
Веб сайт гэж юу вэ? Дугаар-2

М.Зоригт
Багш


М.Зоригт
Багш
Өмнөх нийтлэлээр бид вэб сайт гэж юу болох, browser болон URL-ийн талаар ярилцсан. Харин одоо нэг чухал асуулт гарч ирнэ: вэб сайт интернетэд хэрхэн “амьдардаг” вэ? Үүний цаана яг юу байдаг вэ? Энэ нийтлэлээр Домайн, Хостинг, Сервер гэсэн гурван үндсэн ойлголтыг тайлбарлах болно.
Домайн гэдэг нь интернет дэх вэб сайтын хаяг буюу нэр юм. Жишээлбэл: tee.education, google.com, facebook.com — эдгээр нь бүгд домайн нэр юм.
Хүн бүр тоон хаяг буюу IP хаяг цээжлэхэд хэцүү байдаг тул домайн нэр ашигладаг. Жишээ нь, Google-ийн IP хаяг 142.250.190.46 шиг харагдаж болно. Гэхдээ хэн ч энэ тоог тогтоодоггүй, харин google.com гэж бичдэг.
Үүнийг DNS (Domain Name System) буюу Домайн Нэрийн Систем гэдэг тогтолцоо зохицуулдаг. DNS нь утасны дэвтэртэй төстэй ажилладаг: нэрийг тоон хаяг руу хөрвүүлж өгдөг.
Жишээ нь, та браузер дээрээ tee.education гэж бичихэд:
Таны браузер DNS серверээс:
“Энэ домайны IP хаяг хэд вэ?” гэж асууна.
DNS сервер тухайн домайны IP хаягийг буцааж илгээнэ.
Браузер тэр IP хаяг руу хүсэлт (request) явуулна.
Сервер вэб сайтын файлуудыг буцаан илгээнэ.
Ингэснээр таны дэлгэц дээр вэб сайт ачаалагддаг.

Хостинг гэдэг таны вэб сайтын файлуудыг интернетэд байнга хүртээмжтэй байлгах үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, хостинг бол таны вэб сайтын "байрлах орон зай" юм.
Жишээ хэлбэл: Та номоо хэвлээд, түүнийг хаана нэг тавиураа тавьдаг шиг — таны вэб сайтын файлууд (HTML, CSS, зураг, видео гэх мэт) хостинг серверт хадгалагдаж, хэн ч дурын цагт нэвтрэх боломжтой болдог.
Хостинг ямар үүрэгтэй вэ?
— Таны вэб сайтын бүх файлуудыг хадгалдаг
— Хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авч, зохих файлуудыг буцааж илгээдэг
— Сайтыг 24/7 ажиллуулж байдаг
Хостингийн үндсэн төрлүүд:
Хуваалцсан хостинг (Shared Hosting) — нэг сервер дээр олон вэб сайт байрлана. Хямд үнэтэй, жижиг сайтуудад тохиромжтой.
2. VPS хостинг — хуваалцсан боловч тусдаа виртуал орон зайтай. Илүү найдвартай, дунд зэргийн сайтуудад зориулагдсан.
3. Тусдаа сервер (Dedicated Server) — бүхэл сервер зөвхөн таны сайтад зориулагдана. Үнэтэй, том сайтуудад хэрэглэгддэг.
Сервер гэдэг цахим сүлжээгээр дамжуулан бусад компьютеруудад мэдээлэл өгдөг хүчирхэг компьютер юм. Хостингийн үйлчилгээ нь яг энэ серверийн дээр ажилладаг.
Хостинг ба серверийн ялгааг ойлгоход хялбарчилбал:
— Сервер = физик компьютер (эсвэл виртуал машин)
— Хостинг = тэр серверийн орон зайг түрээслэх үйлчилгээ
Өөрөөр хэлбэл: Та сервер худалдаж авалгүй, хостинг компанийн серверт орон зай түрээслэх боломжтой.
Серверийн үндсэн үүрэг:
Хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авах (Request)
2. Тухайн хүсэлтэд зохих хариу боловсруулах
3. HTML, CSS, зураг болон бусад файлуудыг буцааж илгээх (Response)
4. Олон хэрэглэгчийн хүсэлтийг нэгэн зэрэг боловсруулах
Серверийн жишээнүүд:
— Apache — дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг вэб сервер
— Nginx — хурдан, хөнгөн, өндөр ачааллын үед маш сайн ажилладаг
— Cloudflare — сервер хамгаалалт болон хурдасгалтын үйлчилгээ
Сервер нь 24 цаг, 7 хоног тасралтгүй ажиллах шаардлагатай байдаг. Учир нь дэлхийн өнцөг булан бүрээс хэрэглэгчид хэдийд ч таны сайтад орох боломжтой байх ёстой.
Энэ нийтлэлд бид вэб сайт интернетэд хэрхэн "амьдардаг" талаарх гурван үндсэн ойлголтыг судаллаа:
Домайн — таны сайтын нэр (хүн уншдаг хаяг)
Хостинг — таны файлуудыг хадгалах интернэтийн орон зай
Сервер — файлуудыг хадгалж, хүсэлтэд хариу өгдөг хүчирхэг компьютер
Эдгээр гурав нь хамтдаа ажилладаг: та домайн нэрийг хаягийн мөрт бичихэд — DNS домайнийг IP хаяг болгон хөрвүүлж, хостинг серверт холбогдож, сервер таны хүсэлтэд зохих файлуудыг буцаадаг.
Энэ нийтлэлтэй холбоотой нэмэлт материалуудыг доорх холбоосуудаас үзнэ үү: