
21-р зуунд эх орныхоо хилийг манахуй

Ц.Сүрэнжамц
Багш


Ц.Сүрэнжамц
Багш
Өмнөх зуунд их гүрний хажууд жижиг улс оршин тогтнох нь бараг л боломжгүй зүйл байв. Өнөө үед энэ жишгийг Тайвань эвдэж байна. БНХАУ Тайванийг хэзээ л бол хэзээ зэвсэгээр эзэлж болох ч Тайвань нь дэлхийн 80 хувиас илүү хагас дамжуулагчыг үйлдвэрлэдэг тул одоог хүртэл давшилж зүрхлэхгүй л байна. Гэхдээ Тайванийн жишээ бидэнд нэг чухал зүйлийг ойлгуулж байна. Орчин үеийн хил хамгаалалт зөвхөн танк, буу, цэрэг, хашаа төдий зүйл биш болжээ. Улс орны жинхэнэ хамгаалалт нь дэлхийд зайлшгүй хэрэгтэй болох чадвар, технологи, үйлдвэрлэл, мэдлэг дээр тогтож байна. Тайвань газар нутгийн хэмжээгээр том биш ч дэлхийн технологийн нийлүүлэлтийн сүлжээнд орлуулшгүй байр суурь эзэлсэн учраас түүний аюулгүй байдал зөвхөн өөрийнх нь асуудал биш, олон улсын эдийн засаг, технологийн тогтвортой байдлын асуудал болсон. Ялангуяа Тайвань дэлхийн foundry revenue-ийн 60 гаруй хувь, leading-edge chip manufacturing-ийн 90 гаруй хувийг эзэлдэг гэж АНУ-ын Олон улсын худалдааны захиргааны тайланд дурдсан байдаг.
Монгол Улсын хувьд Тайвань шиг хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шууд дэлхийд тэргүүлэх нь ойрын хугацаанд амаргүй. Учир нь ийм үйлдвэрлэлд асар их хөрөнгө, нарийн технологи, олон жилийн инженерийн хуримтлал, тогтвортой цахилгаан эрчим хүч, өндөр түвшний судалгааны орчин шаардлагатай. Гэсэн хэдий ч бидэнд боломж огт байхгүй гэсэн үг биш. Монгол Улс байгалийн баялаг, газар зүйн байрлал, залуу хүний нөөц, сэргээгдэх эрчим хүчний нөөц, дата төв байгуулах боломж, программ хангамжийн салбар, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр өөрийн гэсэн “стратегийн үнэ цэн”-ийг бүтээж чадна. Өөрөөр хэлбэл бид заавал Тайванийг хуулбарлах биш, харин Монголын нөхцөлд тохирсон технологийн дархлааг бий болгох ёстой.
Хагас дамжуулагч гэдэг нь цахилгааныг зарим нөхцөлд дамжуулж, зарим нөхцөлд тусгаарлаж чаддаг онцгой материал юм. Өөрөөр хэлбэл зэс, төмөр шиг цахилгааныг бүрэн дамжуулагч ч биш, хуванцар, шил шиг бүрэн тусгаарлагч ч биш дундаж шинжтэй бодисыг хагас дамжуулагч гэнэ. Ихэвчлэн цахиур гэх материалыг ашиглан хагас дамжуулагч буюу чип үйлдвэрлэдэг бөгөөд энэ чип нь гар утас, компьютер, автомашин, хиймэл оюун ухаан, сансрын төхөөрөмж, зэвсгийн систем зэрэг орчин үеийн бараг бүх технологийн “тархи” болж ажилладаг. Тиймээс хагас дамжуулагч нь жижигхэн эд анги мэт харагдавч улс орны эдийн засаг, аюулгүй байдал, технологийн хөгжилд асар их нөлөөтэй стратегийн бүтээгдэхүүн юм. Компьютерийн бүх логик “асаах/унтраах” буюу 1 ба 0 гэсэн хоёр төлөв дээр ажилладаг. Хэрвээ материал цахилгааныг үргэлж дамжуулаад байвал төхөөрөмж байнга “асаалттай” байна, харин огт дамжуулахгүй бол ямар ч мэдээлэл боловсруулж чадахгүй. Харин хагас дамжуулагч нь цахилгааны урсгалыг хэрэгтэй үед нь нээж, хэрэггүй үед нь хааж чаддаг учраас мэдээллийг хадгалах, тооцоолох, дамжуулах боломж бий болгодог. Жишээлбэл, чип доторх транзистор гэдэг маш жижиг “цахилгаан унтраалга” нь цахилгаан гүйвэл 1, гүйхгүй бол 0 гэж ойлгогдоно. Ийм олон тэрбум жижиг унтраалга хамт ажилласнаар гар утас зураг авах, компьютер програм ажиллуулах, хиймэл оюун бодож тооцоолох зэрэг бүх үйлдэл боломжтой болдог.
Тиймээс 21-р зуунд эх орныхоо хилийг манах гэдэг нь зөвхөн хил дээр буу барин зогсохоос гадна дэлхийд хэрэгтэй мэдлэг бүтээх, стратегийн салбараа хөгжүүлэх, технологийн хувьд бусдаас бүрэн хараат бус болох тэмцэл юм. Хэрвээ Монгол Улс өөрийн гэсэн чухал технологи, эрчим хүчний шийдэл, дата дэд бүтэц, программ хангамж, хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн, эсвэл бүс нутагт орлуулшгүй үйлчилгээтэй болж чадвал бидний тусгаар тогтнол зөвхөн цэргийн хүчээр бус, эдийн засаг, мэдлэг, технологийн үнэ цэнээр хамгаалагдана. Иймээс бидний үеийнхний эх оронч үзэл нь зөвхөн газар нутгаа хайрлах сэтгэлээр хэмжигдэхгүй, харин эх орноо дэлхийд хэрэгтэй улс болгох чадвараар хэмжигдэх цаг иржээ.