Хүн ба төхөөрөмж (компьютер)-ийн харилцааг илүү хялбар болгох зорилгоор хүний дуу хоолойг боловсруулах технологи сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Тэдгээрийн дотроос Speech Recognition болон Voice Recognition технологиуд нь дуу хоолой боловсруулах системүүдийн үндсэн суурийг бүрдүүлдэг чухал технологиудын нэг юм. Эдгээр технологиуд нь хоёулаа дуу хоолойг боловсруулахад ашиглагддаг хэдий ч зорилго, үйл ажиллагааны хувьд тодорхой ялгаатай байдаг.

Speech recognition
Speech Recognition буюу яриа таних технологи нь хүний хэлсэн үгийг таньж, түүнийг бичвэр (text) эсвэл заавар (command) болгон хөрвүүлэх технологи юм. Өөрөөр хэлбэл, энэ систем нь хэрэглэгч юу хэлж байгаад гол анхаарлаа хандуулдаг. Яриа таних систем нь хэлний бүтэц, үгсийн сан, өгүүлбэрийн загвар зэрэг хэл шинжлэлийн өгөгдөлд тулгуурлан ярианы агуулгыг таньж боловсруулдаг.
Энэхүү технологийн жишээнд ухаалаг гар утасны дуу хоолойгоор шивэх систем, виртуал туслахууд (жишээлбэл: Siri, Google Assistant), мөн автомат дуудлагын төвийн (IVR) системүүд орно. Эдгээр систем нь хэрэглэгчийн хэлсэн үгийг таньж, текст болгон хувиргах эсвэл тодорхой үйлдэл гүйцэтгэх боломжийг олгодог.
Voice recognition
Voice Recognition буюу дуу хоолой таних технологи нь хүний дуу хоолойн онцлог шинжүүд (жишээлбэл: дууны өнгө, давтамж, яригчийн аялга гэх мэт)-ийг ашиглан тухайн хүнийг таних технологи юм. Энэ технологи нь хэн ярьж байгааг тодорхойлоход чиглэдэг. Өөрөөр хэлбэл, voice recognition систем нь дууны биометрийн онцлог шинжүүдийг шинжилж, тухайн яригчийг тодорхойлох зорилготой ажилладаг.
Энэхүү технологийн хэрэглээний жишээнд дуу хоолойгоор төхөөрөмжийн түгжээг тайлах, банкны үйлчилгээнд дуу хоолойгоор баталгаажуулалт хийх, мөн ухаалаг төхөөрөмжүүд хэрэглэгчийг таних функцууд багтдаг.
Дүгнэлт
Speech recognition технологи нь хүний хэлж буй үгийг ойлгоход чиглэдэг бол voice recognition технологи нь яригчийг дуу хоолойн онцлог шинжээр нь танихад чиглэдэг. Иймээс эдгээр технологиудыг зөв хослуулснаар хүн ба төхөөрөмж (компьютер)-ийн харилцааг илүү хялбар, үр ашигтай болгох боломж бүрддэг.