хэрэглэгч болон программд зөвхөн тухайн үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хамгийн бага эрхийг л өгөх.
Separation of Duties (Үүрэг хариуцлагыг тусгаарлах): Чухал үйлдлийг нэг хүн бүрэн гүйцэтгэх бус, олон хүнд хуваарилах замаар хяналт тогтоох.
Security Awareness (Аюулгүй байдлын мэдлэг): Ажилтнууд болон хэрэглэгчдэд байнгын сургалт мэдээлэл өгөх.
Сүлжээний аюулгүй байдлыг хангах практик аргууд:
Firewall (Галт хана): Сүлжээний трафикийг хянаж, хортой холболтыг хаах.
IDS/IPS (Халдлага илрүүлэх болон урьдчилан сэргийлэх систем): Сүлжээн дэх сэжигтэй үйлдлийг илрүүлж, таслан зогсоох.
Antivirus / Anti-malware (Хортой програмын эсрэг хамгаалалт): Хортой программ хангамжийг илрүүлж, устгах.
Encryption (Шифрлэлт): Мэдээллийг нууцлан хамгаалж, эрхгүй этгээд унших боломжгүй болгох.
VPN (Виртуал хувийн сүлжээ): Интернэтэд холбогдохдоо аюулгүй найдвартай холболт үүсгэх.
Patch Management (Програм хангамжийн шинэчлэл): Систем болон програмын сул талуудыг цаг тухайд нь засварлаж шинэчлэх.
Backup (Нөөц хуулбар): Чухал мэдээллээ тогтмол нөөцөлж, эрсдэл үүссэн үед сэргээх боломжтой байх.
Сүлжээний аюулгүй байдал бол хувь хүн бүр болон аливаа байгууллагын анхаарах ёстой хамгийн чухал асуудлуудын нэг юм. Хакерууд хэрхэн ажилладаг, яагаад халддаг, мөн хэрхэн хамгаалах талаар мэдлэгтэй байх нь кибер ертөнцөд өөрийгөө хамгаалах хамгийн эхний бөгөөд чухал алхам юм. Энэхүү цуврал нийтлэлээр бид цаашид хакеруудын сэтгэлгээ, халдлагын төрлүүд болон хамгаалалтын дэвшилтэт аргуудыг илүү дэлгэрэнгүй үзэх болно.