“Сайн хөвчөө бэлдвэл сум харваанд онож, сайн ухаанаа бэлдвэл ажил үйлс бүтнэ” гэх Монгол ардын зүйр үг нь аливаа ажлыг эхлэхээс өмнө шаардлагатай бэлтгэл, нөхцөлийг бүрэн хангаж, сууриа зөв тавих нь амжилтын түлхүүр гэдгийг бидэнд эрт дээр үеэс л сануулсаар ирсэн билээ.
Өмнөх нийтлэлээр бид competitive programming-д тохиромжтой IDE-ийн талаар танилцуулсан бол энэ удаад competitive programming-ийг хаанаас хэрхэн эхлүүлэх, юуг анхаарвал зохистой талаар өгүүлэх болно.

Аливаа амжилтад хүрэх маш олон арга зам байдаг билээ. Хэрвээ та хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол энэхүү зөвлөгөөнүүдийг уншаад үзээрэй.
Эхлэхээсээ Өмнө Анхаарах Зүйлс
Competitive programming бол асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлж, алгоритм болон өгөгдлийн бүтцийн мэдлэгийг бататган, логик сэтгэлгээг сорьдог онцгой орон зай юм. Гэхдээ эхлэхийн өмнө дараах зүйлсийг анхаараарай:
Суралцах Хүсэл ба Тэвчээр
Нэгэнт л эхлэхээр шийдсэн бол цаашид тасралтгүй суралцах шаардлагатай. Тиймээс зовж биш дурлаж, чин хүсэл эрмэлзлээр суралцах нь хамгийн чухал түлхүүр юм. Эхэндээ бодлогууд хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ тууштай байж, алдаан дээрээсээ суралцсанаар үр дүнд хүрэх нь дамжиггүй.
Томас Эдисон “Би бүтэлгүйтээгүй, харин 10,000 туршилтаас суралцсан” хэмээн хэлсэнчлэн шаргуу хөдөлмөрлөх, олон удаагийн бүтэлгүйтлийг давах сэтгэл зүйтэй байх нь чухал.

Алгоритм ба Өгөгдлийн Бүтцийн Суурь
Competitive programming-ийн үндэс суурь нь алгоритм болон өгөгдлийн бүтэц юм. Эдгээрийг ойлгож, эзэмшихгүйгээр амжилттай оролцох боломжгүй. Жишээлбэл, “Sorting”, “Searching”, “Dynamic Programming”, “Greedy Algorithms”, “Graph Theory” зэрэг сэдвийг судалж эхлээрэй.
Програмчлалын Хэл Сонгох
Competitive programming-д ихэвчлэн C++, Python, эсвэл Java зэрэг програмчлалын хэлнүүдийг ашигладаг. Үүнээс C++ нь хурд болон стандарт сангуудаараа илүү тохиромжтой байдаг бол Python хялбар бичигддэг онцлогтой. Энэ талаар бид “Competitive programming -д тохиромжтой хэлийг хэрхэн сонгох вэ ?” нийтлэлээр оруулж байсан билээ.
Өдөр Тутмын Дадал
Алгоритмын бодлого бодох дадал зуршлыг бий болгох нь таныг ур чадварын хувьд хурдан өсгөнө. Долоо хоног бүр ахиц гаргахын тулд онлайн платформуудаас (Codeforces, LeetCode, HackerRank) бодлого бодож, оролцохыг хичээгээрэй. Ямар платформоос эхлэхээ сайн мэдэхгүй байвал Platforms for competitive programming. энэхүү нийтлэлийг дахин нэг хараарай.

Competitive programming нь зөвхөн уралдаанд амжилт гаргахын төлөө бус, харин сэтгэн бодох чадвар болон програмчлалын ур чадварыг хөгжүүлэх зам мөр билээ. Амжилттай оролцохын тулд алхам бүртээ хичээл зүтгэлтэй байж, өөрийгөө сорьж байгаарай.
Ирэх нийтлэлд бид анхан шатны суралцагчдад зориулан competitive programming -д бэлдэх явцын талаар дэлгэрэнгүй оруулах болно.