Яагаад “Hello, World!” програмчлалын хамгийн алдартай өгүүлбэр болсон бэ?

Ц.Сүрэнжамц
Багш

Ц.Сүрэнжамц
Багш
Програмчлал сурч эхэлсэн бараг бүх хүн хамгийн анхны программаараа дэлгэц дээр “Hello, World!” буюу “Сайн уу, дэлхий!” гэсэн үг хэвлэж үзсэн байдаг. Энэ программ тоо бодохгүй, мэдээлэл хадгалахгүй, тоглоом ажиллуулахгүй. Ердөө хоёрхон үг дэлгэц дээр гаргана. Гэсэн ч “Hello, World!” нь компьютерын шинжлэх ухааны хамгийн алдартай уламжлалуудын нэг болжээ.
Энэхүү өгүүлбэрийг програмчлалын жишээ болгон ашигласан түүх 1970-аад оны эхэн үеэс эхэлдэг. Америкийн компьютерын шинжлэх ухааны эрдэмтэд болох Брайан Керниган, Деннис Ритчи нарын 1978 онд бичсэн “The C Programming Language” ном хэвлэгдсэнээр энэ жишээ дэлхий даяар тархжээ.
Тухайн номын эхний программ ингэж харагддаг.
#include <stdio.h>
int main() {
printf("hello, world\n");
return 0;
}
Тус ном нь их сургуулиудын уламжлалт сурах бичиг болсноор бараг л хүн болгон "hello, world" гэж "хэлд" ордог болсон байна.
Энэ кодыг ажиллуулахад компьютер ердөө “hello, world” гэж хэвлэнэ. Гэхдээ анхлан суралцагчийн хувьд энэ жижигхэн үр дүн маш том утгатай. Учир нь тэр өөрийн бичсэн командыг компьютероор амжилттай гүйцэтгүүлж, анхны программаа бүтээж байна гэсэн үг.
Тус программ амжилттай ажилсан гэдэг нь программ бүхэлдээ зөв ажиллаж байгааг баталдаг. Код бичих программ суусан эсэх, хөрвүүлэгч ажиллаж байгаа эсэх, тохиргоо зөв хийгдсэн эсэхийг энэ жижиг программаар шалгаж болно. Өөрөөр хэлбэл, “Hello, World!” дэлгэц дээр гарч ирвэл программчлалын орчин ашиглахад бэлэн болжээ гэсэн үг.
Гэхдээ яагаад заавал “Hello, World!” гэж?
Компьютер дэлхийтэй мэндчилж байгаа мэт сонсогддог учраас энэ өгүүлбэр энгийн атлаа сонирхолтой. Шинэ программ анх удаа ажиллахдаа өөрийгөө дэлхийд танилцуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. “Сайн уу, дэлхий! Би ажиллаж байна” гэсэн далд утгыг агуулж байгаа юм.
Хоёрхон үгтэй энэхүү программ өчүүхэн мэт боловч программист хүний урт аяллын эхлэл болдог. Өнөөдөр дэлгэц дээр “Hello, World!” хэвлүүлсэн хүн маргааш вебсайт, гар утасны аппликэйшн, хиймэл оюун ухаан, тоглоом эсвэл дэлхий даяар ашиглагдах систем бүтээж болох юм.
Тиймээс “Hello, World!” гэдэг нь зөвхөн дэлгэц дээр гарч буй бичвэр биш. Энэ бол компьютер хүний өгсөн командыг ойлгож, хариу өгсөн анхны мөч юм. Мөн шинэ программистын технологийн ертөнцтэй мэндчилж буй хамгийн анхны мэндчилгээ билээ.