

Passkey гэж юу вэ?
Passkey бол FIDO Alliance-ийн боловсруулсан FIDO2, WebAuthn стандартад тулгуурласан, нууц үгийг орлуулах зориулалттай нэвтрэх арга. Гол ялгаа нь юу вэ гэвэл уламжлалт хамгаалалтад нууц үг байсан бол Passkey-д ийм зүйл байхгүй. Хэрэглэгчийн төхөөрөмж дээр private key, серверт public key гэсэн хосолсон түлхүүр хадгалагддаг asymmetric cryptography гэж нэрлэдэг. Хэрэглэгч гар утсандаа хурууны хээ, царай таниулах юмуу PIN оруулаад л түгжигдсэн private key-гээ ашиглаж session-даа зориулсан гарын үсэг зурна, серверийн тал нь харин public key-гээрээ шалгачихна. Ямар ч нууц үг хэрэггүй тул хулгайлж авах зүйл байхгүй болно гэсэн үг.
Яагаад?
Нууц үгийн сул тал үнэндээ техникийн биш, харин хүний хувийн асуудал. Хүн ижил нууц үгээ хэдэн газраа ашигладаг, мартдаг, эсвэл залилагчид итгээд өгчихдөг. FIDO Alliance-ийн 2026 оны судалгаагаар passkey ашигласан нэвтрэлтийн 93 хувь нь амжилттай гардаг байхад, нууц үгээр нэвтрэх нь ердөө 63 хувьтай байгаа юм байна. Энэ бол зөвхөн аюулгүй байдлын биш энгийнээр хэрэглэгч илүү хурдан бас амжилттай нэвтэрч чадаж байгаа хэрэглээний асуудал ч гэсэн юм.
Нөгөө талаас AI орж ирснээр фишинг чанар мэдэгдэхүйц дээшилсэн. Microsoft-ын Threat Intelligence багийн тайлангаар AI ашигласан фишинг кампанит ажил 54 хувийн хэрэглэгчийг хуурч чадаж байхад, хуучин маягийн фишинг ердөө 12 орчим хувьтай байдаг гэнэ. Энэ л шалтгаанаас болоод SMS, дуут код гэх мэт аргууд аюултай болчихлоо гэж үзэж байна.
FIDO Alliance World Passkey Day-тэй холбож 2026 оны 4-р сард Sapio Research-ээр 11,000 хэрэглэгч, 1,400 байгууллагыг судалжээ.
Гарсан дүн нь:
дэлхийд одоо 5 тэрбум орчим passkey ашиглагдаж байгаа гэсэн тооцоо гарсан;
хэрэглэгчдийн 90 хувь passkey гэж юу байдгийг мэддэг болсон;
дөрөвний гурав нь дор хаяж нэг бүртгэлдээ идэвхжүүлчихсэн, байгууллагын тал орчим нь ажилтныхаа нэвтрэлтэд аль хэдийн нэвтрүүлчихсэн эсвэл нэвтрүүлж явж байгаа юм.
Тоо баримтуудаас харахад, passkey нь одоо туршилтын шат биш, харин байгууллагын систем дотор бодитоор орж ирж буй хэрэглээ болж байгаа нь харагдаж байна.
Microsoft-ын 2026 оны 9 сарын шийдвэр
Ойрын хугацаанд байгууллагуудад хамгийн шууд нөлөө үзүүлэх өөрчлөлт нь Microsoft Entra ID хийгдэж буй шинэчлэл. 2026 оны 9-р сарын 1-нээс эхлэн Entra ID-д passkey нь автоматаар үндсэн нэвтрэлтийн арга болно. Одоо SMS/дуут кодоор баталгаажуулж байгаа хэрэглэгчид дараагийн удаагийн нэвтрэлт дээрээ шууд passkey бүртгүүлэх сануулга авах юм байна.
Passkey руу шилжиж байгаа энэ хөдөлгөөн бодоод үзвэл зөвхөн "нэвтрэх дэлгэц өөрчлөгдлөө" гэсэн гадаад тал биш. Энэ бол байгууллагын мэдээллийн системийн identity, access management хэсэг бүхэлдээ өөр парадигм руу шилжиж байгаагийн нэг илрэл. ERP, банкны систем, сургуулийн систем, төрийн цахим үйлчилгээ гээд бараг бүх төрлийн байгууллагын систем цаашид ямар нэг байдлаар FIDO2-т суурилсан баталгаажуулалт руу дөхөх нь харагдаж байна.
Монголын хувьд ч гэсэн банк, цахим гарын үсэг, төрийн мэдээллийн сан, E-Mongolia зэрэг систем эцсийн эцэст ижилхэн identity infrastructure дээр тулгуурладаг учраас энэ чиг хандлагыг одооноос анзаарч, судалж эхлэх нь мэдээллийн системийн мэргэжилтэн болох хүн бүрт ач холбогдолтой байх болов уу.