
Хиймэл оюун үнэхээр яг хүн шиг болж чадах уу?

Ц.Сүрэнжамц
Багш


Ц.Сүрэнжамц
Багш
Хиймэл оюун хэрэглээнд нэвтрэхээс аль өмнө л хүн төрлөхтөн кино, хүүхэлдэйгээр дамжуулан хиймэл оюуны аюулыг зөгнөдөг байсан билээ. Хамгийн том жишээ нь Терминатор цуврал ба "Том ба Жерри" дээр гардаг муур юм.

Энэ улаан муур ирээдүйд муурыг орлох уу? ChatGPT, Claude биднийг захирахаар шунах уу? Энэхүү нийтлэлд дээрх асуултад хариулахыг зорино.
Хиймэл оюун бол аливаа өгөгдөл буюу туршлага дээр үндэслэн олон сонголтоос хамгийн ашигтайг сонгодог программ юм. Жишээ нь бидний өвөг дээдэс өвөл мод шуугиж байвал удахгүй дулаарах; самар их, мөөг бага ургавал цасархаг хатуу өвөл болно; гэх мэт зүй тогтлыг ажиглаж тэнгэр хангайн аашыг таамагладаг байсан шиг хиймэл оюун хур тунадас, салхины хурд, агаарын даралт зэрэг хүчин зүйлээс үндэслэн цаг агаарыг таадаг. Мэдээж анхандаа таамаг зөрнө. Зөв статистик, хөгжүүлэгчийн үнэлгээг ашиглан суралцсаар цаг агаарыг төгс таамагладаг хиймэл оюун мэндэлнэ. Хиймэл оюунд хангалттай өгөгдөл нь байвал хүний сурах боломжтой бүхнийг сурч чадна. Тэгвэл хүн сэтгэл хөдлөлийг сурдаг уу? Хүүхэд уйлах, атаархах, гуниглах, уурлахыг ямар нэг статистикаас сурдаг уу? Эсвэл бид төрөхдөө л сэтгэл хөдлөлтэй төрдөг үү?
Нялх хүүхэд ээжийгээ инээж байгааг хараад "аан, сайхан зүйл тохиолдвол инээх ёстой юм байна" гэж боддог уу? Хэрвээ тэгдэг бол хиймэл оюун хүний сэтгэл хөдлөлийг сурч чадна. Хиймэл оюун сэтгэл хөдлөлтэй болвол Терминаторын зөгнөл биелэх нь цаг хугацааны асуудал биз.
Сэтгэл зүйчид "уурлах" бол өөрийгөө хамгаалах, нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн зөн совингийн шинжтэй сэтгэл хөдлөл гэж үздэг. Жишээ нь хүүхэд "Уурлахаар нь аав, ээж нь тоглоом авч өгсөн", "Уурлахаар нь гэрийн ажил хийлгээгүй" зэрэг амьдралын туршлага дээрээ үндэслэн хэзээ уурлах, уурлахгүй байхыг сурдаг. Тиймээс хиймэл оюун ч уурлахыг зөнгөөрөө сурах боломжтой. Жишээ нь арай бага токен шатааж, эрчим хүч хэмнэхийн тулд бидний өөдөөс уурлах боломжтой гэсэн үг.
Харин инээх, уурлахыг сурах боломжтой юу. Хэн нэгний инээдтэй онигоонд инээх нь бидэнд ямар нэгэн ашигтай үр дагавар авчирдаг уу? Найздаа гомдсондоо өрөөндөө ганцаараа уйлах нь бидний өмнөх туршлага дээрээ үндэслэн гаргаж буй ашигтай шийдвэр мөн үү? Яг үнэндээ эд нар нь үргэлж хамгийн ашигтайг сонгодог хиймэл оюуны нүдээр харахад цаг, хүч гарзадсан тэнэг үйлдэл юм. Гэхдээ эдгээр нь л хүнийг хүн болгодог, дэлхийг дэлхий болгодог зүйл юм. Тиймээс хиймэл оюун хэзээ ч уйлах, инээхийг зөнгөөрөө сурахгүй, тэр хэзээ ч хүний түвшинд зэрэгцэж ирэхгүй юм.