
Deepfake гэж юу вэ?

О.Номин-Эрдэнэ
Багш


О.Номин-Эрдэнэ
Багш
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны хөгжил маш хурдацтай явж байна. Үүнтэй холбоотойгоор “deepfake” гэж нэрлэгдэх шинэ төрлийн контент гарч ирсэн нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. Энэ нь нэг талаас сонирхолтой технологи боловч нөгөө талаас нийгэмд тодорхой эрсдэл дагуулж байна. Тиймээс бид “харж буй зүйлдээ үнэхээр итгэж болох уу?” гэсэн асуултыг илүү нухацтай бодох хэрэгтэй болжээ.

Deepfake гэдэг нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн хуурамч зураг, бичлэг юм. Эдгээр нь бодит мэт харагддаг ч үнэндээ огт болоогүй үйл явдлыг харуулж чаддаг. Үүний цаана “deep learning” буюу гүн сургалтын арга ашиглагддаг бөгөөд компьютер олон тооны бодит зураг, бичлэг дээр суралцсаны үндсэн дээр шинэ, хиймэл контент үүсгэдэг.
Энгийнээр ойлговол, энэ нь хүн юм сурч байгаа үйл явцтай төстэй.
Жишээ нь: бага насны хүүхэд орчноо ажиглаж, туршиж үзсээр юуг идэж болох, юуг болохгүйг ойлгодог. Үүнтэй адил компьютер ч олон жишээнээс суралцаад дараа нь бодит мэт харагдах хуурамч зураг, бичлэг бүтээж чаддаг болдог.
Deepfake-ийг үүсгэхдээ ихэвчлэн хоёр төрлийн алгоритм ашигладаг. Нэг нь аль болох бодит мэт хуурамч контент бүтээхийг оролддог бол нөгөө нь тэр контент хуурамч эсэхийг илрүүлэхийг оролддог. Энэ хоёр хоорондоо өрсөлдөн сайжирсаар эцэст нь маш өндөр чанартай, хүний нүд ялгаж чадахааргүй хуурамч бичлэг бий болдог.


Өмнө нь хүмүүс Photoshop ашиглан зураг засах, эсвэл нүүр солих апп ашиглан хөгжилтэй зураг хийх нь түгээмэл байсан. Гэхдээ ийм төрлийн зурагнууд ихэвчлэн хуурамч гэдэг нь шууд ойлгогддог байсан. Харин deepfake-ийн хувьд ялгах нь маш хэцүү байдаг нь түүнийг илүү аюултай болгодог.
Өнөө үед хүмүүсийн ихэнх нь мэдээллээ интернэтээс авдаг болсон. Энэ нөхцөлд deepfake ашиглан худал мэдээлэл тараах нь амархан болж байна.
Жишээлбэл, хэн нэгэн хүний дүрийг ашиглан мөнгө гуйсан бичлэг хийх, эсвэл нэр хүндтэй хүнийг худал мэдэгдэл хийж байгаа мэтээр харуулах боломжтой. Ийм төрлийн контент нь хүмүүсийг төөрөгдүүлж, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Одоогоор deepfake нь тийм ч өргөн тархаагүй байгаа ч цаашид илүү хөгжиж, илүү бодит болох нь тодорхой. Тиймээс бид аливаа зураг, бичлэгийг шууд үнэн гэж хүлээж авахгүй, эх сурвалжийг нь шалгаж хэвших шаардлагатай. Ялангуяа мөнгө, хувийн мэдээлэлтэй холбоотой зүйлс дээр илүү болгоомжтой байх хэрэгтэй.
Сонирхолтой нь, deepfake-ийг илрүүлэхэд мөн хиймэл оюун ухаан өөрөө ашиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, асуудлыг үүсгэсэн технологи нь өөрөө шийдлийн нэг хэсэг болж байна гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд, deepfake нь технологийн дэвшлийн нэг жишээ боловч түүнийг хэрхэн ашиглах нь хамгийн чухал асуудал юм. Иймээс бид мэдээллийг шүүмжлэлтэйгээр хүлээн авч, үнэн худлыг ялгаж сурах нь улам бүр чухал болж байна.