
Таны AI яагаад "тэнэг" харагддаг вэ?

Ц.Анужин
Багш


Ц.Анужин
Багш
Энэ яриа та нарт танил санагдах байх:
Та: Маргааш надад хэдэн уулзалт байгаа вэ?
AI: Уучлаарай, би таны календарь руу хандах боломжгүй. Та уулзалтуудаа энд хуулж оруулбал...
Энэ AI хууль, матетматик гэх мэт төрөл бүрийн онолын шалгалт өгч, программыг тав ч байтугай хэл дээр бичиж чадах хэрнээ таны маргаашийн хуваарийг мэдэхгүй. Үүний асуудал нь хиймэл оюунд толгой нь байгаа ч хүссэнээрээ даалгавар хийх гар нь байхгүйд байгаа юм.
Энэ нийтлэлээр бид AI-г "гар"-тай болгож өгдөг технологи болох MCP-г эхнээс нь дуустал задлах болно. Энэ нь юу вэ, хэрхэн ажилладаг вэ, өөрөө яаж бичих вэ, мөн юунаас болгоомжлох вэ гэдгийг үзнэ.
Том хэлний загварууд (LLM) интернэтийн асар их текст дээр суралцсан. Гэхдээ тэдний мэдлэг эдгээр хязгаартай.
Хуучирдаг. Загвар сургагдсан өдрөөс хойшхи юуг ч мэдэхгүй. Өнөөдрийн ханш, өчигдрийн имэйл, өнөө өглөөний борлуулалт зэрэг нь орно.
Хувийн зүйлийг мэддэггүй. Таны компанийн өгөгдлийн сан, баримт бичиг, харилцагчдын жагсаалт хэзээ ч сургалтын өгөгдөлд ороогүй.
Хүмүүс үүнийг хоёр аргаар шийдэж ирсэн.
Copy + Paste. Хэрэглэгч мэдээллээ гараар хуулж AI руу оруулж өгнө. Энэ нь удаан, алдаатай байж болох эрсдэлтэй, бас нэлээдгүй залхуу ажил.
Тусгай холболт бичих. Хөгжүүлэгч AI app бүрийг систем бүртэй тусад нь холбоно. Ингэснээр 10 AI хэрэгслийг 20 системтэй холбоход 200 өөр холболт бичиж, засварлах шаардлага гарч ирнэ. Инженерүүд үүнийг N×M асуудал гэж нэрлэдэг.
Нэг жишээ татъя гэвэл хэдэн жилийн өмнө гэрт тань хэдэн төрлийн цэнэглэгч байсныг санаж байна уу? Nokia-ийнх нарийхан залгууртай, Samsung-ийнх өөр, iPhone-ийнх бүр өөр. Найзынхаа гэрт очоод утсаа цэнэглэх гэхэд таарах цэнэглэгч олдохгүй байх нь энгийн үзэгдэл байдаг байлаа. Өнөөдөр бараг бүх төхөөрөмж USB-C ашигладаг болсон. Нэг кабелиар утас, чихэвч, зөөврийн компьютераа бүгдийг нь цэнэглэнэ. MCP бол AI-ийн USB-C юм.

MCP (Model Context Protocol) бол AI програмуудыг гадаад систем, өгөгдөл, хэрэгсэлтэй холбох нээлттэй стандарт юм.
2024 оны 11-р сар: Anthropic нээлттэй эхээр танилцуулсан.
2025 он: OpenAI, Google, Microsoft зэрэг томоохон компаниуд өөрсдийн бүтээгдэхүүндээ дэмжлэг нэмсэн.
2025 оны 12-р сар: Linux Foundation-ий дэргэдэх Agentic AI Foundation-д шилжүүлсэн. Ингэснээр нэг компанийн биш, салбарын нийтийн стандарт болсон.
Гол санаа нь маш энгийн: систем бүр нэг л удаа MCP сервер бичнэ. MCP дэмждэг ямар ч AI түүнийг шууд ашиглаж чадна.
Host - Хэрэглэгчтэй харьцдаг AI програм. Жишээ нь: Claude, ChatGPT, VS Code, Cursor
Client - Host дотор амьдардаг, нэг сервертэй холбогддог хэсэг. Жишээ нь: Host бүр олон client-тэй байж болно
Server - Тодорхой систем рүү хаалга нээдэг жижиг програм. Жишээ нь: GitHub, Slack, PostgreSQL, файлын систем
Client, server хоёр хоорондоо хоёр аргаар харилцдаг.
stdio: Сервер таны компьютер дээр ажиллана. Host түүнийг дэд процесс болгон асааж, стандарт оролт/гаралтаар мессеж солилцоно. Хурдан, энгийн, дотоод хэрэгсэлд тохиромжтой.
Streamable HTTP: Сервер интернэтэд байрлана. Олон хэрэглэгч нэг серверт холбогдож болно. Ийм сервер ихэвчлэн OAuth-аар нэвтрэлт хийдэг.
Бүх мессеж JSON-RPC 2.0 форматаар явдаг. Энэ нь «ийм нэртэй функцийг ийм утгаар дууд» гэсэн энгийн JSON бичвэр юм.
MCP сервер AI-д гурван төрлийн зүйл санал болгодог. Үүнийг ялгаж ойлгох нь маш чухал.
Tools (хэрэгсэл): AI хийдэг зүйл
Үйлдэл гүйцэтгэнэ. Жишээ нь имэйл илгээх, өгөгдлийн сангаас хайх, тасалбар захиалах. AI өөрөө хэзээ дуудахаа шийддэг.
Resources (нөөц): AI уншдаг зүйл
Файл, хүснэгт, баримт бичиг гэх мэт мэдээлэл. Өөрчлөлт хийдэггүй, зөвхөн контекст өгдөг. Ихэвчлэн хэрэглэгч эсвэл програм сонгож өгдөг.
Prompts (заавар): бэлэн ажлын урсгал
"Кодын шалгалт хий", "долоо хоногийн тайлан бэлтгэ" гэх мэт урьдчилан бэлтгэсэн заавар. Хэрэглэгч цэснээс сонгож ажиллуулдаг.
Хэрэглэгч «Маргааш хэдэн уулзалттай вэ?» гэж асуухад дараах зүйлс болно.
Алхам 0. Танилцах (initialize). Host асахдаа сервер бүртэй гар барина. Хоёулаа протоколын хувилбар болон юу чаддагаа солилцоно.
Алхам 1. Юу чадах вэ? (tools/list) Client серверээс хэрэгслийн жагсаалт авна. Сервер хэрэгсэл бүрийн нэр, тайлбар, ямар параметр авдгийг буцаана.
Алхам 2. AI шийднэ. Загвар хэрэглэгчийн асуултыг уншаад "list_events хэрэгслийг маргаашийн огноогоор дуудах хэрэгтэй" гэж шийднэ.
Алхам 4. Хариулт. Сервер календараас өгөгдлөө авч буцаана. AI түүнийг уншаад хүний хэлээр хариулна:
Маргааш гурван уулзалттай. 10:00 цагт бүтээгдэхүүний баг, 14:00 цагт харилцагч, 16:30 цагт 1:1.
Энд нэг чухал зүйл бий. AI өөрөө календарь руу орохгүйгээр зөвхөн "энийг дуудмаар байна" гэж хэлдэг бөгөөд бодит үйлдлийг сервер гүйцэтгэдэг. Энэ нь хяналт, аюулгүй байдлын хувьд маш чухал зарчим.