
AI Agent гэж юу вэ? Таны өмнөөс ажилладаг AI-ийн эрин үе эхэлж байна

Ө. Ариунчимэг
Багш


Ө. Ариунчимэг
Багш
Заа энэ удаагийн нийтлэлээр AI Agent гэж юу болох хэрхэн ажилладаг талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авах болно. 😌
AI Agent (Хиймэл оюун ухааны агент) гэдэг нь зөвхөн асуултад хариулах эсвэл текст бичихээс цааш гарч, тодорхой зорилгын төлөө бие даан бодож, төлөвлөж, шийдвэр гаргаж, үйлдэл хийдэг хиймэл оюун ухааны систем юм. Хэрэв бидний сайн мэдэх ChatGPT болон бусад AI чатботуудыг "асуухад хариулдаг ухаалаг туслах" гэж үзвэл, AI Agent нь "даалгавар өгөхөд өөрөө хийгээд дуусгадаг ажилтан" юм.
Сүүлийн хэдэн жилд бид Хиймэл оюун ухаантай (AI) чаталж, шүлэг бичүүлж, асуултандаа хариулт авч гайхаширч байлаа. Гэвч энэ бол дөнгөж эхлэл байжээ. AI-ийн салбарт дараагийн том үсрэлт хэдийнэ эхэлсэн бөгөөд үүнийг AI Agent (Хиймэл оюун ухааны агент) хэмээн нэрлэж байна.

Үүнийг илүү хялбараар ойлгохын тулд хиймэл оюуны хөгжлийг харьцуулж үзэе:
Идэвхгүй AI (Generative AI): Та заавар (prompt) өгнө, тэр хариуд нь текст эсвэл зураг үүсгэнэ. Жишээ нь: "Маргааш болох уулзалтын хөтөлбөр бичээд өг."
Идэвхтэй AI Agent: Та зөвхөн зорилгоо хэлнэ. Тэр зорилгод хүрэхийн тулд хэд хэдэн алхам төлөвлөж, шаардлагатай аппликейшнуудыг ашиглан бие даан ажиллана. Жишээ нь: "Ирэх долоо хоногийн мягмар гарагт Хулантай уулзах уулзалт товлоод, хоёулангийнх нь цагт таарах цагийн хуваарийг Google Calendar-т оруулж, уулзалтын хөтөлбөрийг эмейлээр илгээчих."AI Agent нь зөвхөн яриад зогсохгүй, таны өмнөөс үйлдэл хийдэг.
AI Agent нь хүн шиг сэтгэн бодох 4 үндсэн бүтцээс бүрддэг:
Төлөвлөлт (Planning): Том зорилгыг жижиг, дараалсан алхмуудад хуваана.
Санах ой (Memory): Өнгөрсөн туршлага, таны сонголт, өмнөх яриаг санаж, түүндээ үндэслэн илүү ухаалаг шийдвэр гаргана.
Хэрэгсэл ашиглах (Tools): Зөвхөн текст бичихгүй; веб хөтөч ашиглах, мэдээлэл хайх, мэдээллийн бааз руу хандах, эмейл бичих, код ажиллуулах зэрэг гадны хэрэгслүүдийг удирдана.
Бие даасан байдал (Autonomy): Алдаа гарвал өөрөө залруулж, дараагийн алхмаа бие даан сонгоно.
Ирээдүйд хүн бүр өөрийн гэсэн дижитал туслахтай болно. Та "Ирэх амралтын өдрүүдээр гэр бүлээрээ аялах 3 өдрийн аялал төлөвлөөд, зочид буудал, нислэгийн билетийг харьцуулж, хамгийн боломжийн сонголтыг захиалгад бэлдэж өг" гэхэд л хангалттай. AI Agent хэдэн зуун веб сайтаар хэрээн, таны сонголтод тохирох шийдлийг олно.
Өмнө нь хэд хэдэн ажилтны хийдэг байсан нарийн төвөгтэй, олон шатлалт ажлуудыг AI Agent-ууд баг болон гүйцэтгэнэ:
Маркетингийн агент: Трендийг судалж, контент бэлтгэж, сошиал медиад автоматаар постолно.
Борлуулалтын агент: Ирсэн хүсэлтүүдийг ангилж, хэрэглэгч бүрт тохирсон имэйл илгээн, уулзалт товлоно.
Кодлогч агент: Программистын өгсөн даалгаврын дагуу кодын алдааг олж, шинэ боломжуудыг өөрөө бичиж туршина.

Ирээдүйд ганц AI Agent биш, олон AI Agent-ууд хамтран ажилладаг системүүд ноёрхоно. Жинхэнэ компани шиг нэг агент нь Маркетер, нөгөө нь Санхүүч, гурав дахь нь Менежерийн үүрэг гүйцэтгэж, хоорондоо мэдээлэл солилцон бизнесийн томоохон асуудлыг шийдвэрлэх юм.
Хиймэл оюун ухаан бидний ажлыг орлох уу гэдэг асуултаас илүү "AI Agent-ийг удирдаж чаддаг хүмүүс бусдыгаа орлох уу" гэдэг нь чухал болж байна.
Бид AI-аас асуулт асуудаг үеэс AI-д үүрэг даалгавар өгч, түүнийг "дижитал ажилтан" болгон ашигладаг цоо шинэ эрин үеийн босгон дээр ирээд байна. Харин та бэлэн үү?